m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.06 08:32
295
Малчны хотноос хос морьтой холыг зорьсон Д.Ганхуяг

Малчны хотноос амьдралынхаа гарааг эхэлж амжилтад хүрсэн монгол хүн цөөнгүй. Үүнийг баталсан жишээ цөөнгүй. “Bridge”группийг үүсгэн байгуулагч тэдний тод жишээ. Даваажавын Ганхуяг хэмээх хүний туулсан зам их сонин юм билээ.

Малчны хотноос монгол хүн хаана ч хүрч дөнгөнө. Үүнийг баталсан жишээ цөөнгүй. “Bridge”группийг үүсгэн байгуулагч тэдний тод жишээ

Социалист нийгмийн үед арлын Японд боловсрол эзэмшинэ гэдэг барагтай бол олдохгүй боломж. Харин “Говь” комбинатын менежерээр боловсон хүчин бэлтгэхийн тулд “арга буюу” БНМАУ-аас милитарлист Япон руу илгээсэн хэдхэн хүний тоонд багтах аз түүнд тохиосон. Д.Ганхуяг 1963 оны арванхоёрдугаар сарын 14-нд Архангай аймгийн Цахир сумын нутагт нэрт малчин Даваажавын гурав дахь хүү болон мэндэлжээ. Багаасаа мал дагаж өссөн энэ хүү 1-10 дугаар ангидаа сургуулийн дотуур байранд амьдарсан нь амьдралын том сургууль, ирээдүйд бие даахын бэлтгэл байсан гэлтэй. Хөдөөний малчин хүү улсынхаа нийслэлийг анх удаа нүдээр хараад удсан ч үгүй арлын орныг зорьсон нь нэг ёсондоо жинхэнэ үсрэлт байлаа.

Ажлын газраас нь дэмжээгүйгээр барахгүй хориглосон учраас гарахаас өөр зам үлдсэнгүй. Д.Ганхуяг гэдэг хүн “ногтгүй” болж хувирлаа

Түүний монгол хүний гүндүүгүй, цайлган зан эвдрэх цаг хугацаа ч олдолгүйгээр хуулийг яг таг баримталдаг, зарчимч ертөнцөд орсон нь “хос морь”-той болохын эхлэл байжээ.

Япондоо амжилттай суралцаж ирээд “Говь” комбинатдаа гурван жил ажиллаж амжаагүй байтал Социалист нийгэм задарч, дээр дооргүй хувийн хэвшил байгуулж, хөл толгой нь мэдэгдэхээ болилоо. Дөрөвдүгээр цахилгаан станцын ажилд япончуудын оролцоо гарч, орчуулга хийх хүн ховорхон байснаас энэ ажилд нэг хэсэг шогшив. Харин ажлын газраас нь энэ шийдвэрийг дэмжээгүйгээр барахгүй хориглосон учраас гарахаас өөр зам үлдсэнгүй. Ийнхүү Д.Ганхуяг гэдэг хүн “ногтгүй” болж хувирлаа. Цуг Японд сурч байсан нөхөдтэйгөө нийлж ашиг ихтэй орчуулгын ажил хийж байгаад “Бридж” группийг байгуулсан түүхтэй.

Гэвч та өнөөгийн том хаант улс гэж бүү бодоорой. “Бридж”-ийн эхлэл өрөөсөн хөл нь хугархай шар ширээг хүний байранд тавьснаар эхэлж байж. Энэ нь нэг ёсондоо орчуулгын товчоо байв. Нэгдсэн зохион байгуулалтанд орсноор үнэ ханшаа ч өсгөж амжив. Ийнхүү хоёр орны хооронд тавьсан нарийхан гарамаа жинхэнэ том, эвдэршгүй том гүүр болгохоор зорьж ажиллажээ. Анхандаа зөвхөн орчуулгаар дагнан ажиллаж байснаа сүүлдээ ирсэн хүмүүсийг унаа, байраар хангадаг болж, иж бүрэн зуучлалын ажил эрхлэх болсон аж. Гол дээгүүр дамнуулж унагасан ганц ширхэг шургааг модыг орчин үеийн бетонон гүүрээр солиход хөдөлмөр хийгээд хичээл зүтгэл, тэвчээр хатуужил хэр их зарцуулсан нь ойлгомжтой.

Хувийн амьдралаа хэнээс ч илүү аваад явчихдаг “Бридж Ганхуяг” улсад ч бас данстай болж амжсан. УИХ-ын гишүүн, сайд гээд улстөрчийнхөө хувьд ч чамгүй урт замыг туулж, олонд сайн муугаар хэлэгдэж яваа. Ийнхүү малчны хотоос арлын оронд суралцаж, алсдаа тэр орноо эх Монголтойгоо тун ч амжилттай холбож чадсан энэ хүний гол баримталдаг зарчим бол “Хуулийн дагуу явах нь хамгийн том өрсөлдөх чадвар”. Энэ ч зарчмаа баримталсаар өдий хүрсэн болохоор өөртөө ч, өрөөлд ч “зөв явах”-ыг сургадаг.

Хувийн амьдралаа хэнээс ч илүү аваад явчихдаг “Бридж Ганхуяг” улсад ч бас данстай болж амжсан