m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.09 06:50
521
Эрдэмтэн В.Е.Писаревийн Монголд явуулсан хавсарга ургамал судлал ба сонгон үржүүлгийн судалгаа

1922 онд тухайн үеийн Орос улсын Петроград [одоогийн Санкт-Петербург] хот дахь Туршлагын агрономын Улсын институтын эрдэмтэн мэргэжилтэн В.Е.Писарев, хавсарга ургамал судлал ба сонгон үржүүлгийн хэлтсийн лаборант В.П.Кузьмин нар Монгол улсад  шинжилгээний анги явуулжээ. Уг шинжилгээний анги нь Туркестан, Ар Кавказ, Иран болон Памирт явуулсан өмнөх шинжилгээний ангиудын үргэлжлэл байсан юм. Шинжилгээний анги Монголыг судалгааны объектоо болгон сонгож авсан учир нь ургамлын сонгон үржүүлгийн талаар Дорнод Сибирьт явуулсан судалгааны дүнд Европын Оросод хамаарах зарим бүс нутагт тархсан төрлүүдээс (шар будаа, вандуй, зусах, улаан буудай) эрс ялгагдах амуу тарианы хэлбэр илэрсэн нь Дорнод Сибирийн үндсэн амуу тариа нь европоос гаралтай бус харин оросууд Сибирийг эзэмших үед нэгэнт байсан ба өмнө нь аль нэг өөр төвөөс ирсэн гэсэн дүгнэлт хийх бололцоотой байж. Түүхийн мэдээ баримтаар оросууд Сибирьт ирэхэд уугуул нутгийн газар тариалантай учирчээ.

 

Энд нэгэн цагт дугуй толгойтон (арьстан) амьдарч байсан бөгөөд эрдэмтдийн таамаглалаар Хуанхейн дээд биеэс гаралтай тэд өөрийн төвөөс тариалангийн ургамлыг Сибирьт авчирсан гэдгийг Баруун Сибирьт археологийн хийсэн шинжилгээ харуулж байв. Монгол нутаг энэ утгаараа Енисей муж, Дорнод Сибирьтэй нягт холбоотой, Монголын баруун хойт нутагт, Увс нуурын бүсэд эртний газар тариалан байсан гэсэн мэдээ баримт байдаг. Монгол хэдийгээр газар тариалангийн орон биш боловч түүхэн тодорхой үед зарим бүс нутагт газар тариалан эрхэлж байжээ. Сортын хувьд Азийн Тяньшантай, аж ахуйн хувьд дотоод Хятадтай холбоотой байсан Монгол орон нь газар тариалангийн түүхэнд ихээхэн сонирхол татаж болохыг баримт харуулж байжээ.

Шинжилгээний анги нь 1921 оны 5 дугаар сард явахаар төлөвлөж байсан ч Монгол дахь дайн байлдааны улмаас 1921 оны эцэс хүртэл аялалаа хойшлуулав. В.Е.Писарев, В.П.Кузьмин нар Монголд нэвтрэх таатай нөхцлийг хүлээн Сибирьт нилээд удсан бөгөөд зөвхөн 4 дүгээр сарын эхээр Өргөөд[Нийслэл хүрээ] хүрчээ. Мөн тэнд уналга, хөсөг бүрдүүлэх, мөнгө солиулах болон бусад бэлтгэл ажил хийн сар хагас болсны эцэст шинжилгээний анги (5 дугаар сарын эцэст) Өргөө орчмын бүс нутгийг судлах ажилд орсон юм.

 

Шинжилгээний анги Хиагт, Өргөө, Хараа, Орхон, Сэлэнгэ, Заяын шавь, Ламын гэгээн, Таацын гол, Байдраг, Улиастай, Засагт хан, Бэгэр нуур, Хаяа, Ховд, Улаангом, Арван-баяд, Хөвсгөл нуур, Эрхүү гэсэн маршрутаар аялж Монголын нутагт 5.000 бээр замыг туулан 1922 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилжээ.

Шинжилгээний анги Монгол Улсын бүх газар тариаланг судалж амжжээ. Тухайн үеийн Монголд орос, хятад ба монголын өөрийнх нь нүүдлийн аж ахуйн хүрээний газар тариалан гэсэн гурван төрөл байгааг олж тогтоожээ.

Тэдгээрээс оросын газар тариалан сортын хувьд ч тариалан эрхлэх арга барил нь ч онцгой

сонирхол татаагүй бололтой. Оросууд аж төрөх газар нутаг хайж ирсэн бөгөөд тариалан эрхлэх арга барил, сортын хувьд уугуул нутагтайгаа ихээхэн холбоотой бөгөөд бас зарим нэг нь хятадын усалгаатай тариаланг эзэмшиж зохих мэдлэгтэй болсон байв. Учир нь Байгалийн чанадад Чикой голын хавь орчимд усалгаатай тариалан нилээд байжээ.

Харин хятадын газар тариалан энд харьцангуй хожуу буй болжээ. XIX зууны зууны ерээд онд олон салаа урсгалтай Сэлэнгэ, Орхон голын дагуу Өргөөгийн орчимд 100 орчим аж ахуй үүсчээ. Тэд ойролцоогоор 2 сая орчим пүү үр тариа авч Өргөө орчмын 100 мянган хятадуудын хоол хүнсэнд нийлүүлдэг байв. Хятадын аж ахуйн онцлог нь хиймэл услалтыг өргөн дэлгэр, чадамгай хэрэглэдэг, таримал ургамлын дотроос голдуу улаан буудай, (Өргөө хавьд lutescens хольцтой соролхог улаан үрийн ferruginenm*-ийн эртний хэлбэрүүд, чанар муутай үр нь Байгалийн чанад дахь ба Дорнод Сибирийн улаан буудайн үрийг санагдуулдаг), нүцгэн овъёос (том үртэй, харьцангуй ургац сайтай), шар будаа, буурцаг (гол төлөв Дорнод Сибирь ба Умард Оросын буурцагтай адил жижиг үрийн vulgare, хольцтой arvense) тарьдаг байжээ. Мөн түүнээс гадна усалгаатай арвай (толбот үртэй нүцгэн coeleste) тарьдаг байв. Сортын хувьд энэ бүс нутаг нь Хаалган, Шэнситэй холбоотой. Зусах буудайн олонхи тариалангийн газарт Хаалган хавийн улаан буудайн дээжид тааралддаг зусах хар будаа зэрлэг байдлаар тохиолджээ. Энэ хар будаа нь газар тариаланд анхлан зэрлэг ургамлын байдлаар орж иржээ гэсэн таамаг төрүүлэх бөгөөд магадгүй, эрт үед улаан буудайн тариалангийн талбайн хөдөлгөөнөөр өмнө зүгээс, хятадаас зэрлэг ургамлын байдалтай ирээд умардад хүрч тарималжсан байж болохын судлав.

 

            Орхон болон Сэлэнгэд цутгадаг голуудын дагуу байрласан цэвэр монгол тариалангийн бүс нутгийн онцлог бол ихэвчлэн шар будааг тарималжуулсан явдал бөгөөд түүний арга ажиллагаа нь болхи бүдүүлэг (cinereum-ийн нэг төрөл, түргэн боловсордог, үслэг саглагар шүхэртэй, харьцангуй намхан ургадаг) байв. Хаалган хавийн шар будааны дээжид нилээд хожуу үеийг төрөл-flavum, Байгалийн чанад дахь шар будаанд cinereum их, Эрхүү мужид зөвхөн cinereum байдаг. Үүнээс үндэслэн умар зүг хөдөлгөөн хийхийн хэрээр ургамлын нэг төрөл нь нөгөөгөө шахаж flavum –ийн оронд cinerenm гарч иржээ. Үүний хамт арвай (хар үрт coeleste) болон улаан буудайн (сортын хувьд Өргөөгийн бүс нутгийнхтай, үрийн хувьд Дорнод Сибирийн эртнийхтэй ойролцоо) усалгаатай тариалан мөн бага зэрэг буй. Монголын усалгаатай тариалан нь хятадын тариалангийн нөлөөнд байдаг бөгөөд хятадуудтай харьцуулахад монголчууд нь хөрс сайжруулах ажилд үнэхээр муу бөгөөд хамгийн болхи суваг шуудуунд л сэтгэл хангалуун байдаг аж. Орхон, Сэлэнгийн бүс нутаг хадлангийн хувьд сонирхолтой байв. Эндээс маш олон янзын шош, царгас, эспарцетүүд олдлоо.

Шинжилгээний анги Монголын умард бүс нутгийг судалж дуусаад газар тариалангийн бус нутаг буюу говьтой залгаа Эг, Таац, Байдрагийн голын дагуух өмнөдийн баян бүрд рүү зорьсон юм. Тариалангийн хувьд жижигхэн газар болох дан ганц арвай тариалдаг Таацын голд умард бүс нутгаас ялгаатай нь шар үрт арвай голлодог бөгөөд trifurcatum-ийн хэлбэрүүд анх удаагаа тааралдаж эхлэв. Байдрагийн голын хөндийгөөс улаан буудайн инфлятив* хэлбэрийн бараг цэвэр (95 хувь) тариалангийн газар олджээ. Ийнхүү говь орчмын Монгол нь Памир, Перстэй сортын сонирхолтой холбоотой болох нь тогтоогдсон  юм.

            Тарималжуулсан овъёос улаан буудайн хэлбэрээр илэрсэн юм. Байдрагийн голын татамд тээрмийн чулуун булнууд олдсон боловч тэдгээрийг монголчууд мэдэхгүй байлаа. Тэдгээрийг хятадууд хэрэглэж байсан хэдий ч бул олдсон нь нэгэн цагт нилээд боловсронгуй газар тариалан байсныг харуулж байна. Байдрагийн бүс нутагт амууны асар том ширэнгэ тааралдсан юм. Монголын дундад нутгийн засаг захиргааны  төв Улиастайд хятадын ногооны газартай залгаа жижигхэн тарианы газар байжээ. Овъёосны талаар цуглуулсан материалуудын дотроос цэцэгнийхээ дотор хальсан дээрээ бараан толбо бүхий нүцгэн овъёосны нэг шинэ зүйл олджээ. Мөн түүнчлэн Дорнод сибирийн сортын хэлбэрүүд төстэй хальст овъёосны тариалан буюу соргүй хэлбэрүүд (taureu, grisea, brunne болон бусад) олджээ. Хальсан дээрээ ягаант хагтай brunnea хэлбэр тааралдаж байжээ. Ийм хэлбэрүүд Эрхүү мужид ч нэгэн адил олдож байсан нь Доронд Сибирь ба дотоод Хятад нь  сортын талаар холбоотой байсныг батлах шинэ баримт юм. Хар тамхины цэцгийг их хэмжээгээр тарьдаг байна.

Шинжилгээний анги Улиастай хотоос Монгол Алтайн умардад орших бүс нутаг бөгөөд

говийн баян бүрдүүдээс хамгийн хойд талынх нь болох Хаяад очихыг зорьж өмнө зүг хөдөлжээ. Завханы цутгалан болох Тээлийн голын бүс нутагт H.trifurcatum-ын шинэ зүйл ногоон үртэй болон толбот үртэй хэв маягийн хувьд маш сонирхолтой түрүү (Регелийн тогтоосон Mandschuricum хэв маяг) олджээ. Сар буюу түүнийг орлуулсан гурван тэнт олжогын маш олон төрөл. Их хэмжээний nigrum зүйл.

            Бигэр нуурын орчим улаан буудайн 20 хүртлэх зүйл тогтоогджээ. Тэдгээрийн ихэнхийг саран хэлбэртэй, боловсрох үедээ сороо гөвдөг ба гөвдөггүй Hostianum ба erythros-permum эзэлнэ. Монголчууд velutinum, anglicum, Lutescens, albidum, Delti хольц болон Delfi хэлбэрийг сонгон үржүүлдэг байв. Арвайн хувьд энэ нутагт хальст pallidumтай холилдсон нүцгэн үрт арвай-coeleste-н бүхий тариалан байх бөгөөд тэндээс Mandschuricum хэв маягийн түрүүтэй тольгор сортой хэлбэрүүд олджээ. Энэ тольгор сорт арвай бол coeleste ба pallidumийн байгалийн эрлийзжилтийн замаар үүсэн тухай профессор Вавиловын таамаглалыг батлаж байгаагаараа сонирхолтой юм. Хальст хэлбэрүүдэд үрийн өнгө маш олон янз (ногоон, шар) байдаг.

            Хаяагийн арвайн тариалангийн талбайн 90 хүртлэх хувь нь revelatum, зөв зургаан мөрт байжээ. Зөв зургаан мөрт нь хольцын хувьд ердийн бөгөөд харин их хэмжээгээр тарималжуулсан нь илт байв.

            Улаан буудайн хувьд тус нутагт нь улаан сортой, саглагар зүйл болох furcicum 80 хувь хүртэл давамгайлсан цагаан үрт улаан буудайгаар ялгардаг. Хольцод нь inflatum, furcatum, comractum зэрэг 35 хүртэл зүйл байдаг байна. Шар будааны хувьд ганцхан aureum зүйл байдгаараа шар будуу тарьдаг бусад нутгууд дахь ердийн хольцуудаас эрс ялгаатай.

            Цагаан Шарин нуурын хавьд давамгайлдаг улаан буудайн нэг зүйл нь Delfi-улаан, соргүй, саглагар, цагаан үрт буудай юм.

Шинжилгээний анги умар зүг хөдлөх үедээ захчны хуучин тариалангийн газарт очжээ.

Малчид голдуу зүүн Монголоос ялгаатай нь  эндэхийн баруун монголчууд газар тариалан эрхлэх тодорхойг эрмэлзэлтэй нь ажиглагдав. Энэ нутагт нь ихэнхдээ арвай тариалахад тохиромжтой юм. Увс нуурт ойртох тутам арвай мэдэгдэм жигдрэн Ховдоос холгүй орших Зэрэгийн нутагт ногоон үрт арвайн (умардын толбот сортууд, өмнөдийн шар ба завсрын ногоон үрт) бүс нутаг болон хувирдаг.

            Ховдын нутагт эртний түрэгүүдийн нэвтрүүлсэн илүү боловсронгуй тарилангийн үлдэгдэл болох услалтын  том байгууламж байгаа нь сонирхолтой.

            Эртний Улаангомын нутгийг газар тариалангийн томоохон бүс нутаг хэмээн үзэж болно. Энд Монголын хэмжээгээр бол өндөр бүтээмжтэйд тооцогдох тус бүр нь хоногт 7 пүү тээрэмддэг 11 тээрэм байсан бөгөөд тариаг болхи аргаар цайруулж байжээ.

            Шинжилгээний анги Улаангомоос дорно зүг эргэж Хөвсгөл нуурын хажуугаар хил даван Эрхүү мужид орохоор чиглэв. Замд тааралдсан Арван баядын нутагт ихээхэн үнэтэй материал цуглуулсан бөгөөд үрийн өнгө солигдох сонирхолтой дүр зураг ажиглагдсан юм. Умар зүг ахих тутам улаан буудайн хувьд үрийн улаан өнгө давамгайлж байсан бөгөөд харин Эгийн голд умардын ердийн хэлбэртэй тааралдсан ба арвай ногоон байснаа бараан толботой болон хувирч байжээ.

Шинжилгээний анги зэрлэг ургамлын дотроос голдуу өөрсдийнхөө нөхцөлд ашиглаж болох нугын ургамалд анхаарлаа хандуулсан юм. Согоовор (ихэвчлэн соргүй), царгас хиаг зэргийн дээжийг цуглуулав. Элсний нүүдлийг тогтооход суль-arundo viilosafr гэдэг ургамал сонирхолыг нь татжээ. Тамирын дээд хэсэг, Монгол Алтайн салбарууд, Улиастайн голоос том буцуутай бөгөөд ургах чадвараа алдалгүйгээр хөлдөлтийг тэсвэрлэдэг зэрлэг сонгино олджээ.

            Ховдын нутагт ургадаг шигүү, өндөр caragama Sp сонирхолтой бөгөөд хашаа болгон ашиглаж болох аж.

            Олон төрлийн хүнсний хятад ногоо цуглуулав. Навчийг нь бус харин шилбийг нь ашиглан давсалсан өргөст хэмхийг санагдуулам давсалсан бүтээгдэхүүн бэлтгэдэг салатны сонирхолтой нэгэн төрөл байдаг байна. Тарвасны эртний үндэст ургамлын их цуглуулга хийлээ. Тэдгээрийн зарим нь сортын хувьд Хаалган, Хөх хот, зарим нэг нь Гансу мужтай холбоотой ажээ. Гансу-гаас хальст овъёос (хятадын ердийн, соргүй  хэлбэрүүд), Хаалганаас буурцагт ургамлын цуглуулга, Тянь-Шанийн нутгаас улаан буудай, арвайн талаар материал цуглуулжээ.

Шинжилгээний анги нь Дорнод Сибирийн таримлуудын гарлыг магадлах явцдаа Монгол бол эрт цагт Дорнод Сибирьт таримал ургамал нэвтрүүлсэн төв нь биш юм гэхэд ямар ч атугай завсрын нутаг мөн бөгөөд чухам эндээс Умард ба Төв Хятад уруу хөвөрсөн зам ба сортын холбоог тогтоожээ.

            Азийн улаан буудайн талаархи мэдээ баримтыг нэгтгэх явцад тус нутагт оршин суудаг улс түмний амьдралд шилжин суурьших, хэл өөрчлөгдөх гэх мэт томоохон хувьсал гарсан боловч тарималжсан ургамлын бүрэлдэхүүн онгон хэвээр үлдсэн нь тодорхой байв. Тарималжсан ургамлаар хүн төрөлхтний соёлын асуудлыг ч тодорхой хэмжээнд хүртэл шийдвэрлэж болдог аж. Тухайлбал, Египтийн соёл хэр зэрэг бие даасан хийгээд Месопотамын соёлоос тусгаар байсан тухай маргаан мөн чанараараа тун амархан шийдэгджээ: учир нь тэд аль аль нь тусгаар байсан бөгөөд, тарималжсан ургамлын бүрэлдэхүүн ч тус тусад нь огт өөр өөр байжээ. Нарийвчлан судлах замаар соёлын голомтуудыг туйлын оновчтой тогтоож болно.

            В.Е.Писаревын шинжилгээний анги тухайн үед мэдэгдээгүй байсан бүс нутгийг нээсэн бөгөөд түүний олсон мэдээ баримтууд нь шинжилгээ судалгааны гүнзгий утга санааг бататган, энэ чиглэлээр цаашдын үр дүнг ч багцаалсан юм. Тухайлбал, Хятадыг судлах явдал бүр ч илүү үр дүнд хүргэнэ хэмээн батлах боломж олгож байжээ.

            Таримал овъёос бол европынх гэсэн үзэл бодол тухайн үеийг хүртэл ноёрхож ирсэн ч үнэндээ, зарим нэгэн мэдээгээр нүцгэн овъёосны бүлэг Хятадад таригддаг бөгөөд түүнийг бусад бүхий л овъёосноос тусгаарлаж байсан нь мэдэгдэж байжээ. Харин тэр үед хальст овъёосны олон янзын сорт-шар, улаан, хүрэн, ногоон сортой ба соргүй сортууд цөм Хятадад ургадаг бөгөөд тэр бүү хэл бусад оронд мэддэггүй хэд хэдэн зүйл байгаа нь тодорхой боллоо. Энэхүү баримт нь таримал овъёос ч Хятадтай холбоотой байж болохыг харуулж байжээ. Оросын тариалангийн мэргэжилтнүүдийн зорилго нь Европын ба Оросын Азийн хэсгийн таримал ургамлыг судлахын зэрэгцээгээр бас бидэнд ойр дөт Азийн орнуудыг ч судлах явдал байв.

            В.Е.Писаревын шинжилгээний анги хамгийн хүнд үед судалгаа хийжээ. Тэд өлсгөлөн болсон 1921 онд гарсан бөгөөд 8 сар орчим ажиллаж асар урт замыг туулжээ. Шинжилгээний анги В.Е.Писаревын зохион байгуулах онцгой чадварын ачаар зорилтоо биелүүлжээ.