m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.09 07:06
139
Гэр бүл гэж ямар газар вэ?

Гэр бүл хөгжиж гэмээнэ нийгэм эрүүлжиж улс орон хөгжинө. Яагаад вэ? гэвэл гэр бүл нь хүнийг бүтээдэг онцгой гайхалтай үйлдвэр юм. Чадварлаг эмч, инженер мэргэжилтэн болохын төлөө хичээллэх нь сайн эхнэр, нөхөр болохын төлөө хичээллэхээс үнэхээр амархан.

Гэр бүлийн амьдралыг хэрхэн сайн байлгах аргыг анги танхим юмуу үйлдвэр ажлын газраас сурдаггүй, харин өөрийн болон өрөөлийн гэр бүлээс, амьдрал дундаас харж, мэдэрч, хамгийн сайнаар суралцаж байдаг.

Бага байхдаа гэр бүлээсээ сурсан зуршил нь, хожим нь хань ижилтэйгээ харилцах харилцаанд тэр чигээрээ илэрч буудаг. Сайн зуршил нь ихэвчлэн ханиа жаргаадаг бол муу сөрөг зуршил нь ханиа болон үр хүүхдээ зовоож байдаг. Тийм учраас ээж аав хоёр нь эвтэй найрсаг гэр бүлд төрж өссөн хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, хүн чанар сайтай, хүмүүстэй чөлөөтэй харилцаж, амжилттай ажиллаж  чаддаг.

 

Гэвч дийлэнх гэр бүлүүд бүрэн ойлголцохгүй, зөрчилддөг, санал зөрдөг асуудлаар дүүрэн байдаг шүү дээ.  Ийм гэр бүлээс хүмүүжиж гарсан хүүхдүүд сургуульд сурсан ч, нийгмийн амьдралд орсон ч гэр бүлээсээ авсан сөрөг нөлөөллөө хамт олон нөхөддөө түгээдэг. Өөрөөр хэлбэл асуудалтай гэр бүлийн харилцаанаас  дахин асуудалтай гэр бүл  нийгэмд бий болж байдаг.

Жишээлбэл: Хүчирхийлэлд өртөж байсан хүүхэд насанд хүрэхээрээ яах вэ? Архи уудаг хүн үр хүүхэддээ үзүүлэх муу нөлөө хир байх вэ? Эцэг эхийнхээ хэн нэгэнтэй, “бүрэн бус” гэр бүлд өсч байгаа хүүхдүүд дараа нь яаж сайн эцэг эх болох вэ? Эцэг эхээсээ хөндий эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд эцэг эхээ хэрхэн хайрлах вэ? Энэ мэт гэр бүлийн асуудал үр удамд нь асуудлыг үлдээж даамжруулсаар байдаг. Нөгөө талаар бага цалинтай мөртлөө хажуу хөршдөө туслаж амьдардаг хүн байдаг. Тэр ч бүү хэл бүр хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө өөр хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүст тусалдаг хүн ч байдаг.

Гэр бүл гэдэг бол бие биеэ ойлгож, итгэсэн  сэтгэлийн үндсэн дээр хайрыг хүссэнээрээ амсдаг газар юм.

Хүн бүр амар тайван, эрх чөлөөгөө мэдэрч болох цорын ганц хайрын өргөө бол орон гэр юм. Хүнээр хүн хийх дадлагын бааз, зан суртахууны төлөвшлийн сургууль, хариуцлагаа ухамсарлах, хүмүүжлийн яам юм.

Гэр бүлд улс тэр чигээрээ багтана. Тиймээс зөвхөн гэр бүл төлөвшиж, хөгжиж байж улс орон хөгжих болж байнаа даа.

Гэр бүлийн гол багана нь эхнэр, нөхөр хоёр ба тэд хайраар бялхаж, амар тайван аз жаргалтай байвал үр хүүхэд аз жаргалтай  хүн болж хүмүүжинэ. Эхнэр нөхөр хоёр нэг цул болж нэгдэхэд гэр бүлийн  бүх гишүүд нэгдэж чаддаг.

Жонадон ба Симс гэх жирийн америк залуус ойролцоо хугацаанд гэрлэцгээжээ. Жонадоны гэр бүл жирийн нэгэн гэр бүл байсан хирнээ эхнэр нөхөр хоёр эв найртай, өвөг дээдсээ хүндэтгэн хайрладаг, хүнд тусархуу байж л дээ. Харин Симсийн гэр бүлээс архи, мөрийтэй тоглоом салдаггүй байж гэнэ. Эхнэр нөхөр хоёрын харилцаа хүйтэн хөндий, бие биендээ итгэлгүй байсан байна. Ярьсан болгон нь маргаан болж тайван амьдарч чадаагүй гэнэ. Ийм байдалтай байсан учраас хүүхдүүдээ сайн өсгөж чадаагүй нь мэдээж хэрэг.

Гэр бүл гэдэг бол бие биеэ ойлгож, итгэсэн  сэтгэлийн үндсэн дээр хайрыг хүссэнээрээ амсдаг газар юм.

 

200 жил өнгөрсөн хойно энэ хоёр гэр бүлийг Америкчууд  судалжээ. Судалгааны үр дүн үнэхээр гайхалтай байлаа. Симсийн гэр бүлээс өнөөг хүртэл 109 хүн цаазаар авах ялаар шийтгүүлсэн, үр удмын гуравны нэг нь сэтгэцийн өвчтэй, мөн ихэнх нь хар тамхи архинд донтогч ба гэмт хэрэгтний замаар явсан байна. Харин Жонадоны гэр бүлээс ерөнхийлөгч 1, дээд сургуулийн захирал 3, өмгөөлөгч 149, шүүгч 48, сүмийн пастор 116, сайд 82, бизнесмен 75, зохион бүтээгч 25, эмч 68, багш 66 төрөн гарсан байна.

Тэгвэл яагаад нэг удмынхан ийм муу амьдарч, нөгөөх нь тун сайн болсон юм бол оо? Жонадоны үр удам нь жирийн хүмүүсээс илүү толгой сайтай төрсөн учраас уу? Мэргэжилтнүүд энэ асуултанд үгүй гэж хариулж байна. Судалгаанаас харвал эсрэгээрээ Симсийн гэр бүлийнхэн бүх талын чадвар өндөртэй байсан гэнэ. Тэгвэл энэ хоёр гэр бүлийг ялгаатай болгож байгаа зүйл нь юу вэ? тэр нь тэд нарын өвлөн авсан хөрөнгөнд байсан. Гэр бүлд дамжсан сэтгэл зүйн болон сүнслэг дотоод ухамсрын эд хөрөнгө тэднийг ялгаж өгсөн.

Жонадоны үр удам нь өвөг дээдсээсээ том “таваг” хөрөнгө болгон авсан. Тэр “таваг” нь өөрөө бий болдог зүйл бишээ. Эцэг эхээс л өвлөн авах боломжтой энэ “таваг” онцгойлон эцэг эхийн эвтэй найртай байдлыг дагаад том жижиг нь тогтоогддог гэнэ. Эхнэр нөхөр хоёрын хайр их байх тусам үр хүүхдийн сэтгэлийн доторх “таваг” томорч их хэмжээний хөрөнгө хийж болно гэсэн үг. Том тавагтай хүн нь хүмүүстэй харилцах харилцаан дээрээс олон зүйлийг сурч авч дотоод сэтгэл нь хүч чадвар ба мэргэн ухаан, эрүүл мэнд зэргийг гаргадаг. Эсрэгээр нь эхнэр нөхөр хоёр хэрэлдэж муудалцдаг гэр бүл нь үр хүүхэддээ жижигхэн таваг юмуу хагарч эмтэрсэн тавгийг эд хөрөнгө болгон өвлүүлдэг.

Энэ хоёр гэр бүлийг судалсан судалгааны үр дүнд олж нээсэн зүйл нь эхнэр нөхөр хоёр “итгэл, найдвар, хайр” гэсэн хүрээн дотор бие биеэ хир зэрэг хүндэлж амьдарч байгаагаас хүүхдүүдийн ирээдүйн амьдрал шалтгаалдаг гэдэг нь тогтоогджээ.

Мэргэжилтнүүд энэ хоёр гэр бүлийг судлах судалгаагаа дуусаад ийнхүү хэлсэн байдаг.

“Эцэг эхчүүд ээ, үр хүүхдүүдээ сайн сайхан болоосой гэж хүсэж байна уу? Тэгвэл эхнэр нөхөр болсон та хоёр эв нэгдэлтэй байгаарай. Эхнэр нөхөр хоёр бие биеэ хайрлан хүндэтгэвэл, үр хүүхэд чинь сайн хүн болон өсөх болно” шүү.

“Хүний хань” гэдэг таны өөрийн сонгосон насан туршийн сонголт байдаг тул сонголтоо буцаана гэдэг нь тэвчээргүй, амьдралд шантарч, няцагч, ялан дийлэгдэгч хүн байна гэсэн үг.