m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 05:12
70
Хачгаар дамжих халдвараас сэргийлцгээе

Хачгаар дамжин халдварладаг халдварт өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол хачгийн хөгжлийн үе шатаас хамааран өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн бүртгэгдэж эхэлдэг байна. Дэлхий дээр 3000 гаруй хачиг байдгаас Монголд 18 төрлийн 43 зүйлийн хачиг тархаж үүнээс хоёр  төрлийн хачиг нь хүнд өвчин үүсгэдэг гэнэ.  Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг. Гэвч хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй учир нь бүх хачиг халдвартай байдаггүй байна. Ойн хачиг нь Сэлэнгэ, Булган, Орхон, Хэнтий, Хөвсгөл аймагт тархалттай бөгөөд хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг, “Dermacentor” хачиг нь Монгол орны ихэнхи нутагт тархан, хачигт риккетсиоз өвчний гол дамжуулагч болдог. Одоогоор хачигт энцефалитын хүний өвчлөл 13 аймагт бүртгэгдсэний Сэлэнгэ аймагт, хачигт боррелиоз арван аймагт бүртгэгдсэний Улаанбаатар, Архангай аймагт, хачигт риккетсиоз 17 аймагт бүртгэгдсэний Говь-Алтай, Архангай, Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаа юм байна. Энэ сарын 17-ны байдлаар ЗӨСҮТ-д хачгаар дамжих халдварын сэжигтэй 45 тохиолдолд бүртгэгдэж лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Одоогоор батлагдсан тохиолдол байхгүй. Мэдээлэгдсэн сэжигтэй тохиолдолын ихэнхи хувь нь буюу 32% нь Говь-Алтай, 11.6% нь Архангай, 11.6% нь Улаанбаатар, 9% нь Орхон аймагт бүртгэгджээ.

Хачгаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

- Хачигт энцефалитын голомтот бүс нутагт зорчихоос өмнө хачигт энцефалитын эсрэг вакцины бүрэн тунг нийслэлийн 9 дүүргийн ЭМН-д очиж хийлгэх

- Ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахдаа хачигт хазуулахаас болгоомжилж битүү тод өнгийн хувцас өмсөж, 2-3 цаг тутамд биедээ болон хувцсандаа хачиг ассан эсэхийг шалгаж байх

- Хачигт хазуулсан тохиолдолд хямсаа болон утас ашиглан хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж сугалан авч, хачгийг битүү саванд хийж, ЗӨСҮТ-д өгч шинжлүүлэх

- Хачигт хазуулсан тохиолдолд эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдах

- Хачигт хазуулсаны дараа өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, үе мөч, ууц нуруу өвдөх, бөөлжих, гүйлгэх, тууралт гарах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.