m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 06:27
37
Их ажлын үеэр малчид хүртэл улстөржих нь хачирхалтай

"Монголын малчдын хөдөлмөрийг дэмжих холбоо"-ноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэдний ийнхүү хэвлэл мэдээлэл болон олон нийтэд хандах болсон шалтаан нь  УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулганд Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох  үеэр "Монголын мал аж ахуй өсөлттэй байгаа. Гэхдээ үүнийг Засгийн газрын тэргүүн өсгөж байгаа юм биш. Энэ чинь хуц, ухнын л хийсэн ажил" хэмээн хэлсэн нь малчин ардын дургүйцлийг хүргэсэн гэв.

Хэвлэлийн хуралд Хэнтий, Төв, Дорнод аймгийн малчдын төлөөлөл ирсэн  байв. Тэд хэлэхдээ "Монгол төрийн хоймроос малчдын хөдөлмөрийг үгүйсэж, 155 мянган малчин өрхийг залхуу хойрго, хуц ухнадаа бүхнийг даатгаад орхичихдог хэмээн хэлсэн гомдолтой байна. Монголын мал сүрэг 45 сая болж өссөн нь малчдын борви бохис хийлгүй ажилласны өрөм тос. Зуд зурхан, ган гачигт нэрвэгдэхээс сэргийлэх, чоно, малын хургайгаас хамгаалж дээлтэйгээ унтаж, босоогоороо хонож байна" гэв. Иймээс тус холбооноос УИХ-ын гишүүн С.Бямбацогт нийт малчдаас уучлалт гуйхыг шаардаж буйгаа дуулгалаа. Тэдний ийн ярьж буйгаас үзэхэд хэн нэгний уриалганд автсан мэт сэтгэгдэл төрсөн юм. Учир нь 155 малчин өрхийг төлөөлөн ирсэн гэх эдгээр иргэд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлсэн үгийг хэт "мушгиж" байх шиг. Зарим нь уг мэдээллийг дам сонсон ирсэн бололтой өөрсдөө ч уг мэдээллийнхээ талаар сайн ойлголтгүй байсан юм. Малын тоо толгой өсөхөд хүний хөдөлмөр чухал ч бас л хуц, ухна хэрэгтэй байдаг санагдах юм. Мэдээж малчид мал хээлтүүлэх шинэ технологи хэрэглэж эхлээгүй бол шүү дээ. Саяхан малын гоц халдварт шүлхий өвчин гарч улсын төсвөөс 10.6 тэрбум төгрөг зарцуулан байж арай хийн дарсан. Энэ бүх будилианы эздийг малчид хэмээн албаныхан тайлбарлаж байгаа. Гэтэл орондоо орох завгүй яваа малчид маань хаврын их ажлын дундуур хэрүүл тэмцэл хийн яваа нь хачирхалтай санагдаж байлаа. Ингээд мэдээллийн дараа "Монголын малчдын хөдөлмөрийг дэмжих холбоо"-ны тэргүүн Д.Мөнхсэргэлэнгээс цөөн зүйлыг тодруулсан юм.

-"Монголын малчдын хөдөлмөрийг дэмжих холбоо"-ны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?

-Малчдын ноос, ноолуурын урамшуулал, зэрэг мөнгөн орлогыг хэрхэн зарцуулах зэрэг эдийн засгийн хувьд мэдлэг мэдээлэл олгох зэргээр бидэнд хийхээр төлөвлөж байгаа ажил бий. Бид малчдыг дэмжиж байна гээд яриад явахыг хүсэхгүй байна. Манай холбооны хийж буй ажлыг малчид мэдэж байгаа.

-Шүлхий өвчин гарсан шалтгааныг малчид малаа вакцинд хамруулаагүйтэй холботой хэмээн тайлбарлаж байгаа. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Вакцин байхгүйн улмаас  хамруулаагүй. Мэдээж хангалттай байсан бол шүлхий өвчний тархах хүрээ нь арай бага байх байсан гэв.

Өмнө нь огт дуулдаж байгаагүй энэ холбоо юу хийдэг нь маш учир битүүлэг байв. Тэдэнд шүлхийн вакцин хомсдолтой байгаа, өөрсдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, малын бэлчээр, цалин урамшуулал зэрэг олон асуудал бий. Энэ бүхнийхээ төлөө тэмцэл өрнүүлэн явсан бол 155 өрхийн хагас сая гаруй малчдад хэрэгтэй байхсан.