m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.11 03:24
188
Хан Хэнтий нутгаас төрсөн аварга

“Ташкент 2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урамтай сайхан барилдсаар 60 кг-ын жинд түрүүлсэн “Алдар” спорт хорооны тамирчин Сүхээгийн Цэрэнчимэдийн тухай товчхон танилцуулъя.

Тэрбээр 1995 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрж, 2013 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр бүрэн дунд сургууль төгсчээ. Мөн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж бүх зардлыг нь дааж, Японы Окиямагийн их сургуульд суралцаж байжээ.  

      

С.Цэрэнчимэд 2007 оноос чөлөөт бөхөөр хичээллэж, “Алдар” спорт хороонд дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг. 2013 оноос үндэсний шигшээ багт багтсан.

2011 онд спортын мастер, 2013 онд олон улсын хэмжээний мастер цолыг тус тус хүртжээ. Хүүхдийн спортын наадмын алт, өсвөрийн УАШТ-ий хошой алт, хүрэл, залуучуудын УАШТ-ий хошой алт, Бүх ард түмний спортын наадмын мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой алт, мөнгөн медальтай.

Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж бүх зардлыг нь дааж, Японы Окиямагийн их сургуульд суралцуулж байжээ

Тэрбээр Ташкентийн дэвжээнд нэгдүгээр тойрогтоо ДАШТ-ий мөнгө, дөрвөн хүрэл медальт, Европын таван удаагийн аварга Наталья Гольцтыг 7:0-ээр, хоёрдугаар тойрогт Японы бөх Казүки Сакагамийг цэвэр ялж, хагас шигшээд Финландын бөх Олли Петра Мааритыг цэвэр орхиж мөнгөн медалийн болзол хангаад, шигшээ барилдаанд олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Азербайжаны Юлия Раткевичийг 12:3-аар ялж аваргалсан юм. Ийнхүү тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх ДАШТ-ий тав дахь алтан медалийг (З.Ойдов 1974, 1975, Х.Баянмөнх 1975, С.Батцэцэг 2010 онд дэлхийн аварга болж байв) хүртсэн юм. Түүнчлэн дэлхийн аварга болсон хоёр дахь эмэгтэй бөхөөр тодорч, Монголын эмэгтэй бөхчүүдийн ДАШТ-ий 16 дахь медалийг авчирсан юм.

                   

С.Цэрэнчимэд өмнө нь 2013 онд залуучуудын ДАШТ-ээс алт, 2011 онд өсвөрийн ДАШТ-ээс хүрэл, 2011, 2014 оны Азийн аваргаас тус бүр хүрэл, 2014 онд Азийн залуучуудын АШТ-ээс мөнгө, 2010 онд Азийн өсвөр үеийн АШТ-ээс хүрэл медаль, “Mongolia Open 2013” тэмцээнээс алт, 2012 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон гран-пригээс хүрэл, 2014 онд Иван Ярыгины нэрэмжит “Алтан гран-при”-гээс мөнгө, Польшид зохиогдсон “Poland Open” тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ.