m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 08:21
119
“Hitachi” дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат хийнэ

Японы “Hitachi” группээс секундэд 20 метрийн хурдтай цахилгаан шатыг 2016 онд Хятадын Гуанжоу хотод баригдах 111 давхар барилгад суурилуулахаар болжээ. Энэхүү барилга нь Санхүүгийн төвийн зориулалтай, 530 орчим метр өндөр байх бөгөөд Гуанжоу хотын хамгийн өндөр барилга болох аж. Харин цахилгаан шат нь дэлхийн хамгийн хурдан цахилгаан шатад тооцогдох гэнэ. Уг барилгад нийтдээ 95 цахилгаан шат суурилуулахаас хоёр нь эдгээр хурдан шатнууд байх бөгөөд нэгээс 95 дугаар давхар хүртэл хэдхэн секундыг зарцуулах юм байна. Уг 111 давхар санхүүгийн төвийн байрыг оффис, зочид буудал, иргэдийн орон сууц гэсэн зориулалтаар барьж байгаа аж.

Дэлхийн хамгийн хурданд тооцогдох энэхүү цахилгаан шатыг хийхэд орчин үеийн шинэ технологи болох соронзон моторыг ашиглах бөгөөд энэ нь нимгэн, авсаархан мөртлөө хүчин чадал сайтай лифт болоход чухал нөлөө үзүүлдэг байна. Мөн халууныг тэсвэрлэх чадварыг өндөр болгохоос гадна хүчирхэг тормозуудаар тоноглох гэнэ. Хятад улс дэлхийн нийт цахилгаан шат үйлдвэрлэлийн 60 хувийг эзэлдэг бөгөөд цахилгаан шат угсралтын компаниудын ширүүн өрсөлдөөний талбар гэж хэлэхэд болдог байна.

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат Тайваны Тайпэй хотын 101 давхар барилгад байдаг бөгөөд цахилгаан шат нь секундэд 16 метр зам туулдаг байна.

Тайпэй дахь 101 давхар барилга

Г.Төгөлдөр