m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.12 02:37
507
Ц.Ундрах: Ихэр хүүхдийн тэргээ авч амжаагүй байхад дахин ихрүүдээ төрүүлж билээ

Олон сайхан үрээ тойруулсан, жаргалтай, гайхамшигтай эмэгтэйг энэ удаагийн "Ижий" булангийн зочноор урилаа.  Дөрвөн удаагийн төрөлтөөр найман хүүхэд төрүүлж,  өсгөж яваа  өнөр өтгөн гэр бүлд зочлоод аз жаргалтай амьдрал, ихрүүдийн онцлог хөгжилтэй явдлаас бага ч атугай мэдэрч билээ.

Энэ өнөр өтгөн гэр бүл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11дүгээр хороонд амьдардаг. Б.Энхтөр, Ц.Ундрах нарын гэр бүл дөрвөн удаагийн төрөлтөөр 11 жилийн дотор  найман ихэр хүүхэд төрүүлж,  ам бүл арвуулаа  амьдарч байна. Тэдний хашаагаар оронгуут хүүхдийн дуу чимээ биднийг угтах байх хэмээн бодтол  хашааны хоёр талд байрлах том ноходын хуцах чимээнээс өөр зүйл сонсогдсонгүй. Хүүхдээ тэвэрсэн бүсгүй биднийг инээд алдан угтаж авсан юм. Ихэр хүүхдүүд гүйлдэн бөөн дуу шуутай байдаг байх гэж бодсон. Харин ихрүүд дор бүрнээ хийх ажилтай, албандаа явах гээд завгүй байсан болохоор ийн нам жим байсан аж. Ихрүүдийн гутал үүднийхээ ихэнх хэсгийг эзэлж, өрөөстэй байх нь нүдэнд туслаа. Харин тэд хичээлээ хийж байлаа. Ингээд бидний яриа  анхны ихрүүдийн талаарх дурсамжаар эхэллээ.

Арванхоёр жилийн өмнө анхны ихэр хүүхдүүдээ өлгийдөн авахаар сандралдаж, баярлалдаж байсан цаг саяхан мэт хэмээн ирхүүдийн ээж дурссан юм.

Тэрбээр саяхан нярайлсан учир олон зүйл асуухыг урьтал болгосонгүй.

-Тун ховор тохиох ихрүүдийн ээж, таниар бахархахын аргагүй юм. Та ихрийн удамтай юу ?

- Манай хүн бид хоёр хоёулаа ихрийн удамтай. Манай авга эгч ихэр. Өөрөөс нь ихэр хүүхэд төрөөгүй юм. Харин бэрээс нь саяхан ихэр охин төрсөн.  Би гурван удаагийн төрөлтөөр зургаан ихэр хүүхэд төрүүлээд анх 2009 онд “Ихрүүдийн холбоо”-нд бүртгүүлэхэд нь  анхны тохиолдол хэмээн бүртгэж  байсан. Харин дахин хоёр ихэр хүүхэд төрүүлж наймуулаа болсон нь Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд  ховорхон тохиолдол болж байна гэж үзсэн.

-Ихрүүд хэд хэдэн насны зөрүүтэй вэ, мөн хэн хэн гэдэг вэ?

 -Ихрүүдийн хамгийн том нь 11 настай охидууд Цэцлэн, Цэцэглэн бол  дараагийн хоёр  ихэр  найман настай хүү, охин хоёр Соёнсүлд, Соёнгэгээ харин зургаан настай ихэр болох охин, хүү Тэмүүжин, Тэмүүгэн бол  хамгийн бяцхан ихэр хоёр сартай охидууд  Эмүүжин, Эмүүгэн гэдэг.

- Дараагийн хүүхэд дахин ихэр гэж сонсох танд ямар байсан бэ ?

- Сонсоод маш  их гайхаж билээ. Нөхөр бид хоёр анхны ихрүүдийг төрөх үед ихэр хүүхдийн тэрэг авах гэж байсан юм. Харин ихэр хүүхдийн тэргээ авч амжаагүй байхад дахин ихрүүдээ төрүүлж билээ. /инээв/ Гэхдээ бид тэргээ одоо болтол аваагүй л байна.

-Ихүүдийг ялгахад бэрх юм аа. Харих аав, ээж нь нярай байхаас нь л ялгадаг гэсэн?

- Манай ихрүүд хоорондоо содон онцлог ялгарах шинж тэмдгүүдтэй. Жишээлбэл, нэг нь давхраатай нөгөө нь давхраагүй эсвэл зан араншингийн хувьд ч өөр өөр. Нэг нь дуулах дуртай бол нөгөө нь зураг дурах дуртай. Гэхдээ манай ихрүүд дөлгөөхөн.  

-Ихэр хүүдүүд өсгөхөд бас амаргүй шүү. Нэг нь өвдчихвөл нөгөө нь дагаад өвддөг гэдэг?

-Би аль болох ихрүүдээ өвтгөхгүй байхыг хичээдэг. Төрсний дараахан л амийг нь таслуулдаг дом бий. Тэгээд ч ер нь хүүхэд өвдөхгүй байвал аяндаа өсөж томордог доо. Эмээ өвөө хоёр нь маш их тус дэм болдог юм.

- Амийг нь  таслуудаг гэж байна. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

-Лам дээр улаан утас, салаа мөчиртэй очиж салгуулдаг. Эртнээс тогтож ирсэн монгол дом байдаг.

Биднийг ийн хүүрнэлдэж байх зуур хүүхдүүдийн хичээлийн цаг дөхөж байгааг, ихрүүд ээждээ санууллаа. Тэд ээлжлэн ирж, ээжээрээ үсээ самнуулж, өөрсдөө хувцасаа өмсөж, “Эгч ээ та бид хоёртой хамт явах юм уу ” гэж дундах ихрүүд том эгчээсээ асуух нь дуулдав.

Ихрүүдийн ээжийн нэг өдөр үүр цайхтай зэрэгцэн зургаан цагт эхэлдэг. Сэрмэгцээ хоёр бага ихрээ угжаад, хүүхдүүдийнхээ өглөөний цайг нь бэлтгэнэ. Ихрүүдийг босгож, хичээлийг нь бэлтгэж, үд дундын үед тэднийг сургуульд нь хүргэж өгдөг гэнэ. Том ихрүүд зургадугаар анги учир бие даан өөрсдөө сургуульдаа явдаг бол дараах ихрүүддээ Ц.Ундрах бүсгүй өөрөө сургуульд нь хүргэж өгдөг. Хичээлийг нь тарах үед тэдний аав ихрүүдийг авч гэртээ ирдэг хэмээн тэрээр ярилаа.

Найман ихэр хүүхдийг төрүүлж өсгөж буй  гэр бүлийн хоёр хоёулаа төсвийн байгууллагад ажилладаг юм байна. Одоогоор тэд аавынхаа хашаанд амьдардаг. Найман хүүхдийг төрүүлж өсгөнө гэдэг амаргүй даваа. Ихрүүдийн зургаан нь сургуульд сурдаг. Гэтэл амьдрал дээр ихэр хүүхэд төрүүллээ гээд төрөөс ямар  нэгэн  дэмжлэг тэтгэмж өгдөггүй  аж. Тэд ч өөрсдөө энэ тэндээс юм гуйж амьдрахыг хүсдэггүй юм билээ. Ихрүүд олон байдаг ч дөрвөн удаа дарааллан ихэр хүүхэд төрүүлсэн эх Монголд байтугай дэлхийд олон биш болов уу. Ихрүүдийн ээжийн  хүсэл орон сууцтай болох.

Тэдний одоо амьдарч буй газар нь дахин төлөвлөлтөд орсон гэсэн. Монгол бахархал болсон ихрүүдэд бага ч атугай дэм хэрэгтэй байгааг сэтгүүч би анзаарсан юм. Тэдний үйлдлийг ажин суунгаа элдвийг бодон эргэцүүлэн суув.

Ихрүүдийн сургуульдаа явах цаг боллоо. Ихрүүд бужигнаж буй ч хачин эвтэй, бас нэгнээ гэсэн сэтгэлтэй аж. Гайхалтай энергитэй эгэл жирийн энэ айлд түр саатаад бид гарлаа. Монголын үрс маш олон болтугай !