m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 09:15
51
Сэлэнгэ аймаг "ногоон Сэлэнгэ" болно

Сэлэнгэ аймаг энэ оныг “Ээлтэй орчин-Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн хот суурин газрын ногоон бүсийг нэмэгдүүлэх, тохижилтыг сайжруулах зорилгоор “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм. “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, иргэд, аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн олон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд оролцжээ.

Тус хөдөлгөөний хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэн бүр төрөлх хотоо өнгө үзэмжтэй сайхан болгох, байгалиа хамгаалах, нөхөн сэргээхэд идэвх санаачлага гарган орчноо цэвэрлэх, тохижуулах, мод зүлэг тарих, арчлах, хамгаалах ажилд гар бие оролцож, оршин байгаа газар нутгаа ногоон бүс болгоход хувь нэмрээ оруулах учиртай. Аймгийн ахмадын холбоо, “Амьд газар” ХХК, “Шинэ тосгон” хөдөлгөөн, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын II сургууль, иргэн Ариунаа зэрэг байгууллага, хүмүүс тодорхой нэр заасан газруудад зүлэг, мод тарих, тохижуулах санаачилга гаргасан байна. Мөн  Сүхбаатар сум дахь ойн мэргэжлийн байгууллага “Ой баясах” ХХК 1000 ширхэг хайлаас, “Баянчацаргана”, “Батдэм” нөхөрлөл 500-1000 ширхэг шар хуайс, хайлаас, “Ивцэг ой”, “Ногоон нарс” ХХК-иуд ногоон байгууламжийг хашиж хамгаалах, мод, хашаагаар хангахаар амлажээ. “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээнд зориулж сургууль, цэцэрлэгүүд өөрийн орчны тохижилтыг харуулсан загваруудыг бэлтгэсэн байсан бол төрөл бүрийн модны тарьц, суулгац, үр бордоо, хөрс шороо, техник, багажны өргөн сонголттой үзэсгэлэн худалдаа явагдсан гэнэ.

Хүн бүр байгаль орчноо нөхөн сэргээх, хамгаалах үйлсэд сэтгэл гарган гар бие оролцож, Сэлэнгэ сайхан нутгаа ногоон байгууламжаар чимж, эрүүл аюулгүй тав тухтай орчинд ажиллаж амьдрахыг бүх нийтэд уриалжээ.