m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 09:25
44
Ж.Энхбаяр: Ардчилсан намынхан “давхар дээл тайлах” асуудалд хойрго хандлаа

 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт эхлэх байсан. Гэвч ирц хүрээнгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Энэ удаагийн хурлаар Давхар дээл тайлах асуудлын эцсийн хэлэлцүүлэг өрнөх байв. Гэтэл тус байнгын хорооны 19 гишүүнээс долоон нь ирсэн учир ийнхүү хойшиллоо.

Ардчилсан намын байр суурь болон, хуралдаан хойшлох болсон шалтгааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодрууллаа.

  -Ирц бүрдүүлэх боломж байгаагүй юу, эсвэл өөр шалтгаан байв уу?

-УИХ-аар хэлэлцэж буй ямар ч асуудал гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ санал өгч хууль тогтооход оролцох ёстой. Энэ үйл ажиллагаанд гишүүдээ зохион байгуулж оролцоход тухайн намын бүлгийн үүрэг байдаг. Харин өнөөдрийн хувьд Ардчилсан намын бүлэг дотроо зөвлөлдөх шаардлага гарсан болов уу гэж таамаглаж байна.

  -Хэдий хүртэл хойшилогдож байгаа вэ?

  -Хугацааг одоогоор хэлж мэдэхгүй байна. Ирц бүрдэх боломж бүрдсэн үед байнгын хорооны хуралдааны товыг тусад нь зарлана. Энэ долоо хоногтоо амжихгүй байх.

-Ерөнхийлөгч тус хуулийн төслийн талаар санал хэлсэн зүйл бий юу?

-Одоогоор Ерөнхийлөгчийн зүгээс ямар нэгэн хэлсэн зүйл байхгүй. Юутай ч эх орондоо ирсэн гэсэн мэдээлэлтэй л байна.

Харин энэ асуудал УИХ дахь МАН-ын бүлгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулахад

  “Байнгын хороон дарга ирц хүрээгүйн уламаас хойшиллоо гэж байна. Гэтэл тэд бүгд өрөөндөө сууж л байна. Энэ асуудал Ардчилсан намын бүлэг хойрго хандлаа. Ард түмэн хүсч, хүлээж байна.  Ерөнхийлөгч болохоо байлаа гэдгийг мэдээд “Давхар дээлээ тайлъя” гэж энэ хуулийн төслийг санаачилсан. Ардчилсан намынхан санаатайгаар ирцээ бүрдүүлэхгүй байна” гэв.