m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 10:02
93
Гутланд дуртай бяцхан хүү дэлхийн брэндийг бүтээсэн нь

Италийн 14 хүүхэдтэй ядуу айлын хэрсүү хүү SaIvatore анхныхаа гутлыг есөн настайдаа хийж байв. Тэр үеэс л SaIvatore Ferragamo ирээдүйд юу хийх, ямар хүн болохоо мэдсэн гэдэг. Түүний сонхирхолыг гутал л хамгийн ихээр татдаг байв. Эцэг эх нь хүүгээ боловсролтой хүн болгохыг хүсэх боловч хүсэл мөрөөдлөө олчихсон хүүг хориглоод дийлсэнгүй. SaIvatore гутал хийж сурахаар төрөлх хотоос явахдаа дөнгөж 12 настай байсан юм. Түүний хийсэн гутлууд бусдаас өөр загвартай, онцлог байсан нь амнаас ам дамжин яригдсаар Холливуудад танигдаж кино үйлдвэрүүдтэй хамтран ажиллахаар боллоо. Ингээд Salvatore Ferragamo Америкт “оддын гутал бүтээгч” гэдгээрээ алдаршжээ. Түүний загварын мэдрэмж, загварын санаа тухайн үедээ гайхагдаж байв. Marilyn Monroe-д зориулж хийсэн 40 хос гутлын дотор хүн төрөлхтөний хамгийн анхны нарийхан өндөр өсгийт туфль хүртэл байсан юм. Salvatore Ferragamo-ын бизнес үргэлж дардан замаар явсангүй. 1930-аад онд тааруухан менежмент, эдийн засгийн хямралаас болоод бараг л дампуурахын даваан дээр байлаа. Хичнээн мэрийгээд ч дайны үед гутлын материал олдохгүй байсан нь бүр л дарамт болов. Энэ үед Salvatore-ын эрэл хайгуулч зан, өвөрмөц сэтгэлгээ хүнд байдлаас гаргахад нь нөлөөлжээ. Хомсдсон материалыг үйсэн бөглөө, модны холтос, имж болон далайн хавын арьс, эрээн далт бяцхан шувууны өд, шил толь гэх мэт санаанд буумгүй хачин сонин зүйлээр оруулсан нь өмнөхөөсөө ч их амжилтыг авчирсан юм. Гутал хөлөнд яг таарч байх нь хамгийн чухал. Энэ бол Salvatore Ferragamo-ын гол зарчим. Иймээс л тэрээр гутлуудаа машинаар бус гараар оёдог байв. Мөн түүний хувьд дундаж чанар гэж хэзээ ч байгаагүй. Үргэлж хамгийн чанартайг урладаг байв. Salvatore-ын энэ зарчимуудыг одоо ч үр хүүхэд нь баримталсаар байна. Өөрийн сонирхолын төлөө уйгагүй зүтгэвэл амжилтанд хүрч болдгийн нэг жишээ энэ билээ.