m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.13 08:50
157
Гарланд Сандерс галч, фермер, шатахуун түгээгч хийж байжээ

KFC буюу “Kentucky Fried Chicken” хэмээх олон улсын сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Гарланд Сандерсыг хүмүүс “Хурандаа Сандерс”  хэмээх нэрээр нь илүү мэддэг ажээ. Тэрбээр 1952 онд KFC хэмээх шарсан тахиагаар дагнасан сүлжээ ресторанаа нээсэн бөгөөд өдгөө дэлхийн 48 оронд 18.875 салбартай, 23 тэрбум ам.долларын ашиг орлого олдог болж өргөжжээ. Түүний ресторанаа нээхээс өмнөх ээдрээт амьдрал болон амжилт дагуулсан он жилүүдийг нь толилуулж байна.

Гарланд Сандерс 1890 оны есдүгээр сарын 9-нд АНУ-ын Индиана мужид Уилбур Дэвидийн ууган хүү нь болон мэндэлсэн байна. Тэрбээр хоёр дүүтэй байсан гэнэ. Аав нь ойчиж, хөлөө бэртээхээсээ өмнө газар тариалан эрхэлдэг байсан бөгөөд хөлөө гэмтээснээс хойш махны худалдагчаар ажиллаж байсан аж. Харин ээж нь улаан лооль нөөшлөх үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд Гарланд Сандерс дүү нараа асарч, хоол ундыг нь хийж өгдөг байжээ. Мөн арван наснаасаа эхлэн нутгийнхаа фермүүдэд ажиллаж эхэлсэн байна.

1902 онд түүний ээж өөр хүнтэй гэрлэсэн бөгөөд тэр хойд аавтайгаа таарамжгүй харилцаатай байсан аж. Тиймээс 1903 онд тэр сургуулиасаа гарч дахин ферм, морин тэрэг будах зэрэг ажил хийж байжээ. 1906 оноос ээжийнхээ хүсэлтээр авга ахындаа амьдарч байсан ба ах нь түүнд кондуктарын ажил олж өгсөн байна. Мөн Сандерс галт тэрэгний нүүрсний таваг цэвэрлэж байсан бөгөөд 16 настайдаа уурын зуухны галч болжээ.

1909 онд Сандерс Норфолкийн галт тэргэнд галчаар ажиллаж эхэлсэн бөгөөд удалгүй Жозефина Кингтэй тааралдан бие биедээ татагдаж гэрлэсэн байна. Тэр үед тэрбээр 19 настай байсан бөгөөд анхны хүүхэд нь энджээ. Хоёр охин нь цаашид амьдарч чадсан бөгөөд Сандерс мэргэжилтэй болохын тулд оройгоор Ла Салийн их сургуульд суралцсан байна. Үүний дараа ажлынхаа хүнтэй хэл амаа ололцоогүйн улмаас галт тэрэгний галчийн ажлаасаа гарч “Little rock” хуулийн фирмд амжилттай ажиллаж байсан боловч нэг үйлчлүүлэгч нь түүнтэй зарга үүсгэсний улмаас мөн л ажлаасаа гарчээ.

Ингээд тэр ээж дээрээ буцаж очин Пенсилванийн галт тэрэгний компанид хар ажил хийжээ. 1916 онд гэр бүлээрээ Индиана мужийн Жефферсонвиллд нүүн очиж даатгалын ажилтнаар орсон боловч үүрэг даалгавар муу биелүүлсэн хэмээн халагдсан байна.

1920 онд гаталга онгоцны компани байгуулан түүнээсээ хувьцаа эзэмшиж, нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Энэхүү бизнес нь хоёр жилийн дараа дампуурсан бөгөөд тэрбээр мөнгөө ламп үйлдвэрлэхэд зарцуулж эхэлсэн ч мөн л амжилт олоогүй аж.

Үүний дараа Сандерс Кентуки мужийн Винчестерт нүүж ирээд “Michelin” дугуйн үйлдвэрт худалдагчаар орсон боловч эзэн нь зарим салбараа хааснаас болж ажилгүй болжээ. 1924 онд Кентуки мужийн шатахуун түгээх газарт ажилд орсон боловч 1930 онд болсон их хямралын үеэр хаалгаа барьж дахин ажилгүй болсон гэнэ. Энэ үед тэр 40 настай байсан ажээ.

1930 онд түүнийг ажилгүй болсных нь дараа “Shell oil” шатахуун түгээгч компани түүнд санал тавьж, тэрбээр хүмүүст шарсан тахиа, хиам зэрэг хоолоор үйлчилж эхэлжээ. Сандерс энэхүү борлуулалтаасаа хувь авдаг байсан аж. Улмаар 1935 онд тэрбээр өөрийн рестораныг нээснийхээ дараахан “Кентукийн хурандаа” хэмээх цолыг хүртсэн бөгөөд 1939 онд Хойд Каролинд зочид буудал худалдан авчээ. Уг оны арваннэгдүгээр сард түүний ресторан, зочид буудал нь шатсан боловч тэр суурин дээр нь 140 хүн хүлээн авах чадалтай ресторан, зочид буудлын хамт барьсан байна.

1940 оны зургадугаар сард Сандерс өөрийн гэсэн нууц жороор тахиагаа шарах болжээ. 1942 онд тэрбээр Ашвилл бизнесийг худалдан авсан байна. Харин 1947 онд түүний эхнэр Жозефинн салж, Сандерс 1949 онд Клаудиатай гэрлэжээ.

1950 онд Сандерс өөрийн рестораныг “Kentucky Fried Chicken” хэмээх нэртэй болгосон бөгөөд түүний ресторан хотын хамгийн том ресторанд тооцогдож байсан гэдэг. KFC ресторан эхний жилдээ ашиг орлого ихтэй буюу 75 хувийн ашигтай байжээ. 1955 онд Сандерс 65 насандаа хамгийн анхны салбар болох Корбис дахь ресторанаа зарсан бөгөөд 1959 онд Шелбивиллд өөрийн ресторан, компанийг нээжээ.

KFC нь олон улсад тархсан анхны сүлжээ ресторануудын нэгд тооцогддог бөгөөд 1960 оны сүүл гэхэд Канад, Мексик, Их Британи, Ямайк зэрэг улсуудад салбараа нээсэн байжээ. Тухайн үед ресторан нь 600 гаруй салбарласан нь түүнд гайхмаар амжилт байсан бөгөөд 1964 онд тэр өөрийн KFC корпорацийг одоогийн Кентуки мужийн захирагч Жон Браунд хоёр сая ам.доллараар худалджээ. Сандерс дараа нь KFC-тэй төстэй ресторан нээн ажиллуулж KFC-ийн удирдлагуудтай заргалдаж байсан гэнэ.

1980 онд Сандерс хорт хавдараар өвдөж нас барсан бөгөөд түүний оршуулганд хамгийн багадаа л 1000 гаруй хүн ирсэн гэдэг. Сандерсийн дүр төрх дэлхийн өнцөг булан бүрт байгаа KFC рестораны билэг тэмдэг болон мөнхөрсөн бөгөөд түүнийг хүндэтгэн хийсэн хөшөө дурсгал цөөнгүй байдаг билээ.

KFC рестораны салбар байдаг улсуудыг цэнхэрээр тэмдэглэжээ

Кентуки дахь оффис

Г.Төгөлдөр