m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.13 14:23
707
Ч.Гулнар: Номын сан ном өгдөг, авдаг, хадгалдаг газар байхаа больсон

Орчин цагийн номын сан гэдэг бол сургалт, судалгааны орчин байх ёстой. Манайд судалгааны орчинг бүрдүүлсэн гэж үзэж болох  номын сан бол ШУТИС-ийн Төв номын сан. Номын сан бол ном өгдөг, авдаг, хадгалдаг газар биш болсон гэдгийг түүний хийсэн ажил харуулж байгаа юм. “Баялаг бүтээгч” буландаа оюуны баялагийг түгээж байгаа ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн захирал доктор, профессор Ч.Гулнар багшийг урьсан билээ.

-Таныхаар ном ертөнцийг харах цонх байж чаддаг уу?

-Ном ертөнцийг харах цонхны хувьд философийн утгаар нь хэлнэ. Яагаад гэвэл номыг уншсанаар түүхийн бүхий л мэдээллийг авч болох юм. Ном гэдэг бол тухайн зохиолчийн өөрийн баялаг, бүтээл. Сүүлийн үед ном олон тоогоор хэвлэгдэн гарах болсон. Гэхдээ ном болгон ертөнцийг харах цонх биш юм. Горькийн хэлсэн энэ үг тухайн үедээ ном бол ертөнцийг харж байсан юм шиг байгаа юм. Залуучуудаас энэ асуултыг асуухад “Интернэт ертөнцийг харах цонх ш дээ” гэдэг. Ном уншина гэдэг бол интернетээс мэдээлэл авч байгаас тэс өөр юм. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай бид хоёр хөрш тэрбээр “Интернэтээр ном уншаад байгааг  ер нь таашаадаггүй” гэж хариулж байсан. Яагаад гэвэл номны хуудсыг нь эргүүлээд, амтлаад, ураад, өнгө өнгөөр тэмдэглэн будан унших нь гайхалтай юм. 21 дүгээр зуунд ертөнцийг харах цонхийг арай өөр утгаар ойлгоно.

Манайд судалгааны орчинг бүрдүүлсэн гэж үзэж болох  номын сан бол ШУТИС-ийн Төв номын сан

-Ном уншина гэдэг дадлаас үүдэлтэй гэж боддог. Уг дадалыг хэрхэн бий болгох хэрэгтэй вэ?

-Сурах арга барилд сурна гэж ярьдаг юм. Ном уншихын тулд дадал, чадвар, чадамж эзэмших ёстой. Ном уншина гэдэг маань тэвчээр их шаардана. Унших гэж байгаа номоо зөв сонгох ёстой. Бага наснаас нь эцэг, эхчүүд маань ном уншиж өгөх хэрэгтэй.

-ШУТИС-д 23 настай охин анх ажиллахаар ирсэн гэсэн. Үүнээс хойш ямар замнал туулж ШУТИС-ийн номын сангийн захирал болов?

-Монголчууд номыг дээдэлдэг болов ч номын санд мэргэжлийн бус  хүн ажиллаж болдог гэдэг ойлголт байна. Гадаадын номын сангуудад олон талын мэдлэг чадвартай хүн номын санд ажилладаг. Би бол номын санч биш менежер. Менежер сайн байснаар ажилчдаа хөдөлгөнө. Харин номын санч нь уншигчиддаа хөдөлнө. Намайг 23 настай байхад ШУТИС нь МУИС-ийн бүрэлдэхүүн байж байгаад Политехникийн дээд сургууль, Техникийн дээд сургууль, ШУТИС болсон юм. Энэ сургуульд анх ирэхдээ орос хэлний багшаар ажиллахаар ирж байлаа. Анхлан цахилгаан дулааны ангид хичээл заадаг байсан. Дараа нь Эрдэнэтийн технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулцаж байлаа. 2001 онд Эрдэнэтээс сургуульдаа ирсэн юм. Тэгэхэд тухайн үеийн удирдлага  номын сангийн барилга барих гэж байна. Та номын сангийн захирлаар ажиллах уу гэсэн санал тавьсан юм. Тухайн үед номын сангуудаар явж үзэхэд намайг оюутан байх үеийн номын сан биш байсан. Би Оросод сургууль төгссөн номын сан гэдэг бол нам гүм орчид номоо уншиж, хуудас эргүүлхэд эргэж хардаг байсан. Тэгтэл тухайн үед хэд хэдэн их дээд сургуулийн номын сангуудаар ортол гадуур хувцастай, хөзөр тоглочихсон, номын санчид нь лагуу шиг юм урдуураа тавьчихсан байсан. Тэгээд энэ салбарт хийх ёстой зүйл их байна хэмээн номын сангийн захирлаар ажиллахаар болсон.

Горькийн хэлсэн энэ үг тухайн үедээ ном бол ертөнцийг харж байсан юм шиг байгаа юм. 

-Анх номын сангийн захирал болсон үедээ юу бодож төлөвлөсөн бэ. Уг төлөвлөгөө тань биелэлээ олсон уу?

-Хууль эрх зүйн орчин, фонд бүрдүүлэх журам, номын сангийн дүрэм болоод номын санчдийнхаа түвшинг тодорхойлж, бүрэлдэхүүн сургуулийн номын сангаар явсан. Өөрөө үйлчилгээнд зогсож үзсэн. Захирал, дарга гэхлээр компьютерийн ард суух ёсгүй. Үйлчилгээ үзүүлж байгаа учраас дотор нь ороод явах ёстой юм байна лээ. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад  номын сангийн барилга ашиглалтад орсноор Монголын их дээд сургуулиуд  манай номын сангийн жишгээр сайхан номын сантай болох суурь нь болж өгч байна. Мянга сонсноос нэг үз гэдэгчлэн гаднын томоохон их дээд сургуулийн номын сантай танилцсан юм. Номын сан баригдахаас өмнө БНСУ-ын Чонбугийн их сургуулийн номын сантай хамтарсан төсөл хэрэгжүүлсэн. Номын сан сайхан байшинтай байхаас гадна дотор нь хөгжих ёстой. Иймд номын санчиддаа “Ногоон ном, цэнхэр ном гэд битгий хэл. Тэр автортай, тийм ном гэж оюутнуудад хэлж сургах хэрэгтэй” хэмээн одоо энэ жишгээр явж байна. Стратеги төлөвлөгөө маань биелээд ШУТИС-ын номын сан бусад их дээд сургуулийнхаа номын санг хөгжүүлэхээр ажиллаж байна.

номын сан гэдэг бол нам гүм орчинд номоо уншиж, хуудас эргүүлэхэд эргэж хардаг байсан. 

-ШУТИС-ийн хувьд цахим номын санг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Ер нь цахим номын сан гэж юу вэ?

-Цахим номын сан нь олон улсад шинэлэг үйлчилгээ юм. Мэдээллийн эрин зуунд ихэдсэн энэ мэдээллийг уншигч нэг дороос яаж хурдан авах вэ гэдэг хэрэгцээ гараад байна. Иймд зохиогчийн эрхийг аван эхээр нь тавих болон агуулгаар нь цахим санд оруулах юм. Эхээр нь тавьсан тохиолдолд оюутан аль ч хэсгийг авч хэрэглэж болно. Агуулгаар нь гэдэг нь эрдэмтэн, докторын эрдмийн ажлын агуулгыг оруулах юм. 2015 он гэхэд цахим номын сантай болох юм. Ингэснээр бүх зүйл нь автоматжуулагдсан, дохиолол, хамгаалалтын системтэй, онлайн мэдээллийн баазтай, цогц программ хангамжаар хангагдсан номын сантай болно.  Техник технологийн талаарх бүхий л мэдээллийг авах хүсэлтэй ямар ч хүн цахим номын санд хандах боломжтой.

ШУТИС-ын хувьд нийт оюутны сургалтын төлбөрийн 1.5 хувийг ном авахад зарцуулдаг.

-Олон улсын мэдээллийн санг танай сургууль худалдаж авсан гэсэн. Энэ сангийн талаар?

-ШУТИС-ийн Төв номын сан нь олон улсын мэдээллийн санг авч үйлчилгээндээ ашиглан  уншигчдад хүргэж байгаа. Өөрөөр хэлбэл ОУ-ын мэдээллийн санг ашигласнаар зөвхөн ном, судалгааны материал үзэхээс гадна заах арга зүй, гадаад хэлний мэдлэг зэргээ эдгээр сангаар дээшлүүлэх бүрэн боломжтой. Мөн манай сургууль бие даасан номын сантай. Номын сан маань 2009 онд ашиглалтанд орж уншигчид  сурч, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн. Хүмүүс номын санг ном өгдөг, авдаг, хадгалдаг газар гэж ойлгодог. Тиймээс уламжлалт энэ хэлбэр, ойлголтыг өөрчлөх шаардлага гарч ирсэн. Тиймээс ч манай номын сан үйлчилгээндээ онлайн мэдээллийн үйлчилгээг илүү түлхүү нэвтрүүлж, ашиглаж байна. Номын сангийн үйлчилгээ нь  цаасан номоос гадна, ОУ-ын мэдээллийн санг ашиглахад чиглэгдэж байгаа.

ШУТИС-ын ном сан болон бусад их дээд сургуулийнхаа номын санг хөгжүүлэхээр ажиллаж байна.

-Оюутнууд мэдээллийг янз бүрийн хэрэгслээр авч байна. Тэдэнд хэрэгтэй мэдээллийг багтаасан номоор хэр хангаж байна вэ?

-ШУТИС-ын хувьд нийт оюутны сургалтын төлбөрийн 1.5 хувийг ном авахад зарцуулдаг. Түүнчлэн манай сургуулийн хувьд шахааны гэх тодотголтой ном байхаа больсон. Гадаадын оронд номын сан нь дэлгүүртэй тэнд нь багш нар нь номоо заруулдаг. Оюутнууд нь тэндээс номоо худалдаж авдаг. Оюутнууд нь номын сангаас нэмэлтээр ном унших гэж үйлчлүүлдэг. Энэ давуу тал нь оюутан төгсөхдөө мэргэжлийн олон номтой төгсөж байгаа юм. Манай оюутнууд мэргэжлийн 10 номтой төгсөж чадаж байна уу үгүй шүү дээ. Иймээс номын сангийн дэргэдээ номын дэлгүүртэй болсон.

Ч.Гулнар багш Н.Нацагнямын ажилд бага ч гэсэн туслахыг тулд түүнд зориулан номын сандаа өрөө хүртэл гарган өгчээ. 

-Оюутнууд таньд хэр их орж ирж санал хүсэлтээ хэлдэг вэ?

-Байнга санал хүсэлтээ хэлдэг. Гэхдээ би оюутнуудын талд байдаг. Номын санчид маань гомдолтой байдаг юм. Оюутнуудын буруу байхад дандаа өмөөрдөг гээд. Тэгэхээр нь хэрэглэгч хаан шүү дээ гэдэг.

Биднийг ярилцаж суух зуур Шинжлэх ухаан, технологийн салбараас тодорсон төрийн соёрхолт,  инженер Н.Нацагням орж ирсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайд миний төсөлд дахин туслахаар болсон” гэсэн сайхан мэдээг багшдаа хэлэхээр орж ирсэн билээ. Н.Нацагням ШУТИС-ийг төгссөн бөгөөд Ч.Гулнар багш Орос хэл зааж байсан хэмээн тухайн үеийн дурсамжаасаа ярин хөөрөлдсөн юм. Тэрбээр намайг ШУТИС оюутан байхад жижигхэн номын сантай байсан. Номын санд ороод суухлаар бүх охидууд над руу хараад суучихдаг байсан. /инээв/ Зарим охидууд намайг мэдэхгүй. Чи эрчимийх үү танай эрчимд Нацагаа гэж ямар залуу байдаг юм гэж асууж байсан хэмээн хөгжилтэй түүхээсээ хуваалцсан юм. Ч.Гулнар багш Н.Нацагнямын ажилд бага ч гэсэн туслахыг тулд түүнд зориулан номын сандаа өрөө хүртэл гарган өгчээ. 

Бие даалтын танхим