m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.15 03:03
143
Д.Лхагвадулам: Амьд явахад алтан аяганаас ус ууна гэдэг л болоод байна

Чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн ээжтэй ярилцлаа.

2014 оны есдүгээр сарын 13. Үдшийн 22.30 цагийн орчимд чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон эмэгтэй баг тамирчдыг угтахаар ирсэн хүмүүсээр дүүрэн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хүлээх танхим хөл үймээнтэйхэн байв. Онгоц газардахын өмнө угтагсдын дунд цагаан хадаг, мөнгөн аягтай сүүгээ зэхэж, Дэлхийн аваргын дэвжээнээс алтан медаль хүртээд, олныг шагшуулсан амжилтын эзэн 19 настай охиноо сэтгэл догдлон хүлээн  суугаа Д.Лхагвадулам гуайтай ярилцаж амжсан юм. 

-Охиноо тосох гээд сууж байна, сэтгэгдэл ямар байна вэ?

-Маш их баяртай л сууна.

-Яг аварга болох тоглолтыг нь үзсэн байх аа?

-Тийм, тэр үед жүжиг шиг л юм болсон. Охин маань Японы бөхтэй барилдаж байхад хоёр оноо авчихаад, хөлийг нь авахад л “За гарцаагүй боллоо” гэж бодсон. Өргөж аваад, мэхээ хийхэд нь сэтгэл хөдлөөд ...

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөрөв.

-С.Цэрэнчимэд хэд дэх нь билээ?

-Бага охин маань шүү дээ.

-Анх энэ спортоор хичээллэж эхэлэхэд нь та дэмжиж байв уу?

-Би ч юу гэхэв. Майдар ах нь “Аварга” биеийн тамирын сургууль төгссөн юм. Дүүгээ “Алдар нийгэмлэг”-т Хосоо, Цогоо багшид хүргэж өгсөн. Тэр үед “Эмэгтэй хүүхэд ш дээ, дүү нь барадаг болов уу” гэж хэлсэн. Харин хүү маань “Чадалгүй яахав, ээж минь. Аав заан цолтой, өвөө шаггүй барилдчихдаг байсан гэхээр Цэрэнчимэд чадна” гэж хэлсэн. Охин угаасаа биерхүү, эршүүд маягийн хүүхэд байлаа. Багадаа эмээ дээрээ өссөн. Дээр үед “Замура” гээд нэг тор байсан даа, гурван ой дөнгөж хүрчихсэн байхдаа л малын хороогоо цэвэрлээд, тийм тортой хог чирээд гүйдэг. Нэлээд бяртай маягийн хүүхэд байв.

“Аварга” биеийн тамирын сургууль төгссөн ах нь С.Цэрэнчимэдийг “Алдар нийгэмлэг”-т хүргэж өгсөн

-Хоёр ах, нэг эгчтэй юм байна. Өөр спортоор хичээллэдэг хүүхэд бий юү?

-Бүгд морь малд дуртай. 1990-ээд оны сүүл үеэр их алдартай байсан хар азарга гэж байв даа. Тэр морины эзэн Сандагдорж манай нөхрийн эгчийн хүүхэд. Ойрын хамаатан.

Хүүхдүүдийн аав нь биеийн тамирт дуртай болохоор манай дөрөв ч аавынхаа энэ сонирхолыг дуурайсан. Тэгээд Майдар маань биеийн тамирын сургууль төгсөөд, дүүгээ бас спортоор хичээллүүлсэн хэрэг.

 

“Ээжээ, охин нь хайртай шүү.  Аав тэнгэрээс харж байгаа байхдаа ” гээд уйлсан

 

-Тэмцээнд явахын өмнө нь гэрийнхэндээ юу гэж ярьсан бэ, аварга болно оо гэж байв уу?

-Үүний өмнө Польшийн тэмцээнээс амжилттай барилдаад, алтан медаль аваад ирсэн. Тэр тэмцээнээс ирээд өөрөө сэтгэл их өндөр байсан. Явахдаа “Охин нь чадна, та минь биеэ бодоод байж байгаарай. Би ялна аа, зорилгоо биелүүлээд ирнэ” гэсэн.

-Тэмцээний үеэр ээж рүүгээ ярьсан гээд зураг цахим сүлжээгээр тарсан байсан. Үнэхээр тан руу залгасан уу?

-Тийм, “Ээжээ, охин нь хайртай шүү.  Аав тэнгэрээс харж байгаа байхдаа ” гээд уйлсан (хоолой нь зангирав). Би ч бас сэтгэл хөдлөөд ... Тэгэж ярьсны дараа сэтгэл тогтохгүй, хүүтэйгээ цуг Чөлөөт бөхийн холбоо ороод, дараа нь интернэт орж тоглолтыг нь үзсэн юм.

-Охиноо Дэлхийн аварга болохыг хараад энэ сайхан мэдээг хамгийн эхэнд хэнтэй хуваалцав?

-Хүүтэйгээ цуг сууж байсан. Догдлоод, нэг их бөх мэддэг хүн шиг, “Хөлийг нь аваарай, одоо болиорой” гээд л хашгираад суулаа шүү дээ. /инээв/

-Өмнө нь та тэмцээн, уралдааныг нь хэр үздэг байв?

-Нөхөр маань бөх барилддаг, аав маань бөхийн засуул байсан учраас үзнэ ээ. Бөхчүүдийг их хүндэтгэдэг. Манай төр засгаас бөхийн спортыг их сайхан дэмжиж байна. Ганц миний хүүхэд биш, спортоор хичээллэж олон сайхан амжилт гаргаж байгаа хүүхдүүдийнхээ өмнөөс Төрийн тэргүүндээ энэ дашрамд баярлалаа гэж хэлье. Миний охин төрийн хувцас өмсдөг, цэргийн хүн болсон шүү дээ. Алдар спорт хорооны дарга Г.Өсөхбаяр болон нийт тамирчид, дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогбаяр, Чөлөөт бөхийн холбооныхондоо үргэлж жаргал, зовлонг хуваалцаж байдагт бас талархал илэрхийлье. Ямар нэг тэмцээнд орох, шаардлагатай бэлтгэл гээд бүх асуудлыг тэд маань л зохицуулж өгдөг юм. Энэ хэдийнхээ буянд л миний хүүхэд өдий хэрийн амжилт гаргаад ирж байна. Сүүлдээ энэ хэдэд л охиноо даатгачихаад байна. Миний нэмэр ч гэж юу байхав. Сайн ах, сайхан хамт олны хүчээр өдий зэрэгтэй явна даа, миний охин.

Тэмцээнийг нь үзэж байхдаа “Хөлийг нь аваарай, одоо болиорой” гээд л хашгираад суулаа шүү дээ.

Анхандаа Майдар тэмцээн, уралдаанд нь анхаарал тавьдаг байлаа. Өсвөрийн тэмцээн энэ тэрд оролцоход нь зардал мөнгө дандаа хувиасаа гаргана. Тэр үед Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумынхан их тусалж байсан. Э.Бат-Эрдэнэ аварга ч их тусалдаг. Ах нь Солонгост очиж ажиллаж байхдаа олсон бүх мөнгөө дүүгийнхээ тэмцээн, уралдааны зардалд өгдөг байсан. Тэр үеэс олон улсын тэмцээн уралдаанд оролцож байхдаа үзсэн, харсан, сурсан, мэдсэн нь өнөөдрийн амжилтынх нь нэг үндэс байсан нь гарцаагүй.

-Их аварга Д.Дагвадорж хэзээнээс С.Цэрэнчимэдийн бэлтгэл, сургуулилтад анхаарал тавьж эхэлсэн бэ?

-Аса аварга Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч шүү дээ. Өөрөө бөх хүн гэдэг утгаараа их нүдтэй. 2013 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд залуучуудын Дэлхийн аваргын хоёр хүрэл медальтай Мөнхтуяа гэж охиныг манай охин хоёр дараалан тэр дээр өргөж байсан. Эгч нь бөх мэдэхгүй болохоор ингэж л харсан хэрэг, ямар мэх байсныг нь хэлж чадах биш. Тэр тэмцээний үеэр Д.Дагвадорж аварга үзэгчдийн суудал дундаас босож ирээд баяр хүргэсэн. Тэр даруйдаа Японы руу явуулахаар сургуулийн урилга өгсөн. Япон явах болоход багш нар нь ч баярлаад, гэрийнхэн нь ч баярлаад явуулсан. Тэнд очсон хойно нь миний бие тааруухан болж, Солонгост байгаа хүүгээ ч дуудсан. Японд байсан охиноо ч ирүүлсэн.

2013 оны УАТ-ий дараа Д.Дагвадорж аварга Япон руу сургуульд явуулж өгсөн 

Тэр нь буруудаагүй бололтой. Амьд явахад алтан аяганаас ус ууна гэдэг л болоод байна.

Одоо Д.Дагвадорж аваргатаа их баярлаж явдаг юм. Хэдийгээр охин тэнд жил хүрэхгүй хугацаанд сурсан ч дэлхийд бөхөөрөө гайхуулж байдаг япончуудын дунд суралцаж, Монголынхоо нэр, сүрийг харуулж яваад ирсэн. Тэндээс сурсан эрдэм нь ч сая хэргээ гаргах шиг боллоо. Ийм болохоор Д.Дагвадорж аваргадаа баярлалгүй яахав. Тухайн үед өөрийнхөө санаачилгаар жирийн нэг охиныг дэмжиж, тусалсан.  

-Танайх тэгэхээр бөхийн удамтай юм уу?

-Миний аав 1939 онд Улаанбаатар хотын намын хорооны I нарийн бичгийн дарга байсан. Дараа нь Дорнод, Сэлэнгэ аймагт ажиллаж байсан. Насаараа удирдах албан тушаал хашсан хүн. Хэнтий аймгийн Хоршоодын холбоог үүсгэн байгуулсан. Хамгийн сүүлд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажиллаж байсан. Би Хэрлэнгийн хөдөө аралд төрж, өссөн. Ижий маань тэндээ байсан болохоор манай хүүхдүүдийг бас өсгөлцөж өгсөн. Аавынх нь эгч, дүүс бас энд сууж байна. Бид эрвийх, дэрвийхээрээ бие биедээ дэм болж явцгаадаг улс.

-Таны охин дэлхийн аварга болоод ирлээ. Тэгвэл бидний ярилцлагыг унших хүмүүсийн дунд хүүхдийнхээ авьяас, билгийг хөгжүүлж, энэ хэрийн амжилт гаргахад нь яах ёстой юм бол доо гэж асуухыг хүсэх хүн байж болох юм?

-Хүүхдийнхээ дурлаж байгаа бөх байна уу, юу ч бай тэрийг нь дэмжих ёстой юм билээ. Зөвхөн би гэлтгүй, ах дүү, ойр тойрны хүмүүс нь дэмжиж байсан юм, охиныг. Хаа байсан Цэнхэр мандал, Дэлгэр хаанаас ах дүү, аавынх нь эгч нар дэмжиж байсан. Нутгийн уул ус ч бас түшиж байсан байлгүй. Охины амжилтад нутгийн уул, хангай баясаж суугаа байх даа.

Монгол эмэгтэйчүүдийг дэлхийд харуулж, авьяас боломж байдгийг харуулж байгаад ирлээ л гэж бодож байна.

Энэ зуур онгоцны буудлын хөл үймээн ихсэв. Тэгмэгц Б.Лхагвадулам эгч хадаг, сүүгээ шүүрэн барин, охиноо үнсэхээр яаран боссон.