m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 02:07
49
Тулгуур төмөр унагаасан этгээдэд тэнсэн харгалзах ял оноожээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр болох “Тэнгис” кино театрын зүүн урд талд 2012 оны есдүгээр сарын 12-ны өдөр барилга дээрээс тулгуур төмөр унаж иргэн Б.Чойжилсүрэнг цохиж амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан. Энэ асуудалд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч,  цагдаагийн хошууч Н.Жамъяандорж  2012 оны есдүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь  хэсэгт  зааснаар Т.Батбилэг, М.Цогтгэрэл, И-Сан-Ёоль нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийн яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналтайгаар ирүүлсэн байна.

Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Дэлгэрмөнх 2014 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар дээрхи хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүх 2014 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Батбилэг, И-Сан-Чоль нарт  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,828,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Цогтгэрэлд 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жил 6 сар хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэжээ.