m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 02:54
42
Дархлаажуулалтын долоо хоног эхэллээ

“Дархлаажуулалтын долоо хоног” тохиож байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэр 2003 онд ДЭМБ-ын Америкын бүсээс Дархлаажуулалтын долоо хоногийг санаачлан, тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2012 онд анх удаа ДЭМБ-ын бүх зургаан бүсийн 180 гаруй улс оронд дархлаажуулалтын долоо хоногийг нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Дархлаажуулалтын долоо хоногийг дархлаажуулалтын хөтөлбөрийг идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулж, вакцин болон дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, тэдний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх боломжийг олгодог чухал үйл ажиллагаа юм байна.  ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүс 2014 оны “Дархлаажуулалтын долоо хоног”-ийг энэ сарын 21-27-ны өдрүүдэд “В гепатитын эсрэг вакцины төрөх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх замаар В гепатитын халдвар, элэгний хавдраас сэргийлье” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлнэ. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ “Дархлаажуулалт нь хамгийн үр дүнтэй, эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай тусламж үйлчилгээ бөгөөд амжилттай хэрэгжиж буй эрүүл мэндийн хөтөлбөрийн нэг юм. Хүн амыг дархлаажуулснаар В вирүст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, халдварт саа зэрэг 25 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, жил бүр дэлхий дахинаа 2-3 сая хүнийг нас барахаас сэргийлдэг” гэжээ. Манай улсад 1991 оноос эхлэн шинэ төрсөн хүүхэд бүрийг В вируст гепатитаас сэргийлэх вакцинаар дархлаажуулж, хамралтыг 98%-д хүргэж, аюулгүй тарилгын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр В вируст гепатитын өвчлөлийг 3- 4 дахин бууруулсан байна.