m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.16 07:29
43
Дулааны цахилгаан стацын шугам хоолойд нэмэлт дулаалга хийнэ

Монгол, Япон улсын Засгийн газар нь 2013 оны нэгдүгээр сарын найманд Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхээр Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Уг механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Япон улсын зүгээс технологи, санхүүжилт, чадавхи бэхжүүлэхэд чиглэсэн тусламж дэмжлэг үзүүлэх ба төслийн үр дүнд бий болох хүлэмжийн хийн бууралтын кредитийг хоёр улсын нэр дээр тохиролцон тооцуулах юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд энэ онд Японы Канден плант ХХК ба Ничиасу ХХК нь “ДЦС-д шугам, хоолойн нэмэлт дулаалга хийх замаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” урьдчилсан судалгааны төслийг ДЦС-3 дээр хэрэгжүүлэхээр шалгарсан юм. Төслийн явцад дулааны алдагдал өндөртэй шугам, хоолойн хуучин дулаалга дээр Pyrogel XT хэмээх дулаалгын материал нэмж дулаалах туршилтын ажлууд хийгдэнэ. Pyrogel XT-р нэмж дулаалснаар дулаан алдалт буурч, эрчим хүч, түлшний хэмнэлт гарч эцсийн дүнд нүүрсхүчлийн хийн ялгаралт буурах бөгөөд судалгааны явцад дулааны хэмжилт хийх ХКОМ-ын аргачлалыг боловсруулах юм.

 Төслийн баг саяхан ДЦС-3 дээр туршилтын дулаалга хийх үзүүлэх сургалтыг БОНХЯ, ДЦС-4, ЭХЯ зэрэг холбогдох албаны хүмүүсийг оролцуулан хийлээ. Мөн энэ үед самографи, гадаргууг шууд хэмжигч термометр, дулааны урсгал хэмжигч зэрэг багажуудаар хэмжилт, мониторинг хэрхэн хийгдэх талаар танилцуулав.