m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 03:20
54
Нохой боргож, шороо боссон орон сууцны хороолол

Хуучны модон ха­шаан дээр он цагийг элээ­сэн “Ойн 87а” гэсэн хаяг хадаастай. Энэ хаяг жинхэнэ үүргээ гүй­цэтгэж байсан цаг хуга­цаа, орон зайгаа өнөөд­рийн зай завсаргүй түрж урагшлан, чигжиж бөг­лөрч байгаа сүр ихтэй өн­­дөр барилгуудаас харам­лан, авч үлдэх гэсэн баатар лугаа л харагдана. Гэвч түүх өөр. Орон сууц­ны өндөр барилгууд дунд торойн хоцорсон энэ нарийхан хашааны эзэн байраар газраа солих тохиролцоог хийсэн ч барилгын компанидаа хулхидуулаад хоосон хоцорсон. Тал талаас нь бүслэн авсан барилгуудын дунд хашааны эзний алга дарам жижиг газар ямар ч үнэгүй зүйл болон хувир­сан нь тэр. Барилга байтугай үйлчилгээний газар ч байгуулах боломж­гүй болсон энэ газар өнөөх хуучны хаягтайгаа өөрийнх нь өмч хэвээр үлдэж хоцорчээ.

Энэ бол ямар ч зохион байгуулалт, төлөвлөлтгүйгээр давхар давхар барилгуудыг өөр хооронд нь наалдуулан босгож байгаа Улаанбаатар хотын нэгэн хэсгийн дүр төрх. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу хуучнаар Натур худалдааны төв /одоо худалдааны төвийг буулгаж байгаа/-ийн урд, Сэлбийн голын зүүн хэсэг. Хотын төвд гэдэг утгаараа энэ хэсгийн орон сууцны ханш бусдаас хамаагүй өндөр. Харин үнэтэй байрнуудын оршин суугчид эсрэгээрээ гэр хорооллын бөглүү гудамжнаас долоон дор нөхцөлд амьдарч байна. Зай завсаргүй баригдсан барилгууд руу орж гарах авто замыг төлөвлөөгүйгээс 83, 88 дугаар байрны оршин суугчид л гэхэд машинтайгаа гэрийнхээ гадна очихын тулд багагүй адал явдалтай тулгарна. Төв замаас ердөө хэдхэн алхмын зайд байр нь байгаад байдаг, гэрийнх нь цонх харагдаад байдаг. Гэвч гэртээ машинтай хүрч очихын тулд бүр урдуур тойрч, бусад барилгуудын дундуур яваад эцэст нь шороон зам руу шилжиж, шинээр баригдаж байгаа байшингуудын барилгын ажил дундуур гараад, Сэлбийн голын далангаар дамжин эцэст нь ганц машин явахад хэцүү нарийхан гудмыг туулж байж байрныхаа гадаа очно. Энэ зайг хэмжвэл бараг нэг километр болж байлаа. Тэр замыг туулахын тулд багагүй айдастай. Ямар ч хамгаалалт, тор татаагүй алх, дөш хангинасан сүрдэм барилгууд дундуур зам туулна гэдэг багагүй эр зориг шаарддаг болчихсоныг нуух юун. За тэгээд гэрийнхээ гадаа очиход цөөн хэдэн зогсоол дээр нь машин тавьчихсан байвал буцаад явахаас аргагүй. Энэ хэсгийн барилгуудад гаднаа зогсоолтой нь тун цөөхөн. Ёстой л цонхнууд нь өөр хоорондоо наалдаж, хажуу байрныхаа айлыг юу хийж байгааг харилцан хараад сууж байхаар.

Барилгын ажил эхэлж, энэ хавьд энд тэндгүй ажлын чимээ сонсогдоно. Барилгын хажууд зоосон аймшигтай өндөр кран ямар ч бэхэлгээгүй, хажууд нь хүүхдүүд гүйлдэж, хүмүүс ажил амьдралдаа яарцгаана. Энэ хавийн оршин суугчид өндөр үнэтэй байр худалдаж авсан хэдий ч сэтгэл амар амьдарч чадахгүй байгаагаа хэллээ. 88 дугаар байрны оршин суугч Э “Уг нь байрлал нь сайхан юм. Гэхдээ манай эндээс автобусны буудал байдаггүй. Машинтай айлууд ёстой л үйл тамаа үзэж байна. Орой гэртээ эртхэн л ирэхгүй бол зогсоол олж машинаа тавина гэсэн ойлголт байхгүй болсон. Гадаа тайван салхилахад ч хэцүү. Дэлгүүр ороод ирэх хооронд л хаанаас юу унаад ирэх бол гэж айна. Энэ хавийн барилгын компаниуд хашаандаа бүгд нохойтой. Орой үдэш тэд нар нь хуцаж боргоод тайван ч алхуулахгүй. Гэр хорооллын бөглүү гудамж ч ийм байхгүй дээ” гэлээ.

Энэ хавьд нөгөө нар хаалаа энэ тэр гэсэн гомдол бол бүр ч хэрэггүй болж. Нэг нэгнийхээ цонхыг хаан өндрөөрөө уралдан сүндэрлэх барилгуудад суурь талбай нь л байхад хангалттай бололтой. Тэр талбайд хэдэн давхар, ямар байшин босгож болохоор байна гэдэг нь л чухал. Уг нь орон сууцны хороололд авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, хөгшчүүдийн амрах цэцэрлэг байх ёстойсон. За тэр нь дүүрч. Ядаж орцныхоо хаалгыг таглуулаад байшин бариулчихгүй юмсан даа.