m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 03:24
23
Коммунизм хаанаас үнэртэв?

МАН, АН хэмээх хоёр нам Монгол орны нэн шинэ түүхийг сүүлийн  хорь гаруй жил бичиж байна. Хүнээр бол тэд насанд хүрч төлөвших болсон гэж үзэх боловч өнгөрсөн долоо хоногт өрнөсөн улс төрийн үйл явц тэднийг түүхийгээрээ байгааг ард түмэнд харууллаа.Олны анхаарлыг тэгтлээ  их татаад  байгаа “давхар дээл” тайлах тухай жүжиг өдгөө яг оргил хэсэгтээ явж байна. Зарим нэгэнд албан тушаал нь хэт их хүндэдсэнийг, хүнддэж байсныг Ерөнхийлөгчөөсөө эхлээд эрх баригч, сөрөг хүчнийхэн нь гэнэт ухаарч, хувь гишүүн болоод намын төвшиндээ пи-ар хийж, бусдын өмнө сайн хүмүүс болох гэж хичээж байна. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт  оруулж, сайд нарын “давхар дээл”-ийг ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тайлна гэдэг эхнээсээ ээрсэн, орооцолдсон юм болох нь тодорхой байсан юм. Харин одоо өөрсдийнхөө зохиосон жүжигт өөрсдөө орооцолдож манай хоёр том нам гэж ярих дуртай АН,МАН-ынхан ард түмний өмнө булайгаа дэлгэж эхэллээ.

Бүр урагшлуулж ярих юм бол энэ хуулийн төслийг өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Ц.Элбэгдорж УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьж шоу хийж байлаа. Цаг хугацаа нь ингэж таараагүй, тааруулсан нь сонгуулийн өмнөх түүний тактик байсан нь мэдээж. Түүнээс хойш үүнийг МАН-ынхан өлгөн авч ээлжит шоуныхаа бай болгов. Харин эрх  баригч  АН-ын хувьд нам нь хэчнээн жул байгааг өнгөрсөн пүрэв гаригт өрнөсөн санал хураалтын дараа хийсэн мэдэгдлүүдээрээ ил болгож, тараа таниулав. Жамаараа бол Ерөнхий сайд, ерөнхий чиг үүргийн таван яамны сайдаа хасаад үлдсэнийхээ “давхар дээл”-ийг зуны дунд сараас эхлэн тайлья хэмээх санал хураалтад АН-ын гишүүд бүгд татгалзсан хариу өгөх ёстой байв. Гэтэл Д.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт нар зөвшөөрсөн санал  өгч “тэнэгтсэн” нь тус намынхныг муухай харагдуулж орхив. Удалгүй тэдний тухай яриа дэгдэж, ажлын эхний өдөр бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Хэрэв хууль энэ чигээрээ батлагдвал  тэднийг намаас хөөнө” гэж  коммунист тэнэглэл гаргав. Нөгөө  ардчилсан намынхны өмчлөөд МАН-аас харамлаад байдаг хүний эрх, ардчилал хааччихсан бэ. Чуулганы хуралдаанд эсрэг санал өгснийх нь төлөө намаас хөөдөг зарчимтай юм бол  АН-ыг ардчилсан биш  коммунист нам гэхээс өөр юу гэх  юм. Тэр дөрөв ч, тэр дөрөв. Хоёр жилийн дараа дахин сонгууль болоход гуйхгүй юм шиг загнаж, хувь тоглолт хийн муухай монгол зан гаргасан явдал болов. Нэг талаараа нам бол нэгдмэл байх ёстой. Аливаа  зүйлд бүгд нэг зүгт хандаж, алдаа, оноогоо хамт үүрэх нь үндсэн зарчим. Ялангуяа Х.Баттулга өөрийнхөө  хүсэлд нийцүүлэн үйлдвэрийн салбарыг хөдөө аж ахуйтай нэгтгэж “давхар дээл” өмсчихөөд одоо “новширч” байгаа нь хүн чанартай, ард түмнийг бодсон баатар гэж хэлэхэд хэцүү л юм.  Санал хураадаг өдрийн  чуулганы хуралдаанаар Ц.Нямдорж “Би өөрөө энэ “давхар дээл”-ийг дөрвөн удаа өмсчихөөд одоо ямар нүүрээрээ бусдыг тайл гэж хэлэх юм” хэмээж байсныг Х.Баттулга сайд сонссон л байх. Чухам ямар нүүрээрээ “дээлээ” тайлъя гэсэн юм бол. Бусад нь ч ялгаагүй, ардын баатар болох гэж оролдсоноос өөр юмгүй. Тэгж яривал сонгуульд “оочихоос” өөрийг мэдэхгүй байсан Р.Бурмааг АН л квотоороо УИХ-ын гишүүн болгосон. За тэгээд Ж.Батзандан, М.Зоригт нарын хувьд анхнаасаа л хаана ч дэвж явах, туйлбаргүй нөхдүүд.

Яг үнэндээ тэд ч, бас МАН ч ард түмнийг бодсондоо бусдыг “давхар дээлээ” тайл гэж хашхираад байгаа юм биш. Өнөөгийн нөхцөлд бол сайдууд ажлаа өгөөд иргэдийн амьдрал сайжирдаг нь лөөлөө. Тэд хэзээ ч ард түмнийг бодоогүй, бодох ч үгүй. АН-ыг бодвол өчнөөн жил төр барьж Монголын ард түмнийг баян, ядуугийн туйлд хүргэсэн МАН-ынхан иргэнээ боддог хүн чанартай улс төрийн хүчин гэвэл онигоо шиг сонсогдоно. Өдгөө тус намын удирдлагад байгаа нөхдүүд нэгэн цагт намыг нь ялалтад хүргэж, амжилтанд хөтөлж байсан Н.Энхбаярыгаа араас нь түгжилдсээр байгаад л шоронд хийчихдэг хүмүүс. Ийм түүхтэй намынхан ард түмнээ бодож сөрөг хүчнийхнийхээ “давхар дээл”-ийг үзэн ядаагүй, өөрснийхөө эрх ашгийн төлөө юм. Чухамдаа яг энэ асуудал манайд улс төрийн намын төлөвшил ямар байгааг ил тод харууллаа. Өөрөөр хэлбэл муухай монгол хүмүүсийн нэгдэн, нягтардаггүй зөвхөн хувь, бүлгийн эрх ашгийг эхэнд эрэмбэлдэг чанар дахин ил болов. МАН, АН гэж манантсан намууд л байна. Эр, эм нь мэдэгдэхгүй гэдэг шиг ардчилсан, коммунист нь ч ялгагдахгүй, баруун, зүүний чиглэл нь ч ойлгогдохгүй саармаг намууд. Гэвч яаж ч голсон тэд Монголын улс төрийг бүрдүүлэх үндсэн хэсэг нь юм даа.