m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 03:28
103
Урлагийнханд уйлах ч багадна

 

Гаднах төрх нь жавхаатай, хаа ч явсан инээж буй жүжигчинг хүмүүс элбэг хангалуун, тайзан дээр харагддаг шигээ л амьдардаг гэж төсөөлдөг. Үнэндээ бол тийм биш гэдгийг бид ч мэднэ, тэд ч хэлж байна. Саяхан Монгол Улсын Ардын, Гавьяат Соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм алдрын эзэд яамныхаа өмнө жагсав. Урлагийнхан жагслаа гэж ард түмэн эгдүүцэж эсэргүүцээгүй. Урлагаа гэх   сайхан сэтгэл  нь тэднийг эд хөрөнгө бодож, элдэв ганган зүйлээс өөрийгөө холдуулах нэгэн сэдэл болдог байж мэдэх юм.

Одоогоос таван жилийн өмнө юмдаг. Ардын жүжигчин (нэрийг нь бичихээс түр азнав) Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд машинаа асаах гэж үйлээ үзэж байхтай таарсан юм. Нийслэлд  тоотой хэдхэн байх, хэрэгцээнээс бараг шахсан  тэр машины эзэн нь монголчуудын хайртай, хүндэлдэг жүжигчнийх байсанд би их гайхаж билээ. “Бололцоотойсон бол юу гэж энэнтэй зууралдаж суух вэ” хэмээн үглэн аргаа барж буй түүнд туслах хүн захаас аваад л байв. “Би хүргээд өгье. Чирээд явах уу” гээд л. Харин ардын цолтон маань түмэн олонд талархаж буйгаа хэлээд хүүгээ дуудна лээ. Энэ ч бага хэрэг. Бидний хайртай, хүндэлж дээдэлдэг Ардын жүжигчин Б.Дамчаа гуайн амьдарч буй байр хөлдүүс байсныг бид бүхэн мэднэ. Нэр хүнд, хүн чанар нь нөлөөлсөөр энэ тухай хэлэлгүй тэвчсээр эцэстээ Биокомбинатад байх мөсөн байшингийн талаар олны тусын тулд хэмээн зурагтаар ярьж байсан. Амар амгалангийн оронд үүрд одохоос нь хэдхэн сарын өмнө очиж ярилцлага хийхэд “Би яах вэ, даарч хөрсөөр бүр дасдаг юм байна. Харин энд байгаа нялхас, хүүхдүүд хөөрхий байна. Өвчин салахгүй шүү дээ” хэмээн санаа зовон өгүүлж байсан. Хаврын урь орсон байхад нь хананых нь цана цохисон хэсэг гэсээгүй байсныг тодхон санаж байна. Авьяас чадвар гэгч юу болохыг, дүрийг хэрхэн амилуулж, яаж тайз, дэлгэцнээ амьдруулдгыг жинхэнэ утгаар нь харуулж чадсан, бүр дээд зэргээр харуулсан эрхэм хүн тийм орчинд амьдарч боломгүй. Бид ийн ярьж бичсээр, юу ч шийдэж чадаагүй байхад тэд бурхны оронд одсоор. Хөөрхий бурхан болсон хойно нь  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хороололд хоёр өрөө байр өгсөн юм билээ. Харамсалтай нь  түлхүүрээ гардан авч чадаагүй.  Энэ мэт жишээ олныг дурсаж, бичиж болно.

 

Хүний цалин сонирхож асуух тийм ч таатай хэрэг бишээ. Гэхдээ энэ нийтлэлийг бичихийн тулд асуухаас өөр арга байсангүй. Тухайлбал Улсын Драмын эрдмийн театрын жүжигчний дундаж цалин  450 мянган төгрөг байдаг аж. Харин Ардын болон Гавьяат жүжигчин 600-800 мянган төгрөг сардаа авдаг гэнэ. Үүнээс хуулийн дагуу төлөх ёстой татвараа төлөхөөр эрхэм цолны эзэд гар дээрээ дунджаар 620 орчим мянган төгрөг авдаг байх юм. Харин дөнгөж жүжигчин болж буй, театрт ороод удаагүй нь 300 мянган төгрөг авахтай, үгүйтэй л байдаг юм байна. Алдар хүндийн эзэн болсон жүжигчид маань одоо нас сүүдэр өндөр болж, социализмын үед авч байсан цалинтайгаа харьцуулахад “Овоо л байна” гэж бодож сэтгэлээ хуурдаг байх. Ард түмний хүндэтгэл, хайрыг олон жилийн уйгагүй хөдөлмөр бүтээлийн үрээр хүлээж чадсан эрхэм хүмүүсийн чадварыг ингэж үнэлж буй нь харамсалтай. Монголчуудын хамгийн өргөн хэрэглээний хүнс болох мах нэг кг нь хамгийн багадаа 6500 цаашлаад 10000 төгрөг болчихсныг хэн хүнгүй мэднэ. Монголчуудын олонх нь тарчигхан амьдарч байна. Тэр дундаа урлагийн салбарын ажилтнууд. Ардчилалын салхи сэвэлзсэн тэр үеэс өнөөг хүртэлх хугацаанд урлагийнхан цалингаа нэмүүлье, ажил хаяна гэж жагсаж байсан удаагүй. Эцсээ хүртэл, бүр тэвчээрээ бартал хүлээсний эцэст энэ салбарынхан жагсаж буй нь тэр. Жагсагчид “Монголд сонгодог урлаг хэрэгтэй юу. Урлагийн салбарыг уландаа гишгэгсэд. Өвдөг нь цоорхой урлагийнхан өв соёлоо хамгаалж байна” гэсэн лоозон барьсан байна билээ. Үнэн бодит байдлыг өгүүлсэн харагдана лээ.

Шинэ жил, цагаан сар, баяр наадам болно тэд л биднийг огшоож, баяр дээр баяр нэмдэг. Урлагийнхан үзэгч олон руугаа хараад инээгээд, эргээд хараад уйлдаг амьдралтай байж боломгүй санагдана. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа нэгэн бахархмаар ажил хийсэн. Монголын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан алдар цуутай тамирчиддаа цалин олгож, алдар гавьяаг нь үнэлсэн. Зөв бодлого шийдвэрийн ачаар олон хүний нар гарч, орох оронгүй нэг нь тэр даруй байрны захиалга өгөхөөр гүйсэн гэдэг. Харин бид урлагийнхныгаа яагаад орхигдуулаад байгаа юм бэ. Дэлхийн урлаг гэгддэг сонгодог урлагийн төрлөөр Монголын нэрийг дэлхийд гайхуулж буй уран бүтээлч нэг хоёроор бус нэлээн хэдээр тоологдох боллоо. Монголчуудын олонх нь сонгодог урлагийн сайхныг мэдэрч, ойр ойрхон театрын зүг гүйгээд байдаггүй ч бид тэднээрээ бахархаж, авьяас чадварыг нь үнэлэх ёстой бус уу.  Дэлхийн хэмжээний дуучин хэмээн магтуулж буй тэд хэдэн төгрөгийн цалин авдаг гээч. Хэлэхээс ч ичмээр. Ердөө л 350-450 мянган төгрөг. Бас л нөгөө татвараа өгөхөөр хэдхэн бор төгрөг гар дээр нь ирнэ. Дэлхийн хэмжээний уралдаанд оролцож амжилт гаргасан дуучдаа спортынхонтой адил урамшуулж яагаад болохгүй гэж.  Тамирчин, сонгодог урлагийн дуучдын асуудлыг ингээд шийдэх бодол салбарын удирдлагуудад байдаг юм билээ. Харин урлагийн салбарын томоохон төлөөлөл бусад дуучин, жүжигчдийг яах вэ.  Монголын дуучин, жүжигчид ямар авьяас чадалтайг бид бүхэн мэднэ. Тэднийг бас дэлхийн хэмжээний уралдаан, тэмцээнд орсны дараа нь урамшуулна гээд гараа хумхиад суух уу. Боломгүй зүйл. Театрынханд хэдхэн жүжиг тавь хэмээн төсөв батлаад одоо хэр нь мөнгө нь дансанд нь шилжээгүй байгаа юм билээ. Тэгээд дээрээс нь бизнесийн салбарынхантай хамтарч ажиллах боломжийг нь хаасан журам гаргасан байх юм. Монголын төр засагт санасан хэмжээний мөнгө халаасанд нь байхгүй атлаа урлагт элэгтэй үндэсний компаниудаа урлагийнхантай хамтарч ажиллах боломжийг хаасныг ойлгоход бэрх. Санаа зорилготойгоор энэ салбарыг унагах гээгүй нь болов уу гэдэгт итгэж сууна.

Дэлхийн бусад орны жишгээс харъя. БНСУ урлагийн салбартаа мөнгө харамгүй зориулдаг. Дээр нь урлагийн салбараа дэмжиж ажилласан үнлдэсний компаниудаа татвараас 10-50 хувь хүртэл хөнгөлдөг байх юм. Ийм бодлогыг бид хэрэгжүүлж, хүн бүхний оюуны хэрэгцээ болсон урлагаа дэмжих цаг нь болсон бус бүр оройтоод байна. Давчуухан өрөөнд нүүрээ будан, тоглолтод өөрийгөө бэлтгэн суугаа Ардын жүжигчин өнөө маргаашийн талхны мөнгөө бодолгүй, үр хойчдоо үлдээх дүр, үлгэр дууриалалаа бодон сэтгэл өөдрөг алхдаг юм билээ. Гайхамшигтай сэтгэлийг нь мохохоос  ганц өдрийн өмнө ч гэсэн тэднийг тэтгэе. Өнөөгийн байгаа байдлаас болж урлагийнханд уйлах ч багадна.