m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 03:28
35
Ерөнхийлөгч энхийг сахиулагчидтай утсаар ярилаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд нурууны мэс засал хийлгэн илааршаад эх орондоо ирмэгцээ ажилдаа орсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэрбээр Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний III ээлжийн цэргийн багийн захирагч хурандаа Б.Эрдэнэбаттай өчигдөр холбогдон тухайн орны цагийн байдал, цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийн талаарх илтгэлийг сонсч үүрэг өгөв.

Мөн энэ сарын 14-нд тус улсын Юнити мужийн Бентью хотын ойролцоох газрын тос олборлох үйлдвэр зэвсэгт халдлагад өртсөний улмаас шархадсан ОХУ, Украин, Кени, Өмнөд Суданы 10 иргэний амь насыг аюултай байдлаас аварч,  эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх ажиллагааг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргэж, цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Цэргийн багийн хариуцсан бүсд омог хоорондын мөргөлдөөн үүсч, дотоодын зөрчил тэмцэл, хүчирхийллийн улмаас иргэд олноороо амь үрэгдэж, орон гэрээсээ дүрвэж байгаа юм. Манай цэргийн баг НҮБ-ын мандатад заагдсан үүргийнхээ дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж, өөрийн хариуцлагын бүс дэх цэргийн бааздаа 20 гаруй мянган нутгийн иргэдийг байрлуулан, хамгаалалтандаа аваад байгаа билээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагад энэ асуудалд байнга анхаарал тавьж, цэргийн бие бүрэлдэхүүнээс ирж буй санал, асуудлыг цаг хугацаанд нь шуурхай  шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгосон байна.