m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.17 03:38
294
Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан МАХН, МАН-ын төлөөллүүд УДЭТ-ын урд талбай дахь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, Д.Арвин, МАН-ын генсек Ж.Мөнхбат тэргүүтэй гишүүд дэмжигчид оролцлоо.

Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд оролцсон зарим хүмүүстэй уулзаж, сэтгэгдлийг нь сонирхсон юм. 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

-XX зууны Монголын түүхэнд алтан үсгээр бичигдсэн Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөхөөр хүрэлцэн ирсэн түүний ах дүү, үр хүүхэд, төрөл төрөгсөд, нутаг усныхан, МАН-ын үе үеийн гишүүд дэмжигчид, эрхэм журмын нөхөд та бүхэндээ Монголын ард түмний түүхэн бахархал болсон маршал Ю.Цэдэнбал агсны 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө халуун амь бүлээн цусаа урсгасан түүхэн үеийн эх орончдын нэг. Эх орныхоо сэргэн мандалтын төлөө амь амьдралаа зориулсан хүний нэг бол Ю.Цэдэнбал юм. Тэрбээр төрийн үйл хэргийг хагас зуун жил орчим удирдахдаа Монгол Улсыг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлж чадсан түүхэн гавьяатай. Мөн түүхэн цаг үед санаачилгыг гартаа авч 1963 онд БНХАУ, 1977 онд ЗХУ-тай хилийн гэрээг амжилттай хийж, Байтаг Богд уул, Мана уул, Нөмрөг голыг буцаан авч, их хөрш орнуудаар торгон хилээ хүлээн зөвшөөрүүлж чадсан түүхэн ач холбогдолтой түүхэн үйл явдлыг гардан зохион байгуулсан.

Атар газрыг эзэмших, их бүтээн байгуулалтыг цогцлоон сүндэрлүүлэх, ард түмнээ эрүүл соён гэгээрсэн бичиг үсэгтэн болох их түүхэн үйл хэргийг удирдан манлайлсан улс төрийн удирдагч юм. Бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон Азийн анхны улс болж ЮНЕСКО-гийн шагнал хүртэж, Монгол хэмээн дэлхий нийтэд зарлуулж чадсан түүхэн бахархал түүний нэртэй холбоотой. Өнгөрсөн зууны Монголын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, гадаад хамтын ажиллагаа, батлан хамгаалахаас эхлээд нийгмийн бүхий л салбарт олсон үсрэнгүй хөгжил дэвшлийг Ю.Цэдэнбал гэдэг хүний түүхэн үйл хэргээс салгахын аргагүй. Түүний бүтээн байгуулсан суурь хөрсөн дээр өнөөдрийн XXI зууны Монголын амьдрал үргэлжлэн, үр шимийг нь бид бүхэн хүртэж байгаа гэдгийг мартах учиргүй.

Ач охин Анастасия Цэдэнбал:

-Урьд урьдын жилүүдэд өвөөгийн төрсөн өдрийг бид хоёр гэр бүлийн хүрээнд дурсаж тэмдэглэдэг байлаа. Манай аав эрдэм шинжилгээний ажлаар Европын орнуудаар явдаг болохоор ихэнхдээ ээж, бид хоёр байдаг юм. 

Наашаа ирэхээсээ өмнө ээждээ Монгол руу явах гэж байгаагаа хэлж амжаагүй. Ирсэн хойноо л хэлсэн. Ээж Монгол оронд их хайртай, ирж үзэхийг олон жил хүсэж мөрөөдөж байгаа. Тиймээс ирэх жил ээж, аавтайгаа ирнэ гэж бодож байна. Аавын хувьд ойрын хугацаанд Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа. Москвад очоод аавтайгаа уулзахаараа энэ удаагийн аялал, өвөөгийнхөө төрсөн нутагт очсон талаарх сэтгэгдлээ хуваалцана. Аавыг Монгол Улсад ирээсэй гэж хүсдэг хүн олон байна. Тиймээс аавыг Монгол руу ирэх хугацааг нь мэдээд, та бүхэнд эргээд дуулгах болно.

Ю.Цэдэнбал агсны дүү Ю.Жавзан:

-Манай ах жирийн малчны хүүхэд. Сургуульд явж, эрдэм сураад хожмоо төрийн өндөр дээд албан тушаалтан болсон.

Манай төр засаг, нам ийм их хүндэтгэл үзүүлж, энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаад нь ах дүүс, үр хүүхэд, төрөл төрөгсөд бид тун их баяртай байна. Энд ирсэн бүх хүмүүст баярласан талархснаа илэрхийлж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Хүндэтгэлийн арга хэмжээнд МАХН-ын гишүүд, дэмжигчидтэйгээ ирж хүндэтгэл үзүүллээ. Манай намынхан жил бүр "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болон энэ өдөр Ю.Цэдэнбал даргын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг сайхан уламжлалтай. Ю.Цэдэнбал даргын 98 насны хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүн бүхэн сайхан зүйл ярьж байна. Гэхдээ бид түүхийг үнэн зөвөөр нь хойч ирээдүйдээ өвлүүлэх ёстой. Монгол төрийн нэрт зүтгэлтэн хүний гунигт амьдралын түүх дахин бүү давтагдаасай гэж сэрэмжлүүлэх ёстой. Улс эх орондоо их зүйлийг бүтээсэн, гавьяа байгуулсан төр, нийгмийн зүтгэлтнүүдийн гавьяаг Монголын төр засаг болон ард түмэн, тэр дундаа нам эвслүүд мартах учиргүй. 

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-Ю.Цэдэнбал агсны Монгол улс, ард түмний төлөө хийж бүтээсэн түүхэн үйл хэргийг бүгд мэднэ. Өнгөрсөн сар түүний ач охин Анастасия Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Энэ хугацаанд Ерөнхий сайд болон төрийн зүтгэлтнүүд хүлээн авч уулзан, Ю.Цэдэнбал агсныг хүндэтгэж байдгаа илэрхийлж байсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Анастасиятай уулзах үеэрээ монгол хэл сурахыг зөвлөж, МУИС-д суралцуулахаар болсон. Түүнчлэн төр нийгмийн нэр зүтгэлтний үр, ачийг Монгол Улсад ажиллаж, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс гурван өрөө байр бэлэглэсэн. Мөн Анастасияаг ОХУ-ын "Роснефть" компанитай хамтран ажиллахад гар бие оролцохыг урьж, Монголд ажиллахыг дэмжсэн. 

Энэ үйл явдал нь Ю.Цэдэнбал агсныг Монголын төр хэр их хүндэтгэж байгааг харуулсан сайхан үйл явдал болсон.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 

-Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ой 2016 онд болно.  1990-ээд оноос хойшхи нийгмийн өөрчлөлтийн явцад энэ хүний түүхэн гавьяа, хийж бүтээсэн ажил нь бүдгэрэх, балрах тохиолдлууд гарч байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс ирэх хоёр жилийн хугацаанд 100 жилийн ойг угтан энэ хүн Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ, гадаад, дотоод нөхцөл байдал ямар байсан билээ гэдэг асуултад улстөр, нийгэм, эдийн засгийн талаас бодит дүгнэлтүүдийг гаргах ёстой. Эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн ажлуудыг нь онцгойлон тэмдэглэх ёстой. 44 жил төр барьж байх хугацаандаа 60 гаруй олон улсын байгууллагад Монгол Улсыг гишүүнээр элсүүлсэн гавьяатай. 94 оронтой дипломат харилцаа тогтоосон.

Үүнээс гадна хувь хүнийх нь талаас нэлээд тод, нарийн мэдээлэл олон нийтэд хүргэх ёстой. Үгүй бол үйл хэргийг нь мушгих, гуйвуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Ийм зүйл Монголын түүхэнд дахин бүү давтагдаасай хэмээн сэрэмжилж явах нь үе үеийн Монгол төрийн бодлогод байх ёстой.