m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 03:45
29
Ч.Гулнар: Бид номын хорхойтнуудыг энэ өдөр нэгтгэж чаддаг

НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” гэж 1995 онд албан ёсоор зарласан. Ном шимтэн уншдаг, номонд дурладаг хүмүүс чухам энэ өдөр ном солилцох, шинэ гарсан бүтээл  худалдан авах, санал бодлоо солилцох зэрэг номтой холбоотой арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Энэхүү өдрийг ШУТИС-ийн Төв номын сан тав дахь жилээ зохион байгуулж байна.  Тийм ч учраас энэ удаа ШУТИС-ийн Төв номын сангийн захирал Ч.Гулнартай ярилцлаа.

-Танай сургууль дэлхийн номын өдрийг тэмдэглээд удаж байна уу.  Энэ жилийн хувьд ямар онцлогтой болж байна?

-ШУТИС нь дэлхийн номын өдрийг тав дахь жилдээ тэмдэглэж байна. Орчин үеийн залуус ном уншихаа больсон гэж шүүмжлэх болсон энэ үед дэлхийн номын өдрийг тэмдэглэх нь олон талын ач холбогдолтой. Энэ жил гэхэд бид “Олон улсын техник технологийн номын үзэсгэлэн” гаргаж байна. Манай үзэсгэлэнд ОХУ-ын “АСВ” хэвлэлийн газрын барилгын чиглэлийн ном, “Горная книга” хэвлэлийн газрын шинэхэн бүтээлүүд тавигдаж байгаа. Мөн Америк, Монгол судлалын төв “Азид зориулсан ном хөтөлбөр”-ийн хүрээнд манай номын санд 300 гаруй төрлийн 1000 ширхэг ном бэлэглэнэ. ШУТИС 136 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Мөн энэ өдөр 2013, 2014 онд шинээр гарсан номууд олны хүртээл болно. Зөвхөн мэргэжлийн төдийгүй олон улсын сонгодог, танин мэдэхүйн номын үзэсгэлэн худалдаа ч гарна. Тиймээс сонирхсон номоо үзэсгэлэн дээр ирж үзээд авах боломжтой.

-Өнөөдөр номын худалдаа, үзэсгэлэнгээс гадна ном унших дуртай хүмүүст зориулсан олон арга хэмжээ болж байгаа гэсэн?

-Оюутнууд номыг харьцангуй бага уншдаг болжээ. Бид өнөөдөр зөвхөн техник технологийн номын үзэсгэлэнг зохион байгуулаагүй. Үүний зэрэгцээ хэд хэдэн үйл ажиллагаа болж байгааг хэлэх хэрэгтэй. Юуны өмнө бид эрдэмтэн багш нарын шинээр гаргасан ном, бүтээлийг олон нийтэд таниулахыг зорьж байна. Монголын томоохон хэвлэлийн газрууд өөрийн бүтээлээ сурталчилна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бүх хүн номоор амьсгалах ёстой. Бид номын хорхойтнуудыг энэ өдөр нэгтгэж чаддаг юм. Оюутан залуус бие биедээ хэрэгтэй номоо солилцдог.

-Хандивын номууд ихэнхдээ  ач холбогдол багатай байдаг. Энэ гэхдээ нийтлэг жишиг биш байж болох юм?

-Ингэж ойлгох тохиолдол бий. Өмнө нь тэгдэг байсан байж болно. Харин бид номоо сонголтоор авдаг болсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэгтэй номоо сонгож авч байна. Тиймээс ном өгч байгаа байгууллагууд маань сайн ном өгөх хэрэгтэй гэдгийг мэддэг болсон. 

-Энэ үеэр орчин үед өргөн хэрэглэдэг цахим мэдээллийн сангийн талаар хүмүүст мэдээлэл өгнө гэсэн. Энэ талаар?

-Оюутнууд номын сангаар дэлхийн олон улсын 15 мэдээллийн сантай холбогдон хэрэгтэй материалаа үзэж, цахим номоо унших боломжтой.  Тухайлбал, ОХУ-ын сая гаруй диссертацийг цахим хэлбэрээр унших эрх бий. Өнөөдөр багш, оюутнуудад цахим мэдээллийн санг ашиглах талаар сургалт явуулна. Мөн онлайн зохиогчийн эрхээ өгсөн багш нарт тусгай урамшуулал олгодог. Дэлхийн номын өдрөөр олон улсын сонгодог, танин мэдэхүйн номыг давхар сурталчилж хэвлэлийн компаниуд номоо хямдралтай үнээр худалдаалах зэрэг уншигчдад олон талаараа давуу талтай.

-ШУТИС-ийн Төв номын сан нь олон улсын стандартад нийцсэн анхны номын сан. Номын сангийнхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Бид 2009 оноос эхлэн бие даасан номын сантай болсон. Бусад их, дээд сургуулийн судлаачид, багш нар хүртэл манай номын сангаар үйлчлүүлэх хүсэлтэй байдаг. Заримтай нь хамтарч ажилладаг. Номын сан бол ном авдаг, өгдөг, хадгалдаг газар биш. Бид номын сангаа сургалт, судалгааны орчин болгож чадсанаараа онцлог. Нийт номын 40 хувь нь англи, 60 хувь нь монгол, орос болон бусад хэл дээр байдаг. Сүүлийн үед англи хэл дээрх номын тоо нэмэгдэж байна. Цахим хэлбэрийн ном ихэвчлэн англи хэлээр байдаг.  ШУТИС-ийн КТМС, ЭХИС-ийн хэд хэдэн мэргэжил олон улсын магадланд орсон. Магадлангийн гол шалгуур үзүүлэлтүүдэд номын сантай холбоотой заалтууд орсон байдаг. Олон улсын шинжээчид манай номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээтэй  танилцаад  ШУТИС-ийн Төв номын сан бол Олон улсын жишигт хүрсэн номын сан байна гэсэн дүгнэлт өгсөн.

-Москвагийн их сургууль хоёр сая, Бээжингийн их сургууль нэг сая номтой гэдэг. Харин танай сургуулийн номын сангийн номын фонд энэ төвшинд хүрч чадаж байна уу?

-Бид номын тоо гэхээс илүүтэй номын чанарт анхаардаг. Одоогийн байдлаар манайд 450 гаруй мянган ном бий. Цахим мэдээллийн санд байгаа номоо оролцуулбал нэг сая хүрнэ. Нөгөөтэйгүүр номын сан гэдэг хүн өөрөө сонголтоо хийх ёстой. Сонголтоо хийх учраас бүх төрлийн мэдээллээр хангалттай хангаж байхыг хичээдэг.

-Залуучуудыг ном бага уншиж байна гээд байгаа. Тэднийг ном шимтэн уншдаг болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

- Ном уншаад суух таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Залуучууд ном уншихгүй байна гэдэг ерөнхий ойлголт. Тэдэнд зориулсан тухтай орчин, өргөн сонголттой баяжигдсан номын фондтой  болж чадвал тэднийг ном уншуулах боломж бүрдэнэ.