m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 04:06
131
Сохор өвгөний үг

Өвгөн автобусны буудал бараадан сууна. Нүүрийг нь дүүргэх шахсан том хар нүдний шил нь сааралтан цантжээ. Хэзээний, ямар үйлийн үрээр нүд нь сохорсоныг мэдэх аргагүй. Хоёрдугаар сар гарах дөхсөн хэдий ч өглөөдөө тэсгим жавартай ажээ. Түүний урдуур нааш цааш хөлхөлдөх даарч жихүүүцсэн хүмүүс өвгөнөөс нэг их дээрдэхээргүй харагдах нь өрөвдөлтэй хачин санагдаад ичих, инээд хүрэх хоёр зэрэг шуурна. Өвлийн жавартай хүйтэн салхи олны хацрыг шавхуурдан алгадахад зүрхээ мөсөн ууланд мөргүүлсэн шиг өөрийн мэдэлгүй нүүр хувьсган эмзэглэнэ. Энэ бүхэн харин өвгөнд нөлөөлөх битгий хэл эсрэгээрээ бүр огт жиндээхгүй байгаа мэт халуун бодол төрүүлнэ. Хэн нэгэн рүү аврал эрэн хараад байх шиг үзэгдэх өнөөх цаасан хайрцагны хов хоосон ёроол харц хайрна. Тэр үнэндээ үг хэлдэг бол энэ бүхнийг надаас илүүтэйгээр тоочих байсан биз. Хайрцагныхаа араас үл үзэгдэх жимсээ дааж ядсан мод шиг бөгтийсөн хэвээрээ тонголзон байж

  • Сохор наддаа мөнгө хайрлаач..., харалган өвөөдөө сэтгэл хайрлаач хүмүүсээ... гэх нь нэгэн хэвийн аялгаар олон дахин хэлэгдэхэд чихнээ цуурайтах шиг болоод зүрхний харанга дэлдэнэ. Өмнүүр нь өнгөрөх хүмүүс хөгшнийг анзаарах байтугай зарим нь бүр дайрчих шахан алхаж одно. Ховорхон тохиох “ойр” сэтгэлтэн задгай хэдийгээ түүн рүү шидлэхэд бүдэг анир аван бараг малгайн цаанаасаа нэвт гэрэлтэх хөв хөх тэргүүнээ дээш өргөөд
  • Гэрэлт хорвоогийн сайхныг зуун жил хараарай хүү минь гэсээр амнаасаа уур манан савсуулж хоцорно. Манарах төдийхөндөө замхран арилах өчүүхэн уур нь энэ хавийг тэр чигээр нь уясган зөөллөх шиг санагдана. /яг л хаврыг авчрах мэт/ Энэ бүхний дараа өвгөн хайрцагаа гараараа тэмтрэхгүй байх нь яагаад ч юм сонирхол татах зуур тэр дорхноо хүн хүндээ итгэх итгэл нь халаас нэгжигч жаалхүүгийн сэтгэлд хуулагдлаа. Хүү бүх мөнгөө өвгөний өмнөх хайрцаг дотор гунигтайхан тавилаа. Энэ удаад тэр талархсан сэтгэлээ илэрхийлж ганц ч үг гав хийсэнгүй. Хүмүүсийн дундуур толгойгоо гудайлган алхаж одох жаалаас бүгд цэрвэн халаас, цүнхээ хямгадан хялалзана. Хүүд үгээс илүү залбирал хэрэгтэй байсныг хэн мэдэх билээ. Өвгөн ингээд л хүн, машины нүсэр их чимээ шуугиан дундуур “сохор наддаа мөнгө хайрлаач..., харалган өвөөдөө сэтгэл хайрлаач хүмүүсээ” гэсэн үгсээ харамгүй, цөхрөлтгүй урсгасаар л суух авай. Хажууханд нь автобус хүлээн нэлээд удсан хоёр залуу уйдаж ядахдаа настаны дэргэд очоод үгийг нь тасалдуулан
  • Өвгөн минь тэр мөнгө чинь “нүдгүй танд битгий хэл нүдтэй надад олдохгй байх чинь юуны чинь мөнгө хайрла гэж вэ?” хэмээн дооглонгуй өгүүлчихээд хоорондоо хөхрөлдөн хэнэггүй холдлоо. Түүний нас ойролцооны нэгэн өвгөн цаана нь таягаа тулан ядавч бас жуумагнах аятай зогсоно. Хүмүүс энэ бүхний дэргэд чимээгүй зогсох нь дэндүү хөөрхийлөлтэй. Оронд нь энд хүн чулуу байсан бол үүнийг сонсоод амилан зэвүүцэж, дуу гаргах байсан нь лавтайдаг. Өвгөн тэдний зүгт хандан “гэрэлт хорвоогийн сайхныг зуун жил хараарай хүү минь” гэж хэлэх гэсэн боловч ерөөл цацруулагч хоолойд нь жавартай салхиар нэгэн зүйл дотогшоо тороод дуу нь ер гарч өгсөнгүй амаа дэмий л ангалзуулан байв. Хоёр чих таг дүлий атал яасан ч юм үгдэрсэн хөндүүр цээжинд нь тунарсан хар үүлс бүрхэх шиг болоод өвгөн удалгүй дотроосоо бээрч эхлэхэд тэнгэр цэлмэгхэн, нар дээр хөөрч гадаа хэдийнээ дулаан орж, агаар зөөлөрсөн байлаа. Юу ч болоогүй атал өвгөн улам л даарч, улам л чичэрч эрүү өвдгөө нийлүүлэх шахан суух нь хэвлийдээ байгаа хүүхэд шиг үзэгдэхэд хаа нэгтээ хүмүүсийн баясан инээлдэх урьд урьдынхаасаа илүү тод сонсогдоно... Түүнийг би ямар нэгэн юмыг сонссон биш харсан гэдэгт итгэж байна.