m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 05:05
64
Эверест ууланд үймээн дэгдлээ

Энэ сарын 18-нд дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестийн оргил дээр болсон цасны нуралт үймээн дагууллаа. Нуралтын улмаас уулчдад хөтөч хийдэг 16 Непалын Шерпа үндэстэн нас барсан нь түүхэнд байгаагүй их тоо болжээ. Тиймээс тэнд ажилладаг хөтөч нар нас барсан хүмүүстээ хүндэтгэл үзүүлж, энэ жилийн ууланд авиралтыг зогсоох шийдвэрийг гаргасан байна. Тулси Гурунг хэмээх хөтөч “Бид урьд шөнө  цуглан хуралдаад 16 ах дүүгээ алдсанд хүндэтгэл үзүүлж, ууланд авиралтыг зогсоох шийдвэрийг гаргалаа. Бүх хөтөч нар үүнд нэгдсэн болно” гэжээ.

Ууланд авиралтаас олсон орлогын ихэнхи хувийг Засгийн газар авдаг учраас хөтөч нар Засгийн газраасаа их хэмжээний нөхөн олговор, даатгалын төлбөр шаардсан байна. Тодруулбал, тэд амь үрэгдсэн хөтөч нарын нөхөн олговорт 12.3 мянган фунт стерлинг нэхсэн бөгөөд энэ нь тэдний ар гэрийнхэн, даатгалын төлбөр болон амь үрэгдэгсдийн хүндэтгэлд зориулсан хөшөө, буяны санд зориулагдах гэнэ. Харин Засгийн газар нь хөшөө босгох гэсэн ганцхан хүсэлтийг нь сайшаасан байна. Гэхдээ хөтөч нар бүгд энэ жилийн авиралтыг зогсоох гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах юм бол Засгийн газар нөхөн олговрыг өгсөн ч, өгөөгүй ч ажлаа зогсоох аж.

Харин энэхүү шийдвэрийг дагаад мөнгөө төлчихсөн байгаа зуу зуун гадаадын уулчдын дунд эмх замбараагүй байдал, хүлээлт үүслээ. Хэрвээ тэд ууланд авиралтыг зогсоох юм бол гадаадын уулчид төлсөн мөнгөнийхөө ихэнхийг юмуу бүгдийг нь алдах эрсдэлд орох аж. Тэдний мөнгө нийтдээ 90 мянган фунт стерлинг болох гэнэ.

Одоогийн байдлаар зарим хөтөч нар аль хэдийнэ ажлаа хийхээ больсон байгаа бол зарим нь байдлыг ажиглан ажлаа хийж байна. Хөтөч нар жуулчид, уулчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс янз бүрийн тоног төхөөрөмж, хоол хүнс, шат, уяа зэргийг авч явж, хүнд хэцүүг үүрдэг аж.

Г.Төгөлдөр