m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 02:40
78
Баянгол дүүргийнхэн СӨХ-той хамтран ажиллана

 

Баянгол дүүргийн иргэд, оршин суугчдын хүсэлт, санаачилгаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Сууц өмчлөгчдийн холбоодын туршлага, ажлын арга барилыг нэвтрүүлэх зорилгоор энэ сарын 10-ныг хүртэл “Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчилье, сайн туршлагыг нэвтрүүлье” аяныг зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах, хууль тогтоомжийг сурталчилах, иргэд болон хамтран ажилладаг байгууллагуудын ажлын уялдаа холбоог идэвхжүүлэх зорилготой “Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын нэгдсэн зөвлөгөөн”-ийг өчигдөр  зохион байгууллаа.

 

 

Шилдэг СӨХ-г шалгаруулж дүүргийн ИТХ-ын өргөмжлөлийг гардуулав.

Уг зөвлөгөөнийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын нэгдсэн зөвлөл”-тэй хамтран зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд УИХ-ыг гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Ц.Алтанцэцэг, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

 

Зөвлөгөөнд Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, тэдгээртэй хамтарч ажилладаг цагдаагийн хэлтэс, газрын алба, мэргэжлийн хяналт, орон сууц нийтийн аж ахуйн контор, цахилгаан хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг байгууллагын удирдлагууд оролцож хоорондын харилцаанд үүсч буй хүндрэл бэрхшээл, уялдаа холбоог сайжруулах асуудлын талаар хэлэлцсэн бөгөөд шилдэг сууц өмчлөгчдийн холбоодын ажлын арга барилын ололттой талыг нэвтрүүлэн цаашид иргэдийн эрүүл, цэвэр, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо.

Мөн “Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын нэгдсэн зөвлөл”-д гишүүнээр элсэж буй СӨХ-ын удирдлагуудад гэрчилгээ олгосон ба шилдэг СӨХ-г шалгаруулж дүүргийн ИТХ-ын өргөмжлөлийг гардуулав. Дашрамд дуулгахад Баянгол дүүргийн хэмжээнд нийт 182 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах асуудлыг хариуцан ажиллаж байна.