m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 04:49
143
Б.Баатархүү: Олон нийтийн сүлжээгээр алга болсон гэгдэж буй хүүхдүүд бүгд олдсон

“Хүүхэд алга болсон тул энэхүү зарыг цааш нь дамжуулж өгнө үү” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд маш их цацагддаг болсон. Гэтэл эдгээр хүүхдүүд бүгд олдсон хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү хэллээ.

-Олон нийтийн цахим сүлжээгээр хүүхдүүд алга боллоо гэх мэдээлэл их гарч иргэдийн сэтгэл санааг зовоож байна. Эдгээр хүүхдүүд олдсон эсэх нь тодорхойгүй байсаар байна?

-Алга болсон хүүхдүүд тухайн хоногтоо багтаж олддог.  Олон нийтийн сүлжээнд яваад байгаа хүүхдүүдээс одоо болтол олдохгүй, эрсэдсэн тохиолдол байхгүй. Бүх хүүхдүүд олдсон. Харамсалтай нь Social media-аар байнга давтамжтай явж байгаагийн улмаас хүүхдүүд олдохгүй байгаа гэх сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээд байгаа юм. Мэдээж хүүхэд нь алга болвол эцэг эхчүүд айж эмээнэ. Олон нийтийн сүлжээнд мэдээлэл байршуулахаасаа өмнө, цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Учир нь олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг эргээд авах боломжгүй байдаг гэдгийг иргэд маань зөвөөр ойлгох хэрэгтэй. 

-Цагдаагийн байгууллагад хүүхэд алга болсон, төөрсөн, ирэх ёстой газраа ирээгүй гэх мэдээлэл 102 тусгай дугаарын утсанд ирдэг. Үүний дагуу цагдаагийн байгууллага эрэн сурважлах ажиллагааг явуулдаг. Сүүлийн үед иргэд өөрсдөө болон гудманд тавьсан зарыг Facebook хуудсанд байрлуулаад энэ нь олон нийтэд түгэхдээ маш амархан байдаг. 

Жишээлбэл: 2014 оны есдүгээр сарын 4-ны өдөр алга болсон хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ажилтнууд хоёр цагийн дотор олоод хүлээлгэж өгсөн байтал, тэр мэдээлэл 10 хоног олон нийтийн сүлжээнд яваад байна. 10.000 гаруй хүн бусадтай хуваалцсан байна.

-Хүүхдээ олсон эцэг эхчүүдийн зүгээс танай байгууллагад хандаж байна уу?

-Эцэг эхчүүдийн зүгээс цагдаагийн байгууллагад хандаж байна. "Хүүхэд олдчихсон байхад олон нийтийн сүлжээгээр хүүхдийн маань зурагтай материал яваад байна. Анги, хамт олон, найз нөхдийнхөө дунд эвгүй байдалд орж байна. Утсаар хүмүүс хүүхдээ олсон уу гэж ярьж байна" гэж ярьж байна. 

Олон нийтийн сүлжээнд яваад байгаа хүүхдүүдээс одоо болтол олдохгүй, эрсэдсэн тохиолдол байхгүй. Бүх хүүхдүүд олдсон.

-Хүүхдүүд олдсон эсэх мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Олон нийтийн сүлжээ, иргэдийн дунд яваад байгаа хүүхдүүдийн зургийг тавьсан тохиолдолд манай цагдаагийн байгууллагын Page хуудсанд ирүүлснээр бид нар тухайн мэдээллийн дагуу хариуг нь дор бүр нь мэдээллээд явах болно. Тийм учраас иргэдийгээ бидэнтэй хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.

-Хүүхдүүд алга болсонтой холбогдуулан хүүхдийн эд эрхтэнг нь авдаг гэсэн мэдээлэл олон нийтийн дунд яригдаад байгаа?

- Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүүхдийн эд эрхтэнг худалдаалах зорилгоор хулгайлсан гэмт хэрэг бүртгэгдээгүй. 

-Хүүхэд алга болсон тохиолдолд хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой вэ?

-Таны хүүхэд алга болсон, очих ёстой хугацаандаа очоогүй бол цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд мэдэгдэх хэрэгтэй. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулдаг. Эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед зарим тохиолдолд хүүхэд нь олдчихсон байхад эргээд цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй тохиолдлууд байдаг. Иймд цагдаагийн байгууллагтайгаа хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. 

-Хүүхдүүд алга болж буй шалтгаан нь юу вэ?

-Хүүхэд алга болсон шалтгааны хувьд гэвэл компьютер тоглоомонд донтсон, гэр бүлийн таагүй уур амьсгалаас дайжсан, найз нөхдийндөө хоносон, салсан гэр бүлийн хэн нэг нь хүүхдээ авч явсан зэрэг олон хүчин зүйлсээс болж байна.