m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 06:54
985
А.Чимэд-Очир: Бидний үйлдвэрлэсэн хувцсыг өмсөөд медаль авч байгааг нь харах сайхан байдаг

"Баялаг бүтээгч" буландаа спорт хувцасны үйлдвэрийн захирал ноён А.Чимэд-Очирыг танилцуулж байна. Тэрээр Монголынхоо тамирчдыг гар таталгүй дэмждэгийг нь сонсоод ярицлагынхаа хойморт урьсан юм.

-Өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?

-Намайг А.Чимэд-Очир гэдэг. Би Улаанбаатар хотод төрсөн. Миний бага нас бусдын адил цэцэрлэгт өнгөрсөн. Бага байхаасаа л их зурах сонирхолтой хүүхэд байсан юм. Гэхдээ би яг дүрслэх урлагийн чиглэлээр төгсөөгүй. Харин Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодогчийн ангийг дүүргэсэн. Өөрийн сонирхлоороо зурдаг түүнийхээ дагуу л шаазангийн үйлдвэрт зураачаар орж тэндээ олон жил ажиллаж, сурч, мэдэж авсан юм.

-Шаазан ваарныхаа үйлдвэрт хэдэн жил ажилласан бэ?

-1988-1994 он хүртэл зохион бүтээгч, зураачаар ажиллаж байсан. Бизнес эхлүүлэх мөнгөний эх үүсвэрийг тэнд байхдаа олж авсан гэж хэлж болно. Тухайн үед сайдын цалин 1500-1800 төгрөг байсан бол би 2000-2500 төгрөгийн цалин авдаг байлаа. Цалингаа цуглуулаад хадгаламжинд хийгээд наймаа эхлүүлэх мөнгөө олж байлаа.

-Таны сонирхол юу вэ. Сонирхлынхоо дагуу үйлдвэрээ байгуулсан уу?

-Би энэ үйлдвэрээ байгуулахаас өмнө их олон зүйл хийж байсан юм. Юу ч байхгүйгээс эхэлж, ямар нэгэн зүйл санаачилж эхлүүлээд түүнийгээ хөл дээр нь босгоод жигдэрсний дараа сайн ажиллаж байгаа залууст шилжүүлж өгдөг байсан л даа. Түүнийхээ дараа нь мөн л дахин жижиг бизнэс эхлүүлээд л нилээд хэдэн ажилчинтай тогтвортой ажиллаад ирэхээр нь сонирхол буурдаг юм шиг байгаа юм. Тэгээд дахиад л өөр ажил эхлүүлдэг байсан. Гол нь шинэ, өөр зах зээлтэй хэрэглэгчидтэй салбарт орж өөрийгөө нээж хөгжүүлье гэсэн бодолтой явдаг. Шинэ салбарын саад давааг давах хоббитой гэх үү дээ.

Шинэ салбарт орж ирээд түүнийгээ судлаад хөл дээр нь босгох, хүнд хүргэх, ашиг олох хоорондын даваануудыг давах миний хувьд их сонирхолтой байдаг. Мөн миний өөрийн баримталдаг зарчим бол хэт их шунахгүй, ашгийн төлөө ажиллахгүй гэсэн бодол. Хувь хүний занд маань ч тохирохгүй юм байна лээ.

-Спорт хувцасны үйлдвэртэй болох санаа анх яаж төрсөн бэ?

-1985 оны үед  өөрөө юм оёдог байсан юм. Тухайн үед “Твер” гээд оросын жинсэн өмд их моодонд ордог байлаа л даа. Тэрнийг 28 билүү 25 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Орсуудад "Женшина" гэдэг тос өгч байж худалдаж аваад л монтана өмд  болгон гурван оёо гаргаад хүмүүст 500-600 төгрөгөөр зардаг байсан юм. Тэр үед бараг л сарын цалин байсан санагдаж байна.  

Залуу байхдаа найзуудтайгаа сууж их л мөрөөдөж ярьдаг байлаа. Монголдоо ганц гоё спорт хувцасны өөрийн гэсэн брэндтэй л болох юмсан, ирээдүйд нэг ийм юмтай болчих юмсан  гээд л. Хүний мөрөөдөл хүсэл чинь ер нь зүрх сэтгэлийн буланд хаа нэгтээ хадгалагдсан байдаг юм байна лээ. Мартагдахгүй бодогдоод л явдаг.

Хүний мөрөөдөл хүсэл чинь ер нь зүрх сэтгэлийн буланд хаа нэгтээ хадгалагдсан байдаг юм байна лээ. Мартагдахгүй бодогдоод л явдаг.

Тэрнээс хойш их юм хийсэн. Их ч зүйл оролдож, сэтгэж хийхийг эрмэлзэн хөдөлмөрлөдөг байлаа. Олон төрлийн салбарт бизнес хийсэн.

-Хамгийн анх юу хийж байв. Анхны хийсэн юм их дурсгалтай байдаг шүү дээ?

-Хамгийн анх бол машин зассан. Мөн цонхны хайс болон хашааны төмөр хайс хийдэг байлаа. Тэрнийг хийхдээ зүгээр нэг хийх биш урлаг тал руу нь хандуулж хийхийг эрмэлздэг байсан юм. Жишээ нь усан оргилууртай, хүрхрээ, үсэрч байгаа загасны хэлбэртэй гэх мэтчилэн.

Дараа нь өлөнгийн цех байгуулж байлаа. Тэр үед түүхий эд гээд хүмүүс их хошуурдаг байсан юм л даа. Хүмүүс түүхий эд аваад  урагшаа гаргаж зардаг. Харин миний бодол бол өөр. Өөрсдөө боловсруулья гэж боддог байв. Социализмийн үеийн сайхан үйлдвэрүүдийн суурь нь байлаа. Ажиллах хүч нь ч байсан. Тийм болохоор заавал урагшаа гаргаж байхаар эндээ цехээ байгуулсан. Байр түрээслээд боловсруулсан өлөнгөө Герман улс руу гаргадаг байсан. Тэр үйлдвэрээ тогтмол үйл ажиллагаатай болгоод нэг дүүдээ шилжүүлсэн.

Ингээд дараа нь 1996-1997 онд хураасан мөнгөөрөө таваас зургаан УАЗ-469 машин худалдаж аваад, жолооч хөлслөөд  аялал жуулчлалын компианиудад километрийг нь нэг доллараар явуулдаг болсон. Тэр үед 69 машин долоон сая орчим төгрөг байсан. Тэгэхэд их ашигтай байдаг байлаа. Заримдаа нэг жил яваад л машиныхаа зардлыг нөхдөг байсан юм. Харин дараа жил "Online center" гэж байгуулаад компьютер их үнэтэй байх үед маш хямдаар оруулж ирж зарсан. Бас хэд, хэдэн салбар нээгээд өөр хүмүүст шилжүүлээд хөл дээр нь босгож өгөөд орхисон.

-Гадаад явж ажиллаж байсан гэж сонссон энэ талаар?

-Тийм шүү. Украйнд очоод хоёр жил судалгаа хийж, суралцаж наймаа хийсэн. Украйны "Седмой" гэдэг зах байдаг байлаа. Тэнд 25 доллараар савхин куртик бөөнөөр нь худалдаж аваад цыгануудад зардаг. Ажиллаж байгаад ерөөсөө Монгол руугаа буцья гээд ирхээр шийдсэн. Сэтгэл зүрх Монголынхоо төлөө байсан. Одоо бодоход эх орны хүү болж хүмүүжиж байсан юм шиг байгаа юм. /Инээв/

-Бизнесийн гарцыг яаж олдог юм бэ? Эхэлж байгаа хүмүүст их хэцүү байдаг юм шигээ?

-Яагаад хэцүү гэж өөрсдөө л оролдохгүй байгаагийн илрэл л дээ. Нөгөө талаар юм хийж байгаагүй, бэрхшээл тоочсон хүмүүс л тиймэрхүү юм ярьдаг юм. Манай улсад тийм хэцүү гээд хэлчихээр салбар байхгүй шүү дээ. Би  бүх л салбарт орж үзлээ. Хавчигдаад, дарамтлуулаад байсан юм байхгүй. Зориггүй хүмүүст л тэгж харагддаг байх. Манай улсад юм хийхэд үнэхээр таатай, хөрс нь цагаахан байдаг.

-Хэдэн онд энэхүү спорт хувцасны салоныг байгуулж байв?

-Эхлээд найзаасаа асууж судалгаа хийсэн. Тэгсэн тухайн үед хөгжиж буй орнуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ямар ч татваргүй оруулна гэсэн хуулинд манай Монгол Улс хамрагдаж байсан юм. Тэрийг Хятадын компанууд овжин ашиглаж  Монголд үйлдвэрлэв гэсэн хуурамч шошго наагаад гадаад руу ихээр хувцас гаргадаг байсан. Тэгэхэд оёдлын үйлдвэрүүд нилээд их сэргэсэн л дээ. Харин дараа нь тухайн хуулийн хугацаа нь дуусч хүчингүй болонгуут манай улсын оёдлын салбар нэг хэсэг дампуурсан. Томоохон компаниуд нь үлдээд бусад нь алга болсон юм.

Хүнээс сураглаж байхад маш олон хүн "Их хэцүү дээ өдрөөс өдрийн хооронд явдаг шүү дээ" гэж байсан. Тэгээд судалж байгаад нэг Монголд үйл ажиллагаагаа явуулдаг солонгос эзэнтэй оёдлын үйлдвэр дээр очсон. Тэнд манай ихэнх тамирчид хувцсаа хийлгэдэг юм билээ. Харин эзэн нь солонгос. Тэр үйлдвэр яг л миний сонирхож байгаа зүйлийг хийж байсан. Тэндээс бас их санаа авч ингэж болох юм байна даа гэсэн бодол төрсөн. Тэр үйлдвэрийн Солонгос эзэн  их сайхан сэтгэлтэй хүн юм билээ. Манай олон тамирчдыг ивээн тэтгэж тэмцээнд явуулж, өөрийн гэсэн волейболийн  баг гаргаад санхүүжүүлээд тэмцээнд оруулсныг дуулаад  бахархаж байлаа.

Тэр үеэс л өөрийнхөө анхны мөрөөдлөө биелүүлж хийж эхэлье гэж шийдэж байсан даа.Тэгээд л  "Мон Line" гээд брэнд гаргая гээд өөрийн байраа тохижуулаад салон болгосон юм. Энэ салондоо өөрийн орны тамирчдын хувцсыг загварлаг, чанар сайтай хийж байя гэсэн бодолтой байгуулсан. Миний эх орондоо үйлдвэрлэсэн хувцсыг тамирчид маань өмсөөсэй гэж хүсч байсан даа.

Бид зах зээл дэх валютын урсгалыг гадагшаа гаргаж байснаас ядаж материалаа оруулж ирээд тээвэр, ажиллах хүч, татвараас орж ирэх мөнгийг үлдээх хэрэгтэй. Бидний ирээдүй болсон хүүхдүүд маань валютын савалгаанд битгий өртөөсөө гэж боддог. Би өөрөө Монголд үйлдвэрлэсэн хувцаснуудыг хэрэглэх дуртай. Машинаа ч гэсэн Веатнам гэлтгүй Монгол залуучуудаар засуулдаг. Тэднийгээ дэмжээд  байвал улам сайжирна, миний мөнгө монголдоо үлдэнэ, төгрөгийн урсгал сайжирна валют болж гадагшаа гарахгүй шүү дээ. Бид чинь цөөхүүлээ гадныхнаас илүү сэтгэж, эвтэй байвал хөгжинө.

-Бараа бүтээгдэхүүнээ олонд хүргэхийн тулд анх ямар алхам хийж байсан вэ?

-Урьд нь би олон төрлийн бизнес хийгээд үзчихсэн болохоор тодорхой хэмжээнд маркетингийн мэдлэгтэй байсан. Тийм болохоор “Бөртэ чоно” гээд спортынхны бүх холбоодын  нэгдсэн шинэ жилд дээр танилцуулгаа авч очоод бүх хүмүүстэй нь танилцаад “Ийм үйлдвэр байгуулсан, Монголын үйлдвэр шүү” гэж хэлээд холбоодуудтай  хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсон  юм.

-Анх хэдэн онд, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлж байв?

-2012 онд ердөө л нэг эсгүүрчин, нэг оёдолчинтой би өөрөө загвар болон зургаа гаргаад захиалгаа аваад эхэлсэн. Харин одоо бол дөрвөөс таван туслан гүйцэтгэгч компанитай, долоон оёдолчинтой, гурван эсгүүрчинтэй болсон.

-Ирсэн захиалганыхаа бүх загварыг та өөрөө гаргадаг юм уу?

-Тийм. Би  өөрийгөө чадвартай гэж  хэлэхгүй ээ. Бусдаас санаа оноо авна, тухайн хүмүүсийнхээ саналыг нь сонсож, өөрийн бодлоо тусгана. Захиалга өгөхөөр ирсэн хүний санааг сонсож байгаад л загварыг нь зураад харуулаад "За таалагдлаа" гэвэл шууд үйлдвэрлэх явцдаа ордог. Салон гэдэг утгаараа яг тухайн хүнд нь тааруулж биеийн онцлогт тааруулдаг. Тэрнээс биш X, L, M гэсэн баахан хувцас үйлдвэрлээд зарах биш. Тааруулж хийдгээрээ онцлогтой. Эндээ загвараа гаргаад заримыг нь эсгээд туслан гүйцэтгэгч хэд, хэдэн компаниудаараа оёулдаг.

-Танай үйлдвэрийг Монголынхоо тамирчдыг ивээн тэтгэдэг гэж сонссон. Бизнес эрхэлдэг хүн ашгийн төлөө байдаг шүү дээ. Тэгэхээр та олон хүнийг ивээн тэтгээд ашиг олж чадаж байна уу?

-Манайх хэт их ашгийн төлөө зүтгэдэггүй. Ер нь мөнгөний төлөө үйл ажиллагаагаа явуулаад эхлэхээр тухайн байгууллагын  ирээдүйд сөргөөр нөлөөлөөд ирдэг тал бий. Манайх чинь волейболын холбооны зүүн өмнөд азийн аваргын бүх төрлийн хувцсыг ивээн тэтгэж байсан. Монгол Улсынхаа нэрийг гаргаад явж байгаа тамирчдаа аль болох дэмжихийг л боддог. Бас заримдаа хэдэн хүүхдүүд нийлээд “Ахаа бид нар тэмцээнд орох гэсэн юм. Байгаа нь энэ байна” гээд хэдэн төгрөг бариад ороод ирнэ. Тэгээд л өхөөрдөөд л эх орны минь ирээдүй юм чинь  гээд хийгээд өгдөг. Хааяа урьдчилгаагаа өгчихөөд дараа нь мөнгө бүтсэнгүй ээ ахаа тэмцээн эхлэх гээд байдаг гээд л гуйна тэгэхээр нь өгөөд явуулдаг тохиолдол гарч л байдаг.

Хамгийн гол нь бидний хийсэн хувцсыг өмсөөд л тамирчид гадаад дотоодын тэмцээнд ороод алт, мөнгө аваад хүрч ирээд баярласанаа илэрхийлэх нь намайг жаргалтай болгодог. Зарим тамирчид орж ирээд гадаадаас авчирсан чихэр жимс, сэтгүүл зэрэг бэлэг дурсгалын юм өгөөд  баярлалаа гэх нь их сайхан байдаг даа.

 

-Спортын төрөл болгоны хувцасны онцлог болон ялгааг нь гаргаж хийх хүндрэлтэй юу?

-Яг тийм хоорондоо өөр, өөр байдаг. Сагсчдынх  л гэхэд шоорт нь нилмэгэр, өмд нь сул тайлахад төвөггүй, волейболынхон болохоор хувцас солих тодорхой хэмжээний цаг өгдөг болохоор гадуур хувцас нь бариу бас загвар шаарддаг. Гэхдээ ер нь л размерийн асуудал чухалчилж яригддаг.  Ерөнхий загвар нь бариу болж байна.

Мөн албан байгууллагын хүмүүст бариу загвараар хийж болдоггүй юм.

-Яагаад тэр вэ?  

-Яагаад гэвэл байнга спортоор хичээллэдэггүй болохоор биеийн хөгжил онцлог тамирчин хүнийхээс  өөр байдаг. Тамирчид бол тарган биш булчинлаг харин ажилчид болон бусад хүмүүс өөр өөр.  Тарган, намхан, том гуятай, тааз томтой  гэх мэтчилэн. Тийм болохоор хүний биеийн өөг бас нууж өгөх хэрэгцээ шаардлага гардаг. Тэр бүрд биенд нь тааруулж хийх чинь урлаг шүү дээ. Хүн бүрт яг өөрт нь зориулсан ганцхан хувилбар хийдэг.

Хүний биенд нь тааруулж хийх чинь урлаг шүү дээ.

Манайх пиримэрк өмсөх асуудлыг чирэгдэлгүй болгож өгсөн.  Хэмжээ авлаа тухайн хүн өнгөө сонголоо шууд өмсөхөд бэлэн болгож өгдөг.

-Үйлдвэрийн хүчин чадлын хувьд ямар байдаг вэ?

-Нэг өдөрт 40 гаруй бэлтгэлийн хувцас, таваас зургаан багийн дотуур хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна. Гэхдээ заримдаа нэг багийн хувцсыг гаргах тохиолдол ч байна. Энэ нь загвараасаа их шалтгаалдаг. Их чамин оруулгатай, ажиллагаа ихтэй захиалга бас байдаг.

-"Mon Line"- гэсэн брэнд өөрийн гэсэн өнгө, загвараа тухайлбал лого шингээж өгдөг үү?

-Ганцхан "Mon Line" гэсэн лого л байгаа. Загвар бол хязгааргүй, өмчлөл байх ёсгүй. Монгол гэхээрээ л гадаадын тэмцээнд орохдоо төрийн далбааны өнгийг хослуулаад улаан цэнхэр хийлгэнэ гэсэн үг биш шүү дээ. Хүмүүс ихэвчлэн логонд баригдах гээд байдаг тал ажиглагддаг. Манай лого шар ногоон яг ийм өнгөөр хийнэ гэх жишээтэй. Хувцас логонд баригдаж болохгүй шүү дээ. Лого бол тусдаа асуудал, хувцас бас тусдаа хийх болдог.

Нэг удаа “Монгол” гэсэн бичгийг  нэг өвдгөн дээрээ, нөгөө өвдгөн дээрээ соёмбо нааж хувцас хийлгэнэ гэсэн захиалга ирсэн. Тэгэхээр би зөвшөөрөөгүй. Хэдийгээр мөнгө олох боловч Монголчууд бид чинь төрийн соёмбоо дээдлэж хүндлэх ёстой ард түмэн. Манайх хийхгүй гээд явуулсан.

-Та олон төрлийн бизнес хийж байсан юм байна. Дараа хийх бизнесээ бодчихсон байгаа юу?

-Дараагийн хийх юмны маань төлөвлөгөө аль дээр гарсан. Одоо энэ үйлдвэрийг цаашид авч явах хүнээ бэлдэж байна. Дараагийн хийх гэж байгаа зүйл маань бол хэн нэгний болон ямар нэг улсын хараат бус байхаар бодсон байгаа. Хятадад хийгээд оруулаад ирж чадахгүй зөвхөн Монголд л үйлдвэрлэхээр түүхий эд нь Монголд л байхаар бодож  олсон одоо дотроо төлөвлөөд мөрөөдөөд явж байна.

-Манай бүтээгдэхүүнийг гадныхан сонирхдог гэсэн үү?

-Гаднаас захиалга ирсэн. Эрхүү Украйн, Швейд, Буриадаас захиалга ирдэг. Норвегаас “Регби”-гийн баг   сонирхоод багийнхаа хувцсыг хийлгээд аваад явсан.

-Ачаалал их байна гэж байна. Цаашдаа үйлдвэрээ өргөжүүлэх бодол бий юу?

-Би олон хүнд энэ салбарт орж юм хий гэж хэлмээр байна. Манай ачаанаас үүрэлцээд ашиг олоод яваач гэж санал болгомоор байгаа юм. Надаас асуувал би хэлээд заагаад өгөхөд бэлэн дэмжиж ажиллана. Тэрнээс биш зөвхөн өөрөө монополь болох гээд байдаггүй. Нэг нэгэндээ дэм болж байж л бид хөгжинө шүү дээ.

Ер нь Монгол Улсын ямар ч салбарт орж ажиллая гээд зүтгэсэн хүн бүхэнд бүх боломж байдаг гэдгийг л хэлмээр байна. Ямар ч хүн хоёр гурван оёдлын машин аваад ямар нэг юм хийгээд, оёод суувал ашиг олоод л байна шүү дээ  болохгүй юм байхгүй. Хорвоо чинь хийсэн юмны хариуг нь заавал өгдөг юм байна лээ.

Бидний урилгыг хүлээн авч дэлгэрэнгүй ярилсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Таньд болон цаашдын бизнест чинь улам их амжилт  хүсье. Олон үйлдвэр Монголдоо байгуулж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах болтугай. 

-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.