m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 07:08
58
Цуврал-22 Алтан цагны эрэл амжилттай болсон нь

 

Нийслэлийн цагдаагийнхныг сандаргасан нэгэн хэрэг 1970 онд гарчээ. Хотын төв хэсэгт байрлан зөвхөн мэргэжилтнүүд болон дарга нарт үйлчилдэг Мэргэжилтний-20 дугаар дэлгүүрт хулгай орлоо гэх мэдээлэл ирсэн аж. Хэргийн газар цагдаагийн хашир туршлагатай ажилтан Дашдэмбэрэл, Чойсүрэн нар очлоо. Гэмт хэрэгтэн алтан цаг авчээ. Шуналдаа хөтлөгдсөн нэгэн бололтой нэг хоёрыг бус бүр 100 ширхэг алтан цагийг авсан байв. Үзлэг шалгалт хийхэд баримт болгоод хөөчих гарын хээ, гутлын мөр олдсонгүй. Гэсэн ч их хэмжээний хохиролтой энэ хэргийг илрүүлэх ажлыг шуурхайлах үүрэг аван мөрдөх ажлаа эхлүүлэв. Цагдаагийн ажилтнууд “Олон тооны цагийг нэг хүн хэрэглэх нь үгүй. Тиймээс зарах магадлалтай” гэсэн таамаг дэвшүүлэн захаар эрлийн ажлаа эхлүүлсэн боловч олигтой сэжүүр гарсангүй. Олон нийтийн цугларсан газар сиймхий тааруулан зарах магадлалтай учир бас давхар ажиллагаа явуулсаар байв. Бас нэгэн таамаг нь хэргийн газар гарын хээ, гутлын мөрөө үлдээгүйгээс харахад өмнө нь гэмт хэрэг үйлдсэн нэгэн байх магадлалтайг цагдаагийнхан анхаарч ажиллаж байв.

 

Намрын тэр нэгэн өдөр Яармагийн дэнжид морины уралдаан болов. Олон хүн цугларч хөл хөдөлгөөн ихтэй байв. Цагдаагийнхан энэ үеэр бас ажиллаж байгааг гэмт хэрэгтэнг яахан мэдэх билээ. Олны дунд цагдаагийн байгууллагын хяналтанд байдаг Дэндэв хээв нэг алхаж буй харагдав. Түүнийг хэнтэй уулзах, юу ярилцахыг энгийн хувцастай цагдаагийнхан нягталсаар байлаа. Гэтэл автобуснаас гүйх шахам бууж ирсэн нэгэн эмэгтэй сэжигтэй зүйл өгөх гэж буйг цагдаагийнхан харсан даруйдаа тэднийг саатуулав. Цагдаагийн газарт авчран байцаахад Дэндэв юу ч мэдэхгүй хүний царай гарган “Юун цаг, та нар хүн андуурсан бололтой” хэмээн хариулав.

Хэргийн газар гарын хээ, гутлын мөрөө үлдээгүйгээс харахад өмнө нь гэмт хэрэг үйлдсэн нэгэн байх магадлалтайг цагдаагийнхан анхаарч ажиллаж байв.

 

Бүсгүйг Гоогормаа гэх бөгөөд хөнгөн явдалтай нэгэн болохыг цагдаагийнхан гадарладаг учир сэжигтэй этгээд хэмээн тооцжээ. Эмэгтэй бие засах газар руу ормоор байна гэхэд нь цагдаагийн эмэгтэй ажилтан хамт явав. Хэсэг байснаа металл зүйл хаяж буйг сонссон ажилтан хаалгыг нь хүчээр онгойлгон ороход алтан цаг жорлон руу хийж байв. Ингээд хэргийн сэжүүр олдох нь тэр. Бүсгүйгээр жорлонгоос цагийг гаргуулж Дэндэвт харуулахад сая нэг цочирдон мэдэхгүй гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Саатуулан шалгахад нэг л цаг минийх өөр бусдыг нь мэдэхгүй гэхээс өөр зүйл хэлэхгүй байв.

 

Дэндэвийн ээж цагдаагийнхны анхааралд байсан нэгэн аж. Учир нь Дэжидсүрэн гэгч тэр эмэгтэй хүүхдүүдийнхээ хулгайлсан зүйлийг зарж, амь зуудаг нэгэн аж. Ингээд гэрт нь очтол уур омогтой эмэгтэй галзуу мэт нохойгоо хашаандаа сул тавиад хүн оруулахгүй байхаар шийджээ. Мод чулуу барин, хөөж туусаар арай гэж гэрт нь орлоо. Гэтэл нөгөө эмэгтэй хараалын үг урсган зайл хэмээн хөөж эхлэв. Хүүг нь хулгайн гэмт хэрэгт холбогдсоныг дуулгаад гэрт нэгжлэг хийнэ гэхэд тэр тэсэртлээ уурлаж цамнаж гарлаа. Гэсэн ч хуулийн хүрээнд ажлаа хийх ёстой учир шалгах ажлыг эхлүүлэв. Металл илрүүлэгчээр гэрийг хэдэнтээ тойруулаад панераар хийсэн авдарт байгааг төвөггүй тогтоов. Авдрыг нээтэл 20 гаруй алтан цагийг жирийтэл өнөрөөд түгжсэн байв. Зөвхөн гэрт нь бус хашаанд нь нэгжлэг хийж бас хэдэн цаг олж аваад протколдон гарын үсгийг нь зуруулав. Бултах газаргүй болсон ч Дэндэв хэргээ хүлээхгүй л байлаа.

Цагдаагийнханд нэг бус 100 цагийг тоо ёсоор нь олох хэрэгтэй байсан учир ажлын төлөвлөгөө гаргалаа. Тухайн үед алтан цагийг хятадууд их сонирхдог байв. Тиймээс нутаг буцах гэж буй хятад иргэдэд анхаарал хандуулж, шалгах ажлыг зохион байгуулсан нь амжилттай боллоо.

Хоу овогтон нутаг буцах өдөр ойртсон байв. Цагдаагийнхан мөрдөн шалгах ажлын явцад тэднийд цаг буйг олж мэдсэн юм. Гэрт нь ирэхэд эхнэр нь гайхаж, сандран нэг ч цаг байхгүй гэв. Металл илрүүлэгч  цаг хаана байгааг төвөггүй заагаад өгөв. Том том авдартай бараан дотроо цөөнгүй цаг нуусан байсныг илрүүлэв. Мөн их хэмжээний мөнгө боож үлдээснийг цагдаагийнхан авахад эхнэр нь ухаан алдан унаж баашлав. Гэрийн эзэн Хоу эхнэрээ сэгсрэн ухаан оруулах гэж хичээх зуур түргэний машин дуут дохиогоо хангинуулсаар ирэв. Тариа хийх гэтэл эхнэр нь сандран босоод ирэх нь тэр. Тэрбээр хураасан бүх мөнгийг нь авах гэж байна хэмээн сандран ийн баашилсан аж.

 

 

Металл илрүүлэгч  цаг хаана байгааг төвөггүй заагаад өгөв. Том том авдартай бараан дотроо цөөнгүй цаг нуусан байсныг илрүүлэв.

Ингээд нэг бүрчлэн үзэж шалгасаар алдагдсан цагаас цөөнгүйг оллоо. Дараа өдөр нь Циу хэмээх нэгэн эрийг бас шалгав. Гэртээ байснаа гэнэт бие засмаар байна гэж гарахад нь цагдаагийн ажилтнууд дагалдав. Тэрбээр даавуунд боосон зүйлээ лаазанд хийн жорлон руугаа унжуулж байхыг нь таслан зогсоов. Тэр мөн л 10 орчим алтан цагийг нуух гэж байжээ. Энэ мэтчилэн хятад иргэдээс цагаа хэд хэдээр нь олсоор тоо ёсоор нь цуглуулж чадав. Гэмт хэрэгтэн Дэндэв тэр цагт л сая нэг хэргээ хүлээн, хулгайснаа өчив. Тэрбээр өмнө нь мотоциклийн хулгайн хэрэгт оролцсон нэгэн юм. Түүнд Эрүүгийн хуулиар хорих ял оноон алтан цагийг тоо ёсоор нь дэлгүүрийн захиргаанд нь хүлээлгэн өгчээ.