m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 07:16
68
Цуврал-23 Түүхий эдээс мөнгө тоншигчид их хэмжээний мөнгө залилжээ

 

Социализмын үед улсын эд хөрөнгийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг байсан ч хуруу дүрэх хүн цөөнгүй байсныг цагдаад ирсэн нэгэн мэдээллийн мөрөөр шалгасаар улсын хэмжээнд газар авч, мхээхэн үр дүнтэй ажил болжээ.

 

1990-ээд оноос өмнө агент гэж нэрлэдэг чиргүүлтэй жижиг машинууд олон байдаг байсан. Тэд яс, тос, ноос ноолуур гээд олон зүйл цуглуулж, мөнгийг нь бэлнээр өгдөг байсныг 30-аас дээш наснынхан сайн санаж байгаа байх. Малын гаралтай түүхий эдийг хөдөө орон нутагт мөн энэ хүмүүс цуглуулдаг байсан ч цагдаагийн байгууллагад иргэнээс ирсэн мэдээллээр шалгах ажил эхэлсэн аж.

 

 

 

 Нийслэлийн Октябрь (одоогийн Баянгол дүүрэг) дүүрэгт их хэмжээний мөнгөөр эд зүйл авсан гэх хүмүүс мөнгө хуваан авч, завшиж байгаа талаар мэдээлэл иржээ. Үүрэг авсан хурандаа Д.Дашдэмбэрэл шалгах ажлыг эхүүлэв. Гэнэтийн тооллого хийж, мөрдөн шалгахад тус байгууллагын хүмүүс хуйвалдан хуурамч падаан бичиж, хамгийн багадаа 40, дээшлээд 500 төгрөг завшсан нь тогтоогджээ. Шалгалтын явцад бүлэглэн энэ хэргийг үйлдсэн нь илэрхий. Мөн Цанжид гэх нэгэн хүн хамтрагч болохыг олж мэдэв. Нүхтийн аманд зусаж буй гэрт нь очиход Цанжид сандарч буйгаа нуухыг хичээвч харц нь цаанаа л нэг зүйлд санаа зовоод буйг хашир хурандаа андахгүй олж харав. Гэрийнхнийг нь гаргаад нэгжлэг хийтэл 30 мянган төгрөгийг хэсэг хэсгээр нь боож унь, хатавч, шал гээд энд тэнд нуусныг гаргаж ирэв. Бултах газаргүй болсон тэд хэргээ хүлээн, шүүхийн өмнө хариуцлага хүлээжээ.

 

Нийслэлд хэд хэдэн хэрэг илрүүлсэн цагдаагийн ажилтнуудад хөдөө орон нутагт байдал ямар байгаа бол гэх асуулт тулгарав. Ингээд хөдөө орон нутагт шалгалтын ажлыг эхлүүлэв. Агентуудыг хэн нэгэн шалгадаггүй, анхаарал хандуулдаггүй байсан нь тэднийг мөнгө завших, бүлэглэн гэмт хэрэг үйлдэх нөхцөлд хүргэсэн гэдгийг цагдаагийнхан олж мэдэв. Тиймээс ч агентууд цагдаагийнхан ирэхэд анзаарахгүй, яав л гэсэн байртай байсан гэдэг. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас сэжигтэй мэдээлэл ирэв. Д. Дашдэмбэрэл хэргийг шалгах ажилд гаршсан тул шалгах ажлаа төвөггүйхэн эхлэв. Кассын нярав, нягтлан, дарга нар нь нийлж мөн л хуурамч падаан бичиж онц их хэмжээний мөнгийг ашигласан байж. Тухайн үед 110 мянган төгрөг одоогийн 110 сая төгрөгтэй дүйх ханштай байсан цаг. Энэ хэргийг илрүүлж, гэмтнүүдийг олж тогтоогоод Хүдэрийн сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид гэнэтийн шалгалт хийлгэхэд мөн хэмжээний мөнгө дутаж, есөн хүн хуйвалдан завшсаныг олж тогтоов.

 

Энэ ажил өргөжсөөр улсын хэмжээнд шалгалт хийв.Төв, Хэнтий, Дундговь аймгийн түүхий бэлтгэл хариуцсан албан  тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн их хэмжээний мөнгө завшсан болохыг тогтоосон нь бусдад нь сургамж болж, хариуцлага, хяналтаа чангатгаснаар энэ төрлийн гэмт хэрэг бага гарах болсон аж. Завшсан албан тушаалтнуудын мөнгөний хэмжээ гурван сая төгрөг хол давсан болохыг архивт бичиж үлдээжээ.