m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 09:46
56
Л.Эрдэнэчимэг: Архины хяналтын тухай хууль гацаанд байсаар байх болов уу

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган удахгүй эхлэх гэж байна. Энэ удаагийн намрын чуулганаар ямар ямар асуудлыг хэлэлцэх бол?

-Нэн тэргүүнд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийн асуудал хэлэлцэгдэх байх. Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийн зэрэгцээ 2014 оны төсөвт тодотгол хийнэ. Түүнчлэн эдийн засгийн хямралтай нүүр тулсан байгаа манай улс, энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах, эдийн засгаа хэрхэн босгох асуудлыг хэлэлцэх нь юу юунаас ч илүү чухал юм.

Мөн хаврын чуулганаар хэлэлцэгдэж эхлээд намрын чуулган руу шилжүүлсэн хуулийн төслүүд орох байх.

-Чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулсан бэ?

-Тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчидтой уулзсан. Иргэд маш их бухимдалтай байна. Ажлын байр цөөрч, ажилгүйдлийн тоо эрс өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ байнга өссөөр байхад цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хэвэндээ байна. Үүний улмаас хүмүүсийн амьжиргааны түвшин эрс мууджээ.

-Чуулганаас чуулган дамжсан, нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийн олон төсөл бий. Ямар шалтгаанаар удаашраад байна вэ?

-Хуулийн олон төсөл хэлэлцүүлэхээр оруулдаг ч гацаа их байдаг. Нэг асуудал хэлэлцэхэд намын бүлгүүд ээлжлэн завсарлага авч гацаа үүсгэснээр хамгийн гол, амин чухал асуудлуудаа хэлэлцэж чаддаггүй. Энэ бол их хурлын үйл ажиллагаа муу байгаатай холбоотой. Мөн сөрөг хүчин маш их гацаа үүсгэдэг. Тухайлбал, хаврын чуулганаар хэлэлцсэн эдийн засгийн хуулиудыг баталчихсан байсан бол өнөөдөр байдал арай өөр харагдах байсан.

Л.Эрдэнэчимэг: Амин чухал асуудлаа хэлэлцэж чадахгүй байгаа нь УИХ-ын үйл ажиллагаа муу байгаатай холбоотой

-Таны хувь намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ямар хуулийн төсөл өргөн барьсан бэ?

-Сургууль цэцэрлэгийн асуудал хамгийн хүнд байна. Иргэдтэй хийх уулзалтаар яригдсан чухал асуудлуудын нэг энэ байсан. Ялангуяа цэцэрлэгийн асуудал айл өрхийн амьжиргааны түвшинтэй шууд холбогдож байгаа. Хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадаагүй өрхийн нэг гишүүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдал үүсч байгаа юм. 

Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх асуудлыг намрын чуулган эхэлмэгц тавина. Энэ намар миний хийх хамгийн том ажил гэж харж байна. Түүнчлэн гацаанд орчихсон байгаа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлэхийг хичээнэ.

Цэцэрлэгийн асуудал айл өрхийн амьжиргааны түвшинтэй шууд холбогдож байна.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл ямар шалтгаанаар гацаанд орсон гэж та үзэж байгаа вэ?

-УИХ-ын гишүүдэд цэцэрлэгийн асуудал гардаггүй болохоор энэ хуулийн төслийг ойлгохгүй байгаа юм болов уу гэж боддог. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 18-нд өргөн барьсан. Одоо хоёр дахь жилтэйгээ золгох гэж байна. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдах юм бол хувийн хэвшил болон иргэдийн оролцоотойгоор  хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг маш богинохон хугацаанд шийдэх боломж гарах юм. Мөн олон мянган ажлын байр бий болно. Энэ хууль хэрэгжихэд зарцуулагдаж буй хөрөнгө нэлээд үр дүнтэй байх болно гэж бид харж байгаа. Бидний өргөн барьсан энэ хууль батлагддаггүй юмаа гэхэд Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдах байх гэж найдаж байгаа. Энэ хуулийн төслийг бид лоббидож, шахаад энэ намрын чуулганаар батлуулах зорилготой байгаа.

УИХ-ын гишүүдэд цэцэрлэгийн асуудал гардаггүй болохоор Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг ойлгохгүй байгаа юм 

-Төсөв мөнгөтэй холбогдолтой хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлээд дараа нь УИХ-ын чуулганд оруулах шаардлагатай байдаг шүү дээ?

-Тийм ээ. Энэ хуульд 100 тэрбум төгрөг шаардлагатай учир Засгийн газраар хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг шийддэг. Гэтэл Засгийн газар хуралдаанаар унагаагаад, явуулахгүй байгаа юм.

-Таны санаачилсан Архины хяналтын тухай хуулийн төсөл мөн хүлээгдэж буй. Харин энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх болов уу?

-Хуулийн төслөө боловсруулж дуусаад УИХ-д өргөн барьсан боловч УИХ-ын дарга одоог хүртэл аваагүй байна. Чуулган эхэлмэгц энэ төслийг маань нэгдүгээрт хүлээн авах байх гэж найдаж байгаа. Энэ төслийн цаана ихээхэн хэмжээний мөнгө, санхүү яригдаж байгаа учраас өргөн барихаас эхлэн гацаанд орж байна.

Архины үйлдвэр болон архины худалдаанаас олж буй татварын хэмжээ буурна гэж тооцоолж байх шиг байгаа юм. Бусад орны жишгээс харахад ямар ч чанга хууль үйлчилж байсан архинаас орох татварын хэмжээ буурдаггүй.

Бас тодорхой аж ахуй нэгжүүдэд гай болсон хуулиудыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхгүй байя гэсэн бодлого явж байж магадгүй юм. Найман нэрийн барааны дэлгүүрээс эхлээд томоохон худалдааны төвүүд, үйлдвэрлэгчдийн ашиг орлогод нөлөөлөх учраас эдийн засаг хямралтай байгаа энэ үед хувийн хэвшил рүү дайрсан хууль батлуулахгүй гэдэг бодлого явж байхыг үгүйсгэхгүй. Нэг талдаа энэ зөв байж болох ч бид ард иргэдийхээ эрүүл мэндийг хохироож буй бизнесийг 20, 30 жил дэмжлээ шүү дээ. Манай улсын иргэдийн насжилт хөгжил буурай орнуудынхтай адил байгаа нь архи тамхинаас шууд шалтгаалдаг. Тэгэхэд бид энэ чиглэлийн бизнесийг дэмжээд, эндээс татвараа бүрдүүлэх гээд зүтгээд байх нь зөв юм уу.