m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 02:18
185
Гаднахаа гэртээ, гэр дэхээ гэдсэндээ хиймээр...

 

МАХ ИДЭХ МАГНАГ ХҮСЭЛ

Намайг багад байхад манайхан хот, хөдөөгөөрөө хоёр цагаан сар тэмдэглэдэг байлаа. Хот сууриныхан ёлк тэмдэглэж хөдөөнийхэн тэр аяараа зочин болон ирдэгсэн. Харин удалгүй хаврын тэргүүн сар тохиож хот сууриныхан унаатай нь унаагаараа, явган нь хоёр зээрдээ ч болтугай туугаад л хөдөөдөө очно. Ингэж баярлахын гол утга нь хөдөөгийн гийчид өрөм, ааруул, сааль сүү, цагаан идээгээ хурааж хумин хотын хэддээ авчирч өгнө. Харин хот орныхон цагаан сараар тэднийхээ хариуг барьж гялгар цэлгэр чихэр жимс, ганц хоёр шил годонг нь зохицуулна. Бараг л баярын бартер маягийн юмуудаа. Хариутай бол бариутай гэдгээр. Хөдөөд ах, дүү садангүй нь танил талдаа чихэр жимс өгч дамжуулан байж идээ цагаагаа базаагаад авчихна. Бусад үед нь бузгай ихээр мах, сүүгээр бялуураад байсан юмгүй дээ. Хөдөөний хэдийнхээ гарыг харсхийн суудаг л байсан. Тэр үед мах манайх, малчин танайх гээд талцаж хэрэлдээд байх юм байсангүй. Нэгдэл нийгмийн малаас хот орныхондоо хааяа илүүчлээд л болчихно. Хотод дэлгүүр рүү литрийн бидон бариад явах, цэцэрлэгийн тарагнаас хүүхдэдээ илүүчлэхэд уурлаад, ундууцаад байх ч юм байсангүй. Хөдөөд цагаан идээ зарна гэвэл “нүгэл байгаадаа хэдэн малын буянаар...” гэдэг. Соц нийгмийнх нь буян байсан юм уу, нэгдлийн малынх нь буян ч байсан юмуу.

 


“Монгол 50 сая шахам малтай байж мах, сүү дутагдалтай байна. Махны үнэ тэнгэр туллаа. Гурилтай сүү уумааргүй байна. Малчид гэж найр наадам хэссэн, төрөөс мөнгө нэхсэн баахан ажилгүй юмнууд”... “Малчдын амьдрал хэцүү байна, төр засаг харж үзэхгүй байна” гэхчилэн... Сонссон, үзсэн сонирхолгүй сэдэв. Үнэндээ ч 50 сая шахам малтай нь үнэн ч юм уу, худлаа ч юмуу Хаан банкны барьцааны мал гэсэн үг хүртэл гарсан л байснаас харахад...Сайнаар бодоход нүүдэлчдийн удам нэг муу савласан хуурай сүү ууж, лаазалсан гахайн мах, шазалсан тахианы мах идэж суумааргүй. Махны зах дээр махнаас өөр мэдээж юу байхав дээ байж л байна. Заазуур барьсан хүүхнүүд далайлцах нь аймаар ч юм шиг. Гэтэл ядаж долоо хоногтоо нэг тогоо дүүрэн мах чанаад идчихье гэвэл сачий тэр болгон хүрэхгүй. Хүсэл бол байна. Одоо тогоогоор мах чанадаг айл ховордсон доо. Бидний хүсэл бол жишээ нь цагаан идээний дэлгүүрт орохоор ээзгий, ааруул нутаг, нуга Дорж, Дондогийнхоороо өрөөстэй. Үнэ нь хямд биш юмаа гэхэд кило чихэрнээс нэг их зөрүүгүй. Мах бол үхэр, хонь, ямаа, тэмээгээрээ ярайгаастай. Угсаа гарвал нь нутаг нугаараа бичээстэй, тарган, туранхайгаараа таараастай, өрөөл, хаа, гуя, дал, хавиргаараа сонголттой. Боломжтой нь гулуузаар нь хонио авна уу, бүтнээр нь үхрээ авна уу. Ядмагхан нь яахав хэдэн хавирга дангаар нь аваад будаатай буцалгаад идэхэд боломжтой баймаар. Мах идэх их хүсэл бол нэг иймэрхүү.

 

Тэнгэрт хадсан үнэндээ ч биш, тэр үнэндээ таарах баталгаа байхгүй болоод л үнэндээ бачуурдаг байх.

Харин өнөөдөр “ямаанд залгасан хонины сүүл”, “адуутай машиндсан бөх” гэсгийгээд цаашилбал дотор өөхийг нь дунд нь хийгээд хөлдөөчихсөн шулаадас, сээр нэртэй хүзүү зэргээр ангилсан махыг худалдагчийнх нь хумсны хир, халаадны ариун цэвэр зэргийг харсгээд л авахаас аргагүй. Тэнгэрт хадсан үнэндээ ч биш, тэр үнэндээ таарах баталгаа байхгүй болоод л үнэндээ бачуурдаг байх. Мал нь байна, малчин нь байна, махчин нь бас байна. Манай улсын нэг хүний махны хэрэгцээ жилд 70 орчим кг бөгөөд 2012 онд нийт хүн амын махны хэрэгцээ 181 мянган тонн байсан бол нэг хүний хэрэглээ 80.7 кг болж нэмэгдсэн байна. Энэ жил энэ тоо 100 дөхсөн байна. Хэрэглээ хойно өссөөр л байгаа. Харин сайд нь солигдсон салбарын яамны 2012-2016 онуудад тавьсан “Хүн амыг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээр жилийн турш, жигд тогтвортой хангах, экспортыг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлэх” хэмээх том зорилго чухам л алагласан өөхтэй хавирга огтлохтой л адил амттай аж.


МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮД  МАЖИЙГААД ЭХЭЛЖЭЭ

Үйлдвэрийн аргаар ангилж янзалсан ариун цэвэр нь аюулгүй гэсэн баталгаатай мах идэх ёстой цаг бол одоо. Үүнийг махны үйлдвэрүүд хийнэ. Улсын хэмжээнд жижиг дунд нийлсэн 45 мах боловсруулах үйлдвэр байж саяхныг хүртэл. Тэдний хүчин чадал нь 100-аад мянган тонн мах бэлдээд дотоод болон гадаад зах зээлд нийлүүлэх бололцоотой аж.

Махны үнийг тогтворжуулахад зориулсан 87 тэрбум төгрөгийн хэл ам ч үүнд багтана. Махны үнийг мөнгө гаргаж зохицуулах гэсэн манай төрийн арга энэ.

 

Гэвч өнөөдөр 10 хүрэхгүй шахам нь дөнгөн данган ажиллаж байгаа аж. 2008 онд махны үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт 20 хувьд ч хүрэхгүй байгааг салбарынхан гэнэт олж хараад махны үйлдвэрийг дэмжих нь зүйтэй юм болж. 2012 онд Хятадаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч 200 сая ам.доллараар нь хуурай сүү, чацаргана, гурилын үйлдвэр түүн дотроос мах боловсруулах 12 үйлдвэр барихаар болж. Ямартаа ч мах боловсруулах үйлдвэрүүдээ 45 хүргэсэн байна. Харамсалтай мал, махны үнэ нь өдрөөс өдөрт өсөхийг нь мартаж мөн үйлдвэрүүдийн түүхий эд нь өөрсдөө гүйж ирээд заазууран дор бөхийнө гэж сэрүүнээрээ зүүдэлснийх өнөөдөр үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүй хаалгаа барихад хүрээд байгаа юм. Махны үнийг тогтворжуулахад зориулсан 87 тэрбум төгрөгийн хэл ам ч үүнд багтана. Махны үнийг мөнгө гаргаж зохицуулах гэсэн манай төрийн арга энэ.

 

Ингээд л өнөөдөр мал нь хотондоо, үйлдвэр нь хотдоо хэвээрээ байна. Хүчин чадлынхаа 20-30 хувийг ашиглаж байсан үйлдвэрүүд өндөр үнэтэй түүхий эд, банкны зээл, ченжүүдийн өрсөлдөөнд дийлдэхийн зэрэгцээ малын өвчнийн шуугианаас болоод экспортын гол орлогоосоо салахад хүргэсэн байна. Оросод экспортолдог манай махны үнэ Бразил, Аргентинтэй зэрэгцээд ирэхэд тэд манайхыг тоохгүй. Үйлдвэрүүд өнөөдөр нөөцийн махны тендерт ялах ганцхан хүсэлтэй. Гэвч банкны босго өндөр. Өнгөрсөн жил нийт махныхаа 20 хувийг өөрсдөө бэлтгээд хөнгөлттэй зээл авдаг байсан бол энэ жил 40 хувийг нь эхлээд бэлтгэх босго тавьсан нь жижиг үйлдвэрүүдийг унагах бас нэг шалтгаан. 8-12 сарын хугацаанд л явагддаг мах бэлтгэлд тэр хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй үйлдвэрүүд цөөн учраас ченжүүдтэй адил үнээр авсан маханд боловсруулалт хийгээд дотооддоо нийлүүлнэ гэдэг хязгаарлагдмал. Ноос, арьс ширэнд хөнгөлөлт урамшуулал олгож байгаатай адил махаа үйлдвэрт тушаахад урамшуулалтай болговол үйлдвэрүүд түүхий эдтэй, хэрэглэгчид баталгаатай мах идэх боломж бүрдэнэ гэж тэд үзэж байгаа юм. Мөн хаа сайгүй гар аргаар мах бэлддэг байдлыг хоригловол махыг үйлдвэрийн аргаар бэлтгэдэг болно гэж итгэж байгаа бололтой. Өдөр тутам ноос ноолуур өмсөхгүй ч өдөр тутам мах иднэ. Урамшууллыг ухаантай хийвэл нэг хөшүүрэг болох магадлалтай.


ТӨРИЙН МАЛЧИН

“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулъя” гэдэг уриа үгтэй хэчнээн жилийг үдэв. Малчин нь бизнес сэтгэлгээтэй, мах нь зөв бодлоготой бол уг нь эдийн засгийнхаа жамаар эргэлдээд л ам руу ороод ирмээрсэн дээ. Хэрэглэгч нь ч, үйлдвэрлэгч нь ч, ченж нь ч малчдын малын үнэ өндөр байгааг хэлээд байна. Махны үнэ ярихаар муусайн ченжүүд гэдэг. Эрэлт, хэрэгцээ, ашиг, боломж нь байхад махны ченж хийх хүн байлгүй яахав. Зардал, хөдөлмөр гаргасан хүн тэрийгээ нэмэх нь дамжиггүй. Малын үнийг малчин л тогтооно. Зарах үгүйгээ малчин л шийднэ. Яг нарийндаа бол төр шийдчихээд байгаа юм.

 

Хотынхон ирээд мах авах гэвэл Хүчит шонхорын үнийг л хэлчихнэ.

 

Зуд болвол өвс тэжээлийг нь төр бэлдэнэ, өвдвөл тарилга туулгыг хийнэ, үхвэл булж булшлахыг нь хүртэл төр зохицуулчихна. Малчдын мах, сүү нь үнэгүй арьс, шир, ноос ноолуур нь урамшуулалтай, мал нь төрийн хамгаалалттай, орлого нь татвар татаасгүй ойрын жилд зуд болоогүй малчид малаа зарж яахын. Мянга хүргэчих юм бол төр шагнаад мандаад явчихна. Малчид өнөөдөр төрийн малыг маллаж байна гэхэд хилсдэхгүй. Хотынхон ирээд мах авах гэвэл Хүчит шонхорын үнийг л хэлчихнэ. Өөрийнхөө бизнесийн төлөө хариуцлага хүлээдэггүй бизнесмэн малчнаас өөр лав үгүй. Мал аж ахуй эрхлэгчдэд тогтмол орлого байхгүй гэдэг. Харин ч тасралтгүй орлоготой байх боломж бол мал. Эдийн засгийн эргэлт, бүтээгдэхүүний чанар яривал бүтээгдэхүүнээ зарах хүсэлтэй байж өрсөлдөнө.

 


Гэтэл энэ бүхнийг төр өөрөө хаагаад өгчихсөн. Элдэв төрлийн хөнгөлөлт урамшууллын буухиа үргэлжилсээр. МАХН, АН-ын хамтран ажиллах тухай 2008 оны есдүгээр сарын 12-нд байгуулсан гэрээнд малчдыг мал аж ахуйн орлогын албан татвараас чөлөөлүүлэхээр, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт малчдыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай тусгагдсанаар энэ бүхэн биелэлээ олсон. Мөн малчин, мал бүхий этгээд малын гаралтай бүтээгдэхүүнээс олсон орлогоосоо татвар төлсөн тохиолдолд хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ. Үүн дээр малчин өрх өөрийн зардлаар худаг гаргаж ашиглалтад оруулсан бол хөнгөлөлт үзүүлэх тухай ч байна. Засгийн газар 2008 оноос малын хөлийн татварыг тэглэсэн. Эх орны хишиг, халамжууд гэж бас бий. Оюутны сургалтын төлбөрийг хүртэл төр дааж байлаа. Хамгийн сүүлд малчдад ноосны урамшуулал олгохоор шийдвэрлэсний дагу малчдын ерээд хувь нь энэ урамшуулалд хамрагджээ. Дотооддоо тушаасан хонины кг ноос тутамд 2000 төгрөг, бод малын ширийг 15 мянга, богийн арьсыг 3000 төгрөгөөр тооцон урамшуулал олгож байна. 2012 онд гэхэд 14.7 мянган тонн ноосонд 29.4 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн энэ бодлогын үр өгөөж нь хөнгөлттэй үнээр албан ёсоор ченжүүдэд түүхий эдийг бэлтгэж өгсөн явдал. Учир нь дотоодын үйлдвэрүүдийн арьс, шир, ноос ноолуур бэлтгэх хүчин чадал нь хэмжээ хязгаартай. Үйлдвэр нь өөрөө ченж болсон эсвэл ченжийн түүхий эдийг бэлтгэж өгч байгааг нүдээрээ харсан малчид шүүмжилж байна. Урамшуулал авах гэж үндэсний үйлдвэрлэлд түүхий эдээ өгөхөд хашаан дотроосоо хятадын ченжид өгч байсан тохиолдол ч байна. Нөгөө талд нь арьс, шир, ноосны үйлдвэрүүд ихэнх нь нийслэлд байх тул цэвэрлэх байгууламжийн асуудлаас болоод хяналт шалгалтынхан нь очоод хааж боочихдог. Үйлдвэрийг дэмжсэн бодлогын урвуу хамаарал.

 


Монгол улс 171 мянган малчин өрхтэй, 42 сая гаруй малтай ч төсөвт түй гэхээр юм орж ирэхгүй. Их хуралд ихэнх хувийг нь эзэлдэг хөдөөгийн гишүүдийн хийх дуртай ажил нь малчдад ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх. Тухайлбал 2009 онд Ц.Даваасүрэн гишүүн улсын төсөвт малчдын татвараас орж ирдэг 2.4 тэрбум төгрөгийг “сонгуулийн үеэр малчдаа татвараас бүрэн чөлөөлье гээд амлачихсан шүү дээ. Тэгээд ч энэ амлалт хамтарсан Засгийн газар болон намуудын мөрийн хөтөлбөрт туссан учраас зайлшгүй хэрэгжүүлэх учиртай” хэмээсээр үгүй болгосон хүмүүсийн нэг. Тэд дараагийн сонгуулиар бас нэгэн хөнгөлөлт бодож олоо байлгүй. Энэ мөнгө орон нутгийн нийт төсвийн 2.6 хувийг эзэлж байсан байдаг. Нөгөө орон нутгийг хөгжүүлнэ гэсэн яалаа. Малчныг төр бизнесмэн гэдэг утгаар нь харж мал, малаас гарах бүтээгдэхүүний чанараараа өрсөлддөг менежмэнт хийдэг болгоход чиглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй хөдөөгийн гишүүдийн судалгаагүй сонгуулийн амлалтад тулгуурлаж хөнгөлөлт, урамшууллаа үргэлжлүүлсээр байвал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, технологи, чанар, үнийг хүчээр зохицуулж чадахгүй гэдгийг харуулсаар байна. Зуд болсон ч үнэ нь өсдөг, өн болсон ч үнэ нь өсдөг мах магнаг хэвээрээ л байх болов уу. Төрд эрхэлсэн малчин, малчин хэвээрээ л үлдэх магадлал өндөр.


ХОРШДОГГҮЙ ХОРШООД

Хоршоо хэмээх үгийг мэдэх болсноор мөн л олон жилийг үдэж байна. Малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах зөв бүтэц, хэлбэр бол хоршоо гэж Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо үзэж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ хоршооны мах, тэндхийн хоршооны сүү, цагаан идээ шүү гээд буух эзэнтэй бүтээгдэхүүн лангуун дээрээс авч үзсэнгүй. Малчид нэгдэж нийлээд менежментээ хийхэд уг нь боломгүй зүйлгүй. Хоршиж өгдөггүй хоршооны хөгжил одоо болтол барайж торойх юм алга. 2003 онд улсын хэмжээнд хоршоог дэмжих жилийг зарлаж бүс нутгаар нь үйлдвэрлэл үйлчилгээ сул, дунд, сайн хөгжсөн нутагт хоршоо байгуулвал хэмээн бас л татвараас чөлөөлнө гэснээр зохиомол хоршоонуудыг цаасан дээр бий болгон Монгол 2000 хоршоотой болжээ. Энэ хоршоонуудын олонх нь сум, баг, аймгийн удирдах түвшний хүмүүсийнх байж. Судалгаагүй шийдвэрийн бас нэгэн үр дүн.
Малчдыг дангаар нь биш олон чиглэлээр мөн дэмжжээ. Сүүлийн хоёр жилд хоршооны чиглэлээр 1.2 тэрбум, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2.5 тэрбум, жишиг болохуйц түүхий эд бэлтгэлийн чиглэлийн 20 хоршоодод 900 сая төгрөгийн хүүгүй урт хугацааны зээлийг улс олгосон байна. Мөн сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрээс өнгөрсөн онд 126 хоршоонд 1724.56 сая төгрөгийн зээлийг олгожээ. Дэмжээд дэмжээд явдаггүй гэгчээр дэмжлэгийн үр дүн дэлгүүрийн лангуун дээр, хөдөө аж ахуйн бирж дээр харагдсан нь тун ядмаг. Монгол улс анх удаа хөдөө аж ахуйн биржтэй болоод хоёр жил болж байна. Хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүн хил гаалиар гарах учиртай. Харин сонсохнээ бирж бүтээгдэхүүнээсээ илүү биржээр арилжаалсан гэдэг бичиг цаас арилжаалдаг болсныг мэдэх хүмүүс шүүмжилж байна. Малчид нь дангаараа менежментээ хийж чаддаггүй юм бол хоршиж байгаад хийе гэхнээ нэг иймэрхүү. Хөнгөлөлт эдлэх гэсэн хуурамч хоршоонууд хойноосоо хэл ам дагуулсаар. Төв аймгийн Бүрэн суманд 10 мянган төгрөгийн хураамж аваад 400 гишүүнтэй хоршоо байгуулчихад хянаж шалгаж байгаа газар алга гэнэ.


МЯНГАТЫН ЗИНДАА

Өнөөгийн малчдын гол зорилго бол чанартай бүтээгдэхүүн бий болгож зарах биш мянгат малчин болох. Тиймдээ ч мянгат малчид сүүлийн хэдэн жил өссөөр байна. Аймаг, сум ч мянгат малчдын тоогоороо уралдах болсон. Саяхан нэг сум 40 мянгат малчинтай болсноороо бахархаж байсан. Харин мянгат малчдын мал гэж хариулгагүй, хайхрамжгүй, уналга эдэлгээнд сургаагүй багширсан юм байх нь энүүхэнд. Бэлчээрийн талхагдалд нийт бэлчээрийн 70 хувь нь өртөж, цөлжилт 40 хувьтай байна гэсэн олон улсын судалгаа байна. Үүнд мянгатууд ямар хариуцлага хүлээдэг вэ? Мал олон байх тусмаа сүү саалийг бүрэн авдаггүй, заримдаа сүргийнхээ тоог ч барагцаалж мэддэггүй мянгатууд олширсныг малчид ч өөрсдөө хэлдэг болж.

 

Мянган малтай байлаа ч мах, сүүгээ худалдаалдаг нь хэлбэр нь ченж учир татвар гэхээр юм төлөхгүй.

 

Цөөн малтай малчин малынхаа ашиг шимийг бүрэн авч, зардлаараа өвс тэжээл авахаас эхлээд тооцоо сайтай. Гэтэл хэдэн мянгаар тоологдох малыг нэг бүрчлэн угаалга, вакцинд оруулахаас эхлээд төвөгтэй. Мянган малтай байлаа ч мах, сүүгээ худалдаалдаг нь хэлбэр нь ченж учир татвар гэхээр юм төлөхгүй. Мянгаас дээш малтай хүн Монголд 2000 хол давжээ. Халдварт өвчин ихэнхдээ маш олон малтай айлаас гардаг гэдгийг ч салбарынхан нуусангүй. Мал мянга хүрэхээр муулах хонь олдодгүй гэдэг сэн. Мянгат малчдын зөвлөгөөн болжээ. Зөвлөгөөн дээр зөвлөгөөний тэргүүлэгч мянгат малчин хоршоонд нэгдэхийн эсрэг утгатай үг индэр дээрээс унагасныг хоршоологчид гайхаж байна. Учир нь хоршино гэдэг үүрэг, хариуцлага хүлээнэ гэсэн үг. Татвар төлдөггүй, малаа тордох нь байтугай тоолж ч хүчирдэггүй 10 хаваржаа, өвөлжөөтэй мянгат малчдыг төрүүлээд л байх уу?

 

 

А.Мөнхжин