m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 02:20
39
Тендер зарлах, гэрээ байгуулах хугацааг тасалбар болголоо

Оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн орлого төлөвлөсөн дүнгээс 623.4 тэрбум төгрөгөөр тасраад байгаа тул яаралтай биш зарим бараа, ажил үйлчилгээний зардлыг хумихаар шийдвэрлэлээ.

Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар есдүгээр сарын 19-нээс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байх, төсөвт байгууллагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын мөнгөн хөрөнгийг бууруулж олгох, шинээр өр төлбөр үүсгэхгүй байхыг Сангийн сайд, Төсвийн бүх шатны эрх захирагч нарт даалгалаа.

85.6 тэрбум төгрөгийн дүнтэй хөрөнгө оруулалтын 75 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй байна

Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зургаадугаар сарын 15-ны дотор дүгнэж, ажлыг нь эхлүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт Засгийн газраас даалгасан. Гэвч есдүгээр сарын 16-ны байдлаар 85.6 тэрбум төгрөгийн дүнтэй хөрөнгө оруулалтын 75 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй байна.

Хэдий гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн ч барилга угсралтын технологийн горим, стандартын шаардлагын дагуу гүйцэтгэх хугацаа хязгаарлагдмал болсон учир ийнхүү тендер зарлах, гэрээ байгуулах хугацааг тасалбар болголоо. Өнгөрсөн онд төсвийн худалдан авах ажиллагааг наймдугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгож байсан юм.