m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 07:34
362
“Тэнгри Холдинг”-ийн захирлын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл хийлээ

“Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаярыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 10 сар гаруй болж байна.  Түүнийг цагдан хорих хугацаанд гурван хорих анги дамжуулсаны улмаас архаг, хууч өвчнүүд нь сэдэрч, биеийн байдал нь муудаж байгаа талаар өнөөдөр түүний гэргий болон өмгөөлөгч нь мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Х.Анхбаярын өмгөөлөгч Б.Баярмаагаас тодрууллаа.

-Хуулийн байгууллага, АТГ Х.Анхбаярыг цагдан хорьж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна гэж ярьлаа. Өмгөөлөгчийн хувьд ямар тайлбар өгөх вэ?
- Шүүхийн шийдвэр ямар байх ёстой вэ гэдгийг Улсын Дээд шүүхийн 21 тоот тогтоолоор маш тодорхой заасан байдаг. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж. Гэтэл миний үйлчлүүлэгчийг хорьж байгаа үндэслэл тодорхойгүй байна. Тэд “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор” гэдэг тайлбар өгдөг. Гэтэл мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа ч тайлбарт өөрчлөлт орохгүй байна. Уг нь бүх нотлох баримтыг хурааж аваад мөрдөн байцаах ажиллагаа дууслаа хэмээн хэргийн материалтай танилцуулсан. Энэ нь “хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх” гэдэг үндэслэл шаардлагагүй болсон гэсэн үг юм. Гэвч Х.Анхбаярыг үргэлжлүүлэн хорьсоор л байгаа.

-Дөрөвдүгээр сарын 09-ний өдөр шүүхээс ямар шийдвэр гаргасан юм бэ?
-Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүх 2014 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр шийдвэрээ гаргасан. Яллагдагч  “Х.Анхбаяр нь хүнд гэмт хэрэгт холбогдсон, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж, мөрдөн шалгах хугацааг сунгасан шүүгчийн шийдвэр хуульд нийцсэн байна” гэсэн байгаа. Ерөнхий шүүгч нь ийм шийдвэр гаргасан.

Гэтэл энэ үед мөрдөн байцаалт дуусаад хэргийн бүх оролцогчид хавтаст хэрэгтэй танилцчихсан байсан. Тэгэхээр энд үнэхээр үндэслэлгүй хууль бус ажиллагаа яваад байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж удаа дараагийн сонгох шүүх хуралд өөрийн үндэслэлийг тавьж оролцдог ч харамсалтай нь урьд гарсан шийдвэрүүд давтагдсаар байна.

-Энэ хэрэгт ямар нэгэн улс төрийн нөлөө байгаа болов уу гэдэг таамаглал ар гэрийнхэнд нь байгаа болов уу?

-Хуульд цагдан хорихоос гадна таслан сэргийлэх арга хэмжээ авах 4-5 төрлийн аргууд бий. Миний үйлчлүүлэгчийн цагдан хоригдох энэ хугацаанд таслан сэргийлэх өөр төрлийн арга хэмжээнүүд авч болохоор байхад өөрчлөхгүй байгаа нь ямар нэгэн гадны нөлөөлөл, учир шалтгаан байдаг байх гэсэн таамаглалыг төрүүлж байна.

-Х.Анхбаярыг хоригдох хугацаандаа хүмүүстэй үгсэн хуйвалдсан гэх шалтгаанаар хорих ангийг нь сольсон гэсэн. Энэ хэр үндэслэлтэй вэ?
- Энэ асуудлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр даргаас асуусан нь дээр байх. Манай хүний хувьд хэзээ ч ийм зөрчил гаргаж байгаагүй. Хамгийн эмгэнэлтэй нь Цагдан хорих байрны дүрэм журамд хувийн захидлыг үзэж шалгаад гаргаж болно гэж заасан байдаг. Х.Анхбаярын хувьд хоригдож байхад нь хуримынх нь ой тохиож эхнэртээ хайрын захидал бичсэн байдаг юм. Үүнийгээ журмын дагуу үзэж шалгаад явуулж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл тус захидал эзэндээ очоогүй. Үүнийг л үгсэн хуйвалдсан, мэдээлэл солилцсон, мөрдөн байцаалтад саад учруулсан гэхгүй бол өөр зүйл байхгүй.

-Х.Анхбаяр өмнө нь хэрэгт холбогдож, шалгагдаж байсан юм уу?
-Өмнө нь шалгагдаж, хэрэгт холбогдсон зүйл байхгүй. Хүн эрхийнхээ дагуу ямар хэрэгт буруутгагдаад байгаагаа мэдэх эрхтэй. Гэтэл албан тушаалын хэрэг гэдэг. Яг үнэндээ миний үйлчлүүлэгч албан тушаалтан биш. Тэгээд хүний эрх зөрчиж, шорон хэсүүлж, үндэслэлгүйгээр хориод байна гээд Хүний эрхийн үндэсний комисст мэдэгдсэн.

-Хүний эрхийн үндэсний комиссоос ямар хариу ирүүлсэн бэ?

-ХЭҮК-оос гомдлыг нь“Нийслэлийн прокурорт шилжүүллээ” гэсэн хариулт өгсөн. Ер нь манай хуулийн аль ч шатны байгууллагууд  шийдвэр гаргаж чадахгүй байна. Гомдол гаргахаар бүгд л “холбогдох газарт нь шилжүүллээ” гэсэн нэг л хариулт өгч байна. Гэтэл цаана нь хүний эрүүл мэнд, эрх улам л зөрчигдсөөр байна шүү дээ.

Х.Анхбаярын ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол АТГ-аас хийсэн мэдэгдэлд ингэжээ.

 АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөр хэлэхдээ “ Х.Анхбаярыг Төв аймаг, Зүүн хараа, Хорих 461 дүгээр анги зэрэг гурван хорих төвийг дамжуулсан нь үнэн. Учир нь цагдан хорьж байгаа асуудлыг мөрдөн байцаагч өөрөө шийдчихдэггүй. Шүүх шийддэг. Шүүх дээр тухайн хүний өмгөөлөгч нар оролцож байж асуудлыг шийдэж байгаа. Яагаад дамжуулж хорьсон гэхээр нэгдүгээрт, эхний ээлжинд Төв аймагт хорих үед нь тухайн хэрэгт холбогдолтой хүмүүс цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Ийм учраас бид шүүхэд асуудлыг тавиад 461 дүгээр ангид хорьвол хоорондоо хэл ам авалцана гэж үзсэн. Ийм үндэслэлээр Төв аймгийн цагдан хорих төвд хорьсон. Гэвч тэнд очоод гаднаас янз бүрийн захиа оруулах, бусадтай хуйвалдах зэрэг мөрдөн байцаалттай холбоотой янз бүрийн зовлон бэрхшээл учирсан. Тиймээс бид Зүүн хараад аваачиж байршлыг нь сольсон. Гэвч ялгаа байхгүй энэ байдал давтагдсан. Ийм байдлаар бид хоёр газар дамжуулж цагдан хорьсон. Гэхдээ энэ хүнийг тамлан зовоосон зүйл байхгүй.

Энэ хүнийг цагдан хорих хугацаанд нь давхардсан тоогоор гэр бүлийнхэнтэй нь 58 удаа уулзуулсан.  Нарийн мэргэжлийн эмчид гурван удаа авч явж үзүүлсэн. Хоригдож байгаа эмнэлэгт гурван удаа хэвтэж эмчлүүлсэн. Мөрдөн байцаагч 10 хоногт уулзаж байсан. Нийтдээ долоон удаа байцаалт авсан. Их хэмжээний лиценз буюу 3.5 тэрбум төгрөгний лиценз авахдаа тэрнийхээ хэмжээгээр улсад татвар төлөөгүй нь тогтоогдсон. Мөн Газрын тосны газрын албан тушаалтанд хахууль өгсөн нь тогтоогдсон” гэсэн юм.