m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 04:36
87
Ардчилсан нам БНАСАУ-ын Хөдөлмөрийн намтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын олон улсын харилцааны хэлтсийн дарга Кан Сөг Жү тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа. Энэхүү айлчлалын арга хэмжээг Ардчилсан намын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулжээ. Төлөөлөгчдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар хүлээн авч уулзав.

Ерөнхий  сайд Н.Алтанхуяг хоёр орны хооронд олон жил найрсаг харилцаатай байгааг дурьдаад, цаашид энэхүү харилцаагаа улам өргөжүүлж, улс төр, эдийн засгийн олон чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам олон улсын төвшинд улс орноо төлөөлж, намынхаа үйл ажиллагааг улс орныхоо сайн сайхны төлөө чиглүүлж буй хичээл зүтгэлийг нь үнэлж буйгаа илэрхийлэв.

Мөн Засгийн эрх барьж байгаа манай намын хувьд улс орны эдийн засаг, ард түмний амьдрал ахуйг нэгдүгээрт тавьж ажиллаж байгаа.  БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам ч  ижил зорилготой ажиллаж байгаад ач холбогдол өгч буйгаа илэрхийллээ. Дараа нь хоёр намын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг солилцлоо. Түүнчлэн улс төр, эдийн засгийн чиглэлээр хоёр тал хамтарч ажиллахаа илэрхийлж, мэдээлэл солилцов.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төв хорооны III дарга Кан Сөг Жү “Цаашдаа хоёр намын хооронд төдийгүй, Засгийн газрын төвшинд уулзаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

БНАСАУ-ын тэдгээр төлөөлөгчид айлчлалын хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж хоёр орны нийслэл, хотын хөгжил цэцэглэлтийн талаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд ногоон байгууламж, зам, барилга, дэд бүтцийн чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийлэв.