m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 06:47
66
Алслагдсан дүүргүүдэд хүрч ажиллах явуулын номын сангийн нээлт болно

Жил бүр зохиогддог Номын Баярын өдөр буюу энэ сарын 20-ны Бямба гаригт Чингисийн талбайд “Морьтой Үлгэр” хүүхдийн номын сангийн төслийн нээлтийг "Go Help" ОУХБ-аас Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамтай хамтран зохион байгуулах гэж байна.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх, Сонгино Хайрхан, Налайх дүүргүүдийн номын сан болон интернет, мэдээллийн үйлчилгээ хязгаарлагдмал хүрдэг хороодод амьдарч буй хүүхэд багачуудын сэтгэхүйн хөгжил улмаар боловсролд нь хувь нэмэр оруулах зорилгоор бүрэн тохижуулсан том оврын автобусыг явуулын мэдээллийн төв, номын сан хэлбэрээр ашиглах юм. 

“Морьтой Үлгэр” явуулын номын сангийн автобусны тохижилтын зургийг Disney, Nickelodeon, Google зэрэг олон студид ажиллаж байсан хүүхэлдэйн киноны нэрт зураач Мартин Хсу сайн дураар бүтээж өгсөн байна.

Явуулын номын сан нь Монгол ардын үлгэр болон Англи хэл дээрх үлгэрүүд, сонгодог уран зохиол, шинжлэх ухааны төрлийн 250 гаруй номтой бөгөөд долоо хоног бүр хоёр удаа дээрх дүүргүүдээр аялах юм.

Төслийн нээлтийн үеэр хүүхдийн зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ж. Дашдондог өөрийн зохиолуудаас хүүхэд багачуудад уншиж танилцуулах ба хонжворт сугалаа, номын өдөрлөг худалдаа зохиогдоно. 

Төслийг Их Британи улсын "GoHelp" ОУХБ Монгол дахь салбараараа дамжуулан нийт 20 сая төгрөгийн хандивын санхүүжилтийг “Морьтой Үлгэр” төслийг хэрэгжүүлэхэд олгоод байгаа бөгөөд тус байгууллага нь 2011 оноос Найлайх дүүрэгт байрлах 2,000 орчим номтой “Номын Байшин” номын сангийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна.