m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:42
161
Ухаалаг нийтийн тээвэр Улаанбаатарын өнгийг тодорхойлно

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 25 байгууллага, салбарын удирдах ажилтнууд хамтарч “Нийтийн тээврийн хөгжлийн гарц”-аа тодорхойлохоор өнөөдөр чуулж байна. Анх удаа зохион байгуулж буй энэхүү чуулганыг 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийтийн тээврийн ууган байгуулага “Автобус нэг” ОНӨҮГ-аас санаачлан ерөнхий зохион байгуулагчаар “Автобус нэг”, “Автобус-3” компаниуд, хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК,  “Цахилгаан тээвэр”,  Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум оролцож байгаа юм.

Нийслэл хотын нийтийн тээврийн асуудал өнөөдөр зөвхөн тухайн салбарын үйл ажиллагааг явуулдаг төрийн болон хувийн хэвшлийнхний асуудал биш. Нийслэл хотод ажиллаж амьдарч  байгаа 1.2 сая хүний асуудал юм гэдгийг энэ үеэр тэд хэлж байлаа. Түүнээс гадны аль ч улсын ямар ч хотод нийтийн зорчигч тээвэр нь тухайн хотынхоо өнгийг тодорхойлж байдаг салбар. Дэлхийн нийтийн жишгээс харвал нийтийн тээвэр иргэдийнхээ шаардлагад бүрэн нийцсэн үйлчилгээг үзүүлдэг. Тус салбарт ажиллагсдынхаа нийгмийн асуудал болоод бусал ажиллах нөхцлийг нь бүрдүүлж байдаг нь хотын хөгжлийн нэг том суурь болдог хэмээн чуулганд оролцогчид дурьдаж байв.

Нийтийн тээвэр нь нийгмийн захиалгат үйлчилгээ

-Нийтийн тээврийн хөгжлийн гарц нь яг юу вэ ?

Авто зам тээврийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатартай : Дэлхийн хөгжингүй орнууд нийтийн тээврээ хэрхэн шийдсэн байна вэ гэдгийг судалж үзээд ололттой болоод хэрэгжүүлэх ажил олон байна. Монгол Улс өөрөө  түүхийнхээ хөгжилд нйислэлдээ ийм олон хүн амтай байж үзээгүй. Мэдээж нийтийн тээврийн хөгжил гэдэг нь хотын хөгжлийн салшгүй нэг хэсэг. Ерөнхийдөө  гарах гарцын талаар бол нэгдүгээрт хяналтын өндөр түвшинтэй, хэрэглэгчид нь бүгд төлбөрөө төлдөг, үнэ тариф бодиттой байх ёстой. Тухайн аж ахуй нэгж алдагдалгүй байх ёстой бөгөөд үнээ бодит байдлаар гаргаж өгөх ёстой байна. Мөн түүнчлэн хүүхэд, өндөр настан гэж ялгах ёсгүй. Дэлхийн аль ч оронд ялгаддаггүй. Тухайн хүнийхээ зорчих төлбөрийг картанд хийгээд өгөх хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, та өдөрт дөрвөн удаа зорчих эрхтэй үүнээс илүү зорчих бол мөнгөө төлөөд явна гэсэн шийдэл байдаг. Хоёрдугаарт, хүүхдийн автобус гэж тусдаа байх хэрэгтэй. Тодорхой хэмжээний стандарттай байх ёстой юм. Зам тээврийн яам хүүхдүүдэд  тохирсон стандартыг гаргачихсан. Ирэх сард багтаан энэ асуудлыг шийдвэрлнэ. Гуравдугаарт, автобусны буудал тодорхой байх ёстой. Дэлхийн аль оронд тодорхой байдагтай адил. Гаднаас болоод орон нутгаас иргэдэд автобусны буудлууд нь тодорхой байх хэрэгтэй. Иймд бид маш ойлгомжтой автобусны буудалтай, ойлгомжтой тээвэр төлөвлөлттэй байх хэрэгтэй. Цаг төлөвлөлт  нь иргэдэд нээллтэй байх  юм бол бид өдөр тутам нийтийн тээврээр зорчиход асуудал гарахгүй. Энэ чуулган өөрөө   зөв гарц. Яагаад вэ гэвэл, хэн нэгэн дарга шийдвэр гарах биш, нийтийн тээврээр үйлчилж байгаа энэ хүмүүс хэлэлцэж санал бодлоо гаргаад өгөхөд төр зөв бурууг нь  дэмжээд өгөх хэрэгтэй.

ОНӨААТҮГ –ын дарга Н.Цэрэн- Очир :  Нийслэл хотын хөгжил нийтийн тээврийн хөгжлөөр тодорхойлогдож байдаг. Манай улсын нийтийн тээврийн хөгжил  нилээн хэл ам дагуулсан, санал гомдолтой холбоотой, үйлчилгээний талаар гомдол дагуулдаг. Өнөөдрийн энэ чуулганаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн байгуулагууд нэгдээд өөрсдийн гэсэн тодорхой өнгө аястай,хөгжлийн шинэ шатанд гаргая гэсэн үүднээс энэ чуулганыг хийж байгаа юм. Энэ чуулганаар нийтийн тээврийн хөгжлийн цаашдын ирээдүйн чиг хандлага ямар байхыг тодорхойлж гаргаад, удирдлагуудад хүргэж дэмжүүлэх болно. Иргэн бүрт хүрсэн түргэн шуурхай үйлчилгээг бий болгох ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна гэлээ.

Ухаалаг утас байхад яагаад нийтийн тээвэр ухаалаг байж болохгүй гэж

“Тэнүүн Огоо” ХХК захирал А.Ганхуяг: Нийтийн тээвэр маань гурван үеийг үдсэн байна. Бид анх удаагаа ингэж чууллаа. Өнөөдрийн байдлаар бидний үйлчилгээ иргэдэд хүрэхгүй болсон байна. Бидний гарах гарц вэ гэвэл том том зүйл ярих биш нийтийн тээврийнхээ автобус, үйлчилгээг чанартай, монголын нөхцөлд тохирсон нийтийн тээврийн хэрэгслийг оруулж ирэх хэрэгтэй.

Гадаа байрлаж байгаа автобуснуудыг хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн хөрөнгө оруулалтаар оруулж ирээд өнөөдөр хүмүүст үзүүлээд байж байх жишээтэй. Яг гарах гарц нь юу вэ гэвэл бид орлогын хойноос явдаг биш иргэдийг ороод ирэхэд автобусанд зөвхөн жолооч л байж, иргэд смарт картаа уншуулахад л болох тийм үйлчилгээг бид нэвтрүүлэх хэрэгтэй. Эхний ээлжинд бид төлбөрийн системээ нэг болгож байж энэ байдалд хүрнэ. Дараа нь чиглэл маршрутаа задалж өгөх хэрэгтэй. Өөрсдөөсөө шалтгаалах зүйлсээ бид хийх хэрэгтэй байна. Бид өнөөдөр дээр үеийнхээ л зам төлөвлөлтөөр явж  буйгаа өөрчилж богино эргэлттэй болбол иргэдэд ядаж сандлынхаа тоогоор явах боломжтой болно гэв.

Манай улсад нийтийн зорчигч тээврийн бодлогыг зөв төлөвлөж, тус салбарт ажиллах боловсон хүчнийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, зорчигчийн аюулгүй байдал бүрэн хангах нь огт байхгүй зүйл мэт.  Харин иргэн бүрт хүрсэн түргэн шуурхай үйлчилгээг бий болгох шаардлага нийгэмд зайлшгүй тулгарсан байгаа учир тэд өнөөдөр энд энэхүү асуудлуудад өөрчлөлт хийхээр нэгдэж чаджээ. Дээхэн үед автобусны жолоочийг тусгайлан бэлтгэж, төрөөс нийгмийн асуудлыг нь шийдэж, орон байр болоод цалин хөлс, хангамжийг нь анхаардаг байсан бол одоо энэ байдал эсэргээрээ эргэсэн байдалтай байна.

Тэд хэлэхдээ “ “Д” ангилалтай, 21 нас хүрсэн бол дурын хүн  автобусны жолооч хийх болсон. Мэргэжлийн ур чадвартай чиглэл маршрутын давхцал зэрэг асуудлыг 20 жил ярьсан. Тэгвэл бид замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, харилцааны соёлгүй, өнгө үзэмжгүй, цаг маршрутаараа үйлчилдэггүй, осол аваар гаргадаг болоод хоорондоо орлогоо  булаалдаж уралддаг гэсэн эдгээр муу нэрнээсээ салж нийслэлийн өнгийг тодорхойлсон нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр зорьж байна” гэв. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 1170 автобус өдөрт үйлчилгээнд гарч байгаа гэнэ.