m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 10:01
32
Эдийн засаг хямарсаныг Төр хүлээн зөвшөөрөв

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаярын өргөн барьсан "Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний төсвийн тодотгол"-ыг хэлэлцлээ. Хуралд АН, МАН-ын байнгын хорооны бүлгийн гишүүд, Сангийн Яам, Монгол Банк, Уул уурхайн яамны төлөөлөл оролцлоо. 

Монгол Банкны ерөнхийлөгч Н.Золжаргал "Эдийн засаг уналтад орж, хямарсан. Зах зээлд төлбөрийн тэнцлийн хямрал үүсч, ханшны бууралт явагдаж байна" хэмээн хэллээ. Монгол Улсын эдийн засгийн байдлыг Ерөнхий сайдаасаа эхлээд "Болж байна, бүтэж байна, сайхан байна" хэмээн хэлсээр байсан тэд аргагүйн эрхэнд үнэнд бууж өглөө. Ингээд Монгол Улсын эдийн засаг хямарсан талаар албан ёсны мэдэгдэл гарлаа. Эдийн засгийн энэ байдлыг арилгах зорилгоор өргөн барьсан тус тогтоол нь дотроо 26  яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй. Тодруулбал зарим нэг мөрийтай тоглоом бүхий барааг гаалиар нэвтэрч болохыг зөвшөөрөх, зарим нэг төрийн тусгай хамгаалалтад байгаа орд газруудын эрхийг цуцлах гэх мэтчилэн.

Хоёр намын гишүүд дээрх төсөлтэй санал нийлэхгүй байгаагаа удаа дараа хэлж байв. Эдийн засгаа аврахад заавал казино оруулж, гол усныхаа сав газрыг ухах шаардлагатай юм уу гэж хэлэх хүмүүс олон байлаа. "Хатгаа туссан хүний чихийг нь эмчилнэ гээд дайраад байж болохгүй. Бид яг л ийм зүйл хийх гээд байна. Эхлээд эдийн засгийн хямралаас гарах арга замаа зөв тодорхойлох хэрэгтэй. Үүнд хөндлөнгийн эрдэмтэн, судлаачдын дэмжлэгийг авах зайлшгүй шаардлагатай. Засгийн газар иргэдээ сонсдоггүй, чихгүй "хөгжлийн бэрхшээлтэй" болсон" хэмээн Ч.Хүрэлбаатар гишүүн онцолсон юм.

Сүүлийн жилд монгол улсад хөрөнгө оруулах хүсэлтэй гадаадын компаниудын эрэлт эрс муудсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 40 хувиар нэмэгдсэн, Монгол Улсын макро эдийн засгийн өсөлт 73 дугаар байр руу ухарсан. Мөн "Оюу Толгой" ХХК нийт хөрөнгө оруулалтын тал хувь буюу 3.5 тэрбум доллараа дэлхийн худалдааны бүсэд алдагдал хэмээн зарлажээ. "Newsweek", "Financial Times" зэрэг дэлхийн эдийн засгийн том сэтгүүлүүдэд манай улсыг хөрөнгө оруулахад эрсдэл өндөртэй гэж бичсэн аж. Энэ мэт баримтуудыг гишүүн Ж.Энхбаяр дурьдав.

"Оюу Толгой" ХХК нийт хөрөнгө оруулалтын тал хувь буюу 3.5 тэрбум доллараа дэлхийн худалдааны бүсэд алдагдал хэмээн зарлажээ. "Newsweek", "Financial Times" зэрэг дэлхийн эдийн засгийн том сэтгүүлүүдэд манай улсыг хөрөнгө оруулахад эрсдэл өндөртэй гэж бичсэн аж.

"Та нарын өргөн барьж буй энэ төсөлд чинь авах юм алга. Энэ бол зүгээр л Засгийн газрын өдөр тутам хийдэг ажил байна. Ийм зүйл бичээд ирж байхдаа өөрсдөөсөө, Монголын ард түмнээс ичдэггүй юм уу. Үүнийхээ оронд хөгжлийг зургаан жил хойшно татсан төмөр замын асуудал, эдийн засагт мөнгө цутгах ёстой Оюу Толгойн асуудлыг яагаад сөхөхгүй байна. Улаанбаатар хотын нисэх буудалд хувийн онгоцоороо газардаж, хөрөнгө оруулья гэсэн хүмүүсийн дарааллаар дүүрэн эдийн засгийг хоёр жилийн өмнө бид хүлээлгэж өгсөн. Энэ байдал өнөөдөр яагаад эсрэгээрээ эргэчихэв. Ажлаа хийж чадахгүй бол улс төрийн соёлоороо хийж чаддаг хүмүүст нь шилжүүлэх хэрэгтэй. Та нарын хариуцлагагүй, мэдлэггүй байдлаас Монголын ард түмэн хохирч байна. Ард түмэн хоёр жилийн өмнө 10 мянган төгрөгөөр хоёр кг мах авдаг байсан бол одоо ганцхан кг-ийг л авч байна" гэж гишүүн Д.Нямдорж хэллээ.

Төр бүсээ чангалж, дөрвөн яамаа татан буулгая

Харин эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ бүхнийг эрс эсэргүүцэж байлаа. Эдийн засгийн өсөлт өмнөх оноос өндөр гарсан. Энэ жил бид нар илүү их нүүрс экспортлож, дотоодын компаниудыг дэмжих болно" гэв.

Мөн Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй мэдэгдлүүд, тоо баримтууд үргэлж засагдаж гардаг. Энэ хороо бол Ардчилсан намын байгууллага биш гэж эрх баригчид хэлж байлаа.

Хуралдааны явцад эдийн засгийн хямрал нэгэнт үүссэн гэдэгт албаны хүмүүс болоод эрх баригчид санал нэгдсэн юм. Тиймээс эмчлэх аргаа цаг алдалгүй олох хэрэгтэй. Ялангуяа хаврын чуулганаар зөв стратегийг олж чадахгүй бол намрын чуулган гэхэд хямралын асуудлыг шийдэх нь нэгэнт өнгөрнө.

Эдийн засгаа тэтгэх хамгийн эхний алхам нь төрийн данхгар төсвийг хэмнэж, дөрвөн яамыг татан буулгая гэсэн саналд ихэнх гишүүд нэгдэж байсныг онцолье. Ямартай ч нэгэнт хүнд байдал үүссэн гэдэг нь ойлгомжтой болсон учир иргэд, аж ахуй нэгжүүд "бүсээ" чангалах шаардлага эн тэргүүнд тавигдах биз ээ.