m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 10:13
36
Нийслэлийн дулаан хангамж асуудалгүй болоход ойрхон байна

Эрчим хүчний яам 2013 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд “Амгалан” дулааны станц, ТЭЦ-3, ТЭЦ-4 дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хийхээр төлөвлөж байсан.  Тус бүтээн байгуулалтын ажлууд  өнгөрөгч онд эхлэн энэ жил хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Сэтгүүлчидтэй Эрчим хүчний сайд М.Сономпил болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр хамт эдгээр ажлын үйл явцтай танилцлаа. Хамгийн түрүүнд “Амгалан” дулааны станцын ажлын үйл явцтай танилцав.

 “Амгалан” дулааны станц нь Баянзүрх дүүргийн 20.000  айл өрхөд дулаан хангамжийг хүргэх зорилготой. Төслийн ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд  эхэлсэн. Суурийн ажил 80 гаруй, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 70 гаруй газар дээр ирсэн тоног төхөөрөмжийн ажил 20 гаруй хувьтай байна.  Яг одоо газар угсралтын ажил явагдаж байна.  Энэ оны аравдугаар сарын 15-нд эхний ээлжийн зуухыг  хүлээлгэж өгөх юм байна.  Нийтдээ гурван зуухаас бүрдэж байгаа. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт дулааны хангамж авч чадахгүй барилгууд цөөнгүй бий. Энэ оны арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд дулааны цахилгаан станцын ажил дуусч бүрэн ашиглалтанд орох төлөвлөгөөтэй аж.  Дүүргийн хэмжээнд 86 уурын зуух байдаг бөгөөд станц ашиглалтанд орсны дараа эдгээр зуухнуудыг ашиглахгүй юм. “ТЭЦ-4” дулааны станцаас гарсан дулаан 6-8 цагийн дараа Баянзүрх дүүрэгт ирдэг байна. Тус станц ашиглалтанд орсноор  дулааны алдагдал үүсэхгүй сайн талтай ажээ.

Ашиглалтын өмнөх захиргааны төслийн нэгжийн удирдагч Б.Баттөмөр ажлаас танилцуулав.

Карказын ажил ерөнхийдөө дуусаж байна. Ирэх долоо хоногоос хоёрдугаар ээлжийн карказ зуухны ажлыг эхлэнэ. Нэг сарын дотор бүх карказын ажлыг хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ажил жигдрээд ирмэгц гурван ээлжээр 24 цагийн турш ажиллах төлөвлөгөөтэй.  Яндангийн ажил хугацаанаасаа өмнө эхлээд баригдаад явж байна. БНХАУ-д манай гурван зуух 100 хувь угсрагдаад нааш нь ачуулсан.  Хугацаандаа ороход  Шархад, Улиастайн бохирын шугам Туул-1 коллектортой холбогдох ёстой юм. Энэ жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа юм. Бид Барилга хот байгуулалтын яам,  Хотын захиргаанд  хандсан байгаа. Нааштай хариу өгсөн. Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл бид станцынхаа илүүдэл усыг гаргах ажлаа шийдвэл сайн байгаа. Гадна дулааны шугам, цахилгаан дамжуулах 110-ийн дэд станцын өргөтгөлийн ажил, газар суурины ажил, талбай нягтаршуулах гэх мэт ажлыг дотоодын компаниуд хийж гүйцэтгэх юм.  Монгол, Хятад нийлсэн 1800 хүн станцын ажилд оролцох юм. Эхний зуух аравдугаар сарын 15 гэхэд бүрэн галлагаанд орсон байна.

“Амгалан” дулааны станц анхны дулааны томоохон станц болж байна. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Төрийн өмчит “China Mashining Engineer Corporation” компанитай хамтран ажиллаж байна. Тус компани нь Турк зэрэг олон улсуудад бүтээн байгуулалт хийж байсан аж. Энэ станц ашиглалт орсноор 90-100 хүн тогтмол ажлын байртай болох юм байна.  Манайд мэргэжилтэй боловсон хүчин хангалттай байгаа талаар Ашиглалтын өмнөх захиргааны төслийн нэгжийн удирдагч Б.Баттөмөр хэлж ярьж байлаа.

 

"ТЭЦ-3" дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажил

“ТЭЦ-3” дулааны цахилгаан станцын захирал Д.Чимиддорж өргөтгөлийн ажлыг яамны албан тушаалтан, хэвлэлийнхэнд танилцууллаа.

50 мегайбайтын өргөтгөлийн төслийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд барилга угсралт, тоног төхөөрөмжийн угсралт, шугам хоолой, цахилгаан, дулааны удирдлага хяналт түүнийг угсарч суурилуулах ажил гэсэн чиглэлээр ажиллаж байна. Үйлдвэрлэлийн ажлын явц 2013 оны есөн сард бүрэн дууссан. Генератор үйлдвэрлэгдээд 2013 оны 11 сард хүлээн авч одоо угсралтын ажил хийж байна. Барилгын өргөтгөл, угсралт, суурилуулалтын ажил ерөнхийдөө дууссан. Тоног төхөөрөмжийн суурилуулалт 98 хувьтай явж байна. Цагаан цамхагийн угсралтын ажил дуусаад дотор шугам хоолойны байгууламжын ажил хийгдэж байна.

Энэхүү өргөтгөл ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж байгаа 12 давхар 95 барилга 4500 орчим айл өрхийг 75 гкал-ийн дулаанаар хангагдах  юм. Энэ оны зургаан сард багтаан ажлаа дуусган хүлээлгэж өгөх юм байна. Тус бүтээн байгуулалт хийгдсэнээр богино хугацаанд, бага зардлаар эрчим хүчний системийн чадлын дутагдлаас гарах боломжтой байгаа төдийгүй дараагийн шатны шинэчлэлийг хийх боломж бүрдэж байгаа аж.

“ТЭЦ-4” дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажил

“ТЭЦ-4” дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Б.Цэвээн ажлын талаар мэдээлэл өглөө.

Манай станц дээр 120 мегабайтын дулааны өргөтгөлийн ажил хийж байна. Ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байна. 2014 оны  арван нэгдүгээр сарын 14-ны өдөр өргөтгөлийн ажил дуусаж байнгын ажиллагаанд орох юм. Угсралтын ажил есөн сард дуусаж үлдсэн хугацаанд туршилтын ажлууд явагдана. 5000 орчим айлын орон сууцны хорооллыг дулаанаар хангана гэсэн үг. Өнөөдрийн байдлаар манай станц таван зуух, турбентэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Төслийн удирдагч В.М.Черянеев

Энэ төсөл 2013 оноос эхэлсэн. Зураг төслийг Украйны компани хийж гүйцэтгэсэн.  Зураг төслийн дагуу 2013 оны арван нэгдүгээр сараас бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. нэг жилийн хугацаанд гүйцэтгэх ёстой учраас ажил их шахуу график гарган ажиллаж байна. ажлаа хугацаандаа хүлээлгэж өгнө гэсэн итгэл найдвар дүүрэн байна. Нийтдээ 30-аад вагон тоног төхөөрөмж ирэх ёстойгоос тал хувь нь ирсэн байна.

Эрчим хүчний сайд М.Сономпил

Эрчим хүчний яам бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулан гурван томоохон ажил хийж байна. ТЭЦ-4 цахилгаан станц дээр 120 мегабайтын өргөтгөлийн ажил, Амгалан дулааны станц, ТЭЦ-3 цахилгаан станцын 50 мегабайтын өргөтгөлийн ажил хийж байна. Ажлын явц бүх газруудад ямар нэгэн асуудалгүй төлөвлөгөөний дагуу явж байгаа нь сайшаалтай байна. Дулааны хувьд 588 гкал дулаан орно.  Улаанбаатар хотод нийтдээ 1500 байдаг бөгөөд түүний 30хувьтай тэнцэх ажил хийж байна. Эдгээр станцуудын өргөтгөлийг барьснаар Улаанбаатар хотын дулаан цахилгааны асуудал шийдэгдэхэд маш том түлхэц болж өгөх юм.