m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.03.25 09:43
31
Савыг нь бэлдээгүй байж "саалийг" нь асгасаар байх уу

81555bb46ad853edbig - Copy

Нийслэлийн машинтай иргэдийг авто замын түгжрэл зовоодог байсан бол ачилт хэмээх үйлчилгээ бас нэгэн дарамт болох боллоо. Нэг талдаа жолооны дүрэм зөрчиж, нэгдүгээр эгнээнд машинаа орхисон иргэдэд хариуцлага тооцох ёстой ч учир дутагдал, асуудлаа зөв шийдэх гарц дутагдалтай байгаа учир  ачихаа түр хойш тавих хэрэгтэй байна. Машинтай иргэд бүгд мэднэ дээ. Аливаа байгууллага, орон сууц, хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадаа  машины зогсоол өдрийн од шиг л ховор. Хүрэх газраа ирсэн ч машинаа хаана орхихоо мэдэхгүй баахан тойрч явсаар хамаг цагаа бардаг. Аргаа барахдаа хориотой гэх газар орхидог. Орхих хориотой ч ямар ч зай , талбайгүй газар жолооч нар яах ёстой байсан гээч. Нийслэлийн хот төлөвлөлтөд иргэдээ машинтай борлж, авто зам нь ачаалалаа даахаа болино гэдгийг огт тооцоолоогүй бололтой. Тиймдээ ч аж ахуйн нэгж, байгууллагад байшин барилга барих зөвшөөрөл олгохдоо машины зогсоолд ач холбогдол өгөлгүй өнөөдрийг хүрсэн нь том асуудал үүсгэж байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг байдаг даа. Нийслэл Улаанбаатар хот ямар ч зогсоолгүй гээд хэлчихэд хэтрүүлсэн хэрэг болохгүй байх. Хууль биелүүлж байна гэх нэрээр иргэдийн машиныг ачиж, журмын хашаанаас авахын тулд иргэд 70 мянган төгрөг төлж буй нь шударга ёсонд үнэндээ нийцэхгүй байна. Зогсоолтойсон бол хэн 70 мянган төгрөгөөр торгуулахыг хүсэх билээ. Орчин нөхцөлөө хангаагүй байж иргэдээ илт шулж боломгүй санагдана.

21404_610_350 - Copy

Нийслэлийн мэдлийн Улаанбаатар замын хөдөлгөөн зохицуулах төвд ачилтын 12 машин байдаг аж. Тэдний орлого улсын төсөвт орж, улмаар шинэ зам тавихад зарцуулдаг гэсэн. Харин тус төвтэй гэрээ байгуулж ажиллаж буй 7-8 хувийн компанийн нөхөд зоосны нүхээр харж, ажлаа “хэт шуурхай” хийдэг нь иргэдийг бухимдуулж байна. Хэт шуурхай хэмээн онцолсон нь учиртай. Угтаа дүрэм зөрчиж орхисон машины дэргэдээс хэдэнтээ дуут дохиогор чимээ өгч, ачих гэж буй талаар анхааруулах ёстой аж. Харин хүлээсэн хугацаанд машинаа холдуулаагүй үед торгож, ачих ёстой аж. Гэтэл хувийн компаниуд дуут дохио өгөх нь байтугай шууд ачаад явах нь хэдхэн минутын дараа дансанд нь орох 70-80 мянган төгрөгийг алдчих вий гэхдээ ийн шуурхайлдаг болж. Дугуйг нь гинжүүр баглаж байх зуурмашинаа авахаар ирсэн иргэнийг хараан загнаж буй хүмүүстэй та таарсан л байх. Иргэд тал талаас нь хошуу нэмж, бараг багахан хэмжээний зодоон болж буй үзэгдэл энд тэнд харагдах боллоо.  Тэд ажлаа хийж байгааг нь  ойлгож буй ч журмаа барьж дуут дохио өгөхөө бүү мартаасай. Түүнээс гадна зогсоолгүй нийслэлд амьдарч буй машинтай иргэд хэрхэх ёстойг заагаад өгвөл сайнсан. Түүнчлэн ийм шийдвэр гаргасан удирдлагууд нэгийг бодож, хоёрыг тунгаахгүй бол эцэстээ ачигч нар нь ашгаа бодон зүтгэж, иргэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй баруун хүрээнд баахан ламхай нар нударга зөрүүлдэгтэй адил үзэгдэл гарахад ойрхон байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Х.Оюунсүрэн