m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 02:11
49
Хяналтын камеруудыг нэгдсэн удирдлагад оруулна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал болж хурлаар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал Улаанбаатар хотыг камерын системийн нэгдсэн удирдлагатай болгох талаар санал оруулж, танилцуулга хийв.
Улаанбаатар хотын хэмжээнд  хэв журам, хэрэг зөрчлийг хянах зориулалт бүхий 500 гаруй хяналтын камер ашиглагддаг. Гэсэн хэдий ч ашиглалтыг хариуцах эзэнгүй мөн манай орны уур амьсгалд тохирохгүй, стандартын шаардлага хангаагүйн улмаас  ашиглалтын хугацаа дуусахаас өмнө эвдрэх, гэмтэх, хулгайд алдагддаг байна. Энхтайваны өргөн чөлөөний 68 байршилд 117 хяналтын камер байрладагаас  гурав нь ашиглалтын зардалгүйгээс ажиллагаагүй болжээ. Хэв журмын нөхцөл байдлыг хянах 44 камер, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний зөрчлийг бүртгэх, замын нөхцөл байдлыг хянах 52 камер, томоохон уулзварууд болон хотын захад тээврийн хэрэгсэл бүртгэх зориулалт бүхий 25 камер байрладаг. Эхний ээлжинд нийт камеруудыг ангилах, цаашид тавигдах камеруудыг стандартын шаардлагад нийцүүлэх хэрэгтэй байгаа юм. Телехяналтын системийг Улаанбаатар хотод бий болгох нэгдсэн бодлогын баримт бичиг яаралтай боловсруулах, энэ салбарын бодлогыг хариуцсан нэгж, ажилтантай болгох шаардлагатай байгаа юм.
Хотын аль ч хэсэгт телехяналтын систем байгуулахдаа нэгдсэн тогтсон стандарт баримтлан орчин үеийн CLOUD технологийн дагуу нэгтгэх, холбогдох бүх байгууллагууд хамтран ашиглах боломж бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. 

Энхтайваны өргөн чөлөөний 68 байршилд 117 хяналтын камер байрладагаас  гурав нь ашиглалтын зардалгүйгээс ажиллагаагүй болжээ.

Тус тусдаа хэрэглэж ашигладаг хэдий ч засвар, үйлчилгээг орхигдуулсан байдлыг өөрчилж, ашиглалт засвар үйлчилгээг мэргэжлийн нэгдсэн зохион байгуулалт удирдлагад оруулахыг зорьж байгаа. Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв нэгдсэн удирдлагаар хангаж, телехяналтын нэгдсэн системийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэв.  Энэ саналыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд дэмжлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.