m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 02:14
102
Татвар нь дээрэм болох вий

Монгол Улсын төсөв 2008 онд 2.5 их наяд төгрөг байжээ. Өнөөдрийн байдлаар энэ дүн бараг гурав дахин нэмэгдсэн байна. Улсын төсвийг бүрдүүлэгч гол “түүхий эд” нь татвар. Өөрөөр хэлбэл, миний, таны, бидний төлсөн мөнгөөр төр хэмээх том байгууллага ажиллаж байна. Авч буй цалингийн маань бараг 30 хувь нь тэр чигтээ шимтгэл болон татвар нэрээр улсын төсөвт урсдаг. Үйлдвэрлэгч, бизнесмэнүүд ч ялгаагүй орлогынхоо бараг 40 хувийг татварт өгч байна. Төсөвт эзлэх татварын хэмжээ томорсоор байгаа ч түүнийг дагаад ядуурал буурсангүй. Төр нь бизнесмэнүүдээсээ татвар нэрээр санхүүжилт татаж, хувийн хэвшлийнхэнтэйгээ зэрэгцэн өрсөлдөх тоглоомын тойрог үйлчилж байна.  МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн, Эдийн засгийн ухааны тэнхимийн профессор Ч.Хашчулуун “Монгол Улс Олон улсад ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, боловсролын салбарыг сайжруулах, мөн эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гаргах зэрэг есөн том амлалт өгсөн. Эдгээрээс ядуурлыг бууруулахад хамгийн удаашралтай байна” хэмээн онцолсон нь бий. Тэгэхээр эдийн засгийн өсөлт хэчнээн олон оронтой тоогоор хэмжигдээд, төсөв хэдэн их наядаар нэмэгдэж байгаа ч татвар төлөгч иргэдийн гол бэрхшээл болсон ядуурлыг бид шийдэж чадахгүй хэвээр байна.

Дөрвөн аж ахуйн нэгжийн нэг нь татвараа төлөхөөс зүрхшээж байна. Ажилчдаа цалинжуулах, байр түрээсийн мөнгөө төлөх, түүхий эдээ татах гэхээр хувийн хэвшлийнхэн сөхөрч унахын наагуур ажиллаж байна. Үндсэн хураамжуудаа төлөөд явж байтал бас нэмэгдээд нэмэгдсэн өртгийн албан татвар гэж бас нэг зүйл бий. Нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж ч амжаагүй байхад нь энэ татвараар тухайн компанийн дөнгөж эхэлж буй бизнесийн өртгийг улсаас автоматаар нэмээд өгчихөж байна. “НӨАТ төлдөг болсон. Иймд манай хоолны үнэ 10 хувиар нэмэгдсэн” гэж байнга ордог зоогийн газрын хүн хэлж байна. 10 сая хүртэл төгрөгийн эргэлттэй бол шууд л энэ татварыг төлөгч болон хувирах бөгөөд төлөөгүй тохиолдолд татвараас бултсан, татвараа төлөөгүй зэргээр буруутгагдаж байна. Гэтэл бизнес хөл дээрээ босох хүртэл багагүй хугацаа орохын хамт 10 сая гэдэг тоо ч өөрөө тухайн бизнес хангалттай хөл дээрээ босоогүйг илтгэж буй.

Өмнөд хөршид маань үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ хөл дээрээ тогттол нь хэсэг хугацаанд татвар авдаггүй жишигтэй. Өнгөрсөн жил л гэхэд хямралын улмаас компаниуд хүнд байдалд орсон тул жижиг аж ахуйн нэгжүүдээ хэсэг хугацаанд татвараас чөлөөлсөн байх жишээтэй. Ингэснээр 600 мянган хүний ажлын байрыг хадгалж үлдэх боломж бүрджээ. Тэгвэл Монголд компани дөнгөж байгуулагдлаа, гэрчилгээгээ авлаа бараг л маргаашнаас нь татварын байцаагчид нэхэн ирж татвараа төл, эсвэл шийтгэлээ хүлээ гэсэн маягаар харьцаж байна.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Татвар бол эрүүгийн гэмт хэрэг биш. Энэ бол нэр хүнд, захиргааны хэрэг болохоос биш шоронд хийгээд байх асуудал биш. Энэ бол төрийн гар мушгилт, дарамтын хамгийн тод илэрхийлэл. Тиймээс бид татвар авах аргачлалаа өөрчлөх хэрэгтэй байна. Төрийн нэрийн өмнөөс торгодог байцаагч нарын эрхийг багасгахгүй бол төрийн дарамт хэтэрхий ихэсч байна” гэсэн юм. Түүний хэлсэнчлэн татвар үнэхээр эрүүгийн гэмт хэрэг биш юм бол өнөөдөр татвараас бултсан, зайлсхийсэн нэрээр хэчнээн олон компанийн эздэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа нь ойлгомжгүй. Үнэхээр бизнесийг ойлгодог, хүндэтгэдэг, гарч буй бэрхшээлийг нь хуваалцдаг төртэй улсад татвар нээрээ л эрүүгийн гэмт хэрэг биш байлтай. Ийм болохоор татварын системээ өөрчлөх, бизнесийг урамшуулдаг арга хэлбэрт шилжих, тухайн бизнес хөлөө олтол хэсэг хугацаанд татвараас чөлөөлөх, хямралын энэ цаг үед хөшүүрэг болох дэм хэрэгтэй байна.