m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.24 06:25
84
Н.Энхжаргал: Миний хүү дөрөвтэйдөө мотоцикль унаад сурчихсан байсан

ОУХМ Эрдэнэбилэгийн Халиунболдыг өнөө цагийн Монголын шилдэг мотоцикльч гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Эрсдлээс айлгүй галзуу мэт хурдалж, өрсөлдөгчөө тойрог тойргоор гүйцэж түрүүлэх нь түүний уралдааны гол онцлог. Монголоос төрсөн анхны Азийн аварга энэ авьяастныг төрүүлэн өсгөсөн ээж Н.Энхжаргалыг бид “Ижий” буландаа урин уулзаж ярилцлаа. Түүний нөхөр Ш.Эрдэнэбилэг залуудаа Монголын шилдэг уралдаанч байсныг спортынхон андахгүй. Харамсалтай нь энэ зоригт эр осолд орсны улмаас хүнд гэмтэл авч, насаараа суумгай болсон билээ. Гэхдээ Энхээ эгч амьдралын хатуу ширүүн нугачаанд бүдрээгүй. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд нөхрөө асран тойлж, үр хүүхдээ хүмүүжүүлэх нөр их ажлыг шантралгүй хийж ирсэн юм. Гайхалтай сайн хань, халамжит ээжтэй хийсэн ярилцлагаа толилуулья.

-Танайх хэдэн хүүхэдтэй билээ?

-Гурван хүүхэдтэй. Халиунболд хамгийн бага нь. 1988 оны арванхоёрдугаар сарын 12-нд төрсөн юм. Тийм болохоор “12” дугаартай уралддаг.

-Халиунболд зан чанар, хичээл сурлагын хувьд ямархуу хүүхэд байсан бол?

-Багадаа сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тооны хичээлд их сайн. Жаахан томроод ирэхээр сонирхол нь өөр болсон л доо. Гурав, дөрвөн наснаасаа мотоцикль сонирхож эхэлсэн юм. Аав, ахынх нь нөлөө байдаг л байх.

-Одоо бол их л тайван хүн харагддаг юм...

-Ер нь намуухан талдаа шүү. Билгээ бид хоёр “Манай хүүхдүүд томрох тусмаа дөлгөөхөн болоод байна” гэж ярьдаг юм. Хамгийн хөдөлгөөнтэй нь Халиука байсан. Бид нар багад нь Шороот гэдэг байв. Нэг удаа эмнэлэгт эмч нь “Халиунболдоо” гээд дуудсан чинь “Биш ээ, би Шороот байна” гээд зүтгэж байсан гэдэг. Мотынхон тэгээд нэрлэчихсэн, өөрөө ч тийм нэртэй гээд бодчихсон юм шиг байгаа юм.

-Гурав, дөрөвтэйдөө мотоцикль унасан гэхээр санаанд багтахгүй байх чинь...

-Аав нь гурван настай байхад нь Япон руу сургалтад яваад ирэхдээ 50 сс ангиллын жижиг мотоцикль авчирч өгсөн. Тэгээд гурван настайдаа мотоцикль дээр сууж, дөрөвтэйдөө бүр унаад сурчихсан байсан. Халиука бүр жоохноосоо цагдаагийн үзүүлэх тоглолт дээр мотоцикльтойгоо явдаг байв. Хүмүүс тэрийг их сайн мэддэг юм. Миний хүү чинь нас нь залуу мөртлөө 20 гаруй жил мотоцикль уначихсан юм байна.

-Гурван настай хүүхэд нь мотоцикль унахаар эх хүн яаж хүлээж авах юм?

-Уначих вий гэж дагаад явна л даа. Гэхдээ залуу байсан болохоор их гоё санагддаг байж. Сүүлдээ томроод ирэхээр миний ч хэрэггүй болсон. Авьяастай гэдэг нь аль эртнээс мэдэгдсэн л дээ. Ер нь мотынхон чинь хүүхдийг хараад л мэднэ. Манай хүү бусдаасаа арай л өөр байсан юм. Багаасаа л томчуудтай уралдсан даа.

-Тамирчин хүний нэг хэцүү нь хичээл сургууль орхигдчих гээд байдаг. Энэ асуудлаа хэрхэн зохицуулж байв?

-Наадах чинь хамгийн том асуудал байлаа. Дөрөв, тавдугаар ангиасаа л Азийн аваргын өсвөр ангилалд уралдаад эхэлсэн шүү дээ. Тийм болохоор хичээл нь их тасарна. Ерөнхийдөө тэр үеэс хичээлдээ хоцорч эхэлсэн дээ. Гэхдээ л сургуулиа гайгүй төгссөн. Ангийнхан нь ч их тусална. Дээд сургуульд байхад ангийнхан нь лекцийг нь хуваагаад бичээд өгчихдөг байв. Би нэг удаа дэвтрийг нь үзсэн чинь янз янзын бичигтэй лекц. Арван жилд байхад нь би тэмцээнд дагаж явдаг байв. Тэмцээнд явах үеэр ангийнхандаа бүгдэд нь бэлэг авна. Анги нь 37 хүүхэдтэй байсан байх аа. Яг ижилхэн бэлэг авна шүү гээд, би тэрийг нь дэлгүүрээр явж цуглуулдаг байж билээ.

-Хүүгээ мотоциклоор уралдахад аав нар тоохгүй байж магадгүй. Харин ээжүүд, тэр дундаа та хэр эмээдэг вэ?

-Эмзэглэлгүй яахав. Бэртэл авна шүү дээ. Одоо Халиукад бараг бэртээгүй эрхтэн гэж үгүй байх аа. Ер нь хэцүү шүү. Гэвч өөрөө үгэнд орохгүй юм. Ер нь тамирчид сайжрах тусам хамгаалалтаа хөнгөлөөд байдаг. Яагаад ингээд байдгийг ахаас нь асуусан чинь “Хүн хурдлах тусам хамгаалалт нь саад болдог. Тиймээс өөртөө саадгүй болгож, хөнгөлж байгаад уралддаг юм” гэсэн. Харин анх сурч байгаа хүүхдүүд битүү хамгаалалттай явна шүү дээ. Ер нь мото спорт маш их эрсдэлтэй. Тэмцээн дээр амь насаа алдсан тамирчин зөндөө бий. Халиунболдыг Орост уралдаж байх үед хүртэл нэг тамирчин хажууд нь нас барж байлаа. Тэр үед “За одоо л больё” гэж шийдсэн ч ирээд л худлаа болсон доо.

Халиунболд маань багадаа бие муутай хүүхэд байсан. Хоолой нь их өвддөг. Сүхбаатар дүүргийн хоёрдугаар эмнэлэг манай хүүхдийг бүр андахгүй дээ. Тэгээд л спортоор хичээллүүлэхээр шийдсэн юм. Өөрөө ч сонирхолтой байсан. Спортоор хичээллэж эхэлснээс хойш өвдөх нь гайгүй болсон шүү.

-Хэдийгээр бэртэж гэмтчих вий гэж айж байгаа ч хүүгээ уралдахыг хараад бахархдаг байх.

-Тэгэлгүй яахав. Гэхдээ би сүүлийн үед зүрх өвдөөд тэмцээнийг нь үзэхээ больсон. Очихоор айгаад байдаг юм.

-Таныг хамгийн их баярлуулж байсан тохиолдлыг дурсвал?

-Зөндөө л байна даа. Анх улсын аварга, хотын аваргыг жаахан байхдаа авч байлаа. Насанд хүрэгчидтэй уралдаад. Бас Азийн аварга болсон мөч байна. Монголд мотоциклоор Азийн аварга болсон хүн байдаггүй. Анхны аварга болоход нь их баярлаж билээ.

-Уралдааны талаарх нарийн ширийн танд юмаа ярих уу?

-Ярихгүй шүү. Их дуугүй талдаа. Аав нь бас тиймэрхүү зантай. Хүн асуувал яриад байна. Гэхдээ өөрөө “Мото спортод маш тооцоотой байхгүй бол болохгүй. Шулуун замын үзүүрт үхэл хэвтэж байдаг” гэж ярьдаг юм.

-Халиунболд хэдийнэ эрийн цээнд хүрчихэж. Ирээдүйн ажил, амьдралынхаа талаар ямар төлөвлөгөөтэй байдаг бол?

-30 хүртлээ уралдана гэж ярьдаг юм. Түүнээс цаашаа тэр их ачааллыг даахад хэцүү юм шиг байгаа юм. Бартаатай замаар нэг гараанд 30 гаруй минут уралдана гэдэг хэцүү шүү дээ. Ажлын тухайд цагдаагаараа л явах байх даа. Угаасаа цагдаад ажилладаг юм. Төрийн тусгай хамгаалалтын тасагт ажиллаад тав, зургаан жил болчихлоо. Ахлах ахлагч цолтой. Уралдахын хажуугаар ажлаа хийнэ. Өнөөдөр гэхэд ажлаа хийгээд л явж байна. Бага байхын л цагдаа болно гэж ярьдаг байсан юм.

-Аав, ээжийнхээ хэнийх нь занг дууриасан бол?

-Ер нь хүмүүс ээжийгээ дууриасан гэж ярьдаг юм. Харахад дөлгөөхөн юм шиг мөртлөө дүрсхийсэн зантай. Тэр зан нь эрсдэлтэй зүйл хийж уралдахад нөлөөлдөг байх аа. Царай зүсээрээ ч надтай ижилхэн гэж ярьдаг.

-Гэр бүл зохиож амжсан уу?

-Одоохондоо алга л байна. Үеийнх нь найз нар эхнээсээ хүүхэдтэй болоод байна. Нэг өдөр аваад ирэх байлгүй дээ гэхээр инээгээд л өнгөрдөг юм. Дотроо бодсон бодол, зорилго байдаг байх. Би ч нэг их хүчилдэггүй юм.

-Уучлаарай, нэг эвгүй сэдэв хөндөх боллоо. Таны хань олон жилийн өмнө осолд орж, суумгай болсон. Энэ олон жилийн турш ханиа асарч, хүүхдүүдээ өгсөн хүмүүжүүлэх их ажлыг яаж амжуулж байсан бол гэж гайхаж байна...

-Тэр чинь 1996 он шүү дээ. Одоо 18 жил өнгөрч байна. Гучин хэдтэй залуухан байж дээ. Хүмүүс надад “Аав нь ингэж бэртчихээд байхад хүүхдээ уралдуулах хэрэг байна уу” гэдэг л юм. Би харин ч хориг тавиагүй. Халиука аавынхаа ид уралдаж байсан үеийг мэдэхгүй. Цэвэр өөрийн сонирхлоор л явсан даа. Өөрт нь ч жаахан авьяас байсан. Авьяастай хүүхдүүд чинь жаахан дэмжихээр л хөгжөөд явчихдаг юм билээ.

-Аав нь хүүгээ уралдахыг хэр дэмжих юм?

-Өчигдөрхөн хоорондоо ярьж байхыг нь сонссон. Аав нь “Би чамайг боль гэхгүй ээ. Чи өөрөө л шийдээрэй” гэж байна лээ.   

-Хааяа машины уралдаанд оролцдог байх аа?

-Хааяа уралддаг юм. Манай Монголд чинь аравдугаар сар гээд мотоцикль унахад хэцүү болчихдог. Энэ үеэр гадагшаа яваад өгдөг юм. Америкийн багтай гэрээтэй болохоор тэндээ бэлтгэл хийж, тэмцээнд оролцоно. Яг байхгүй үед нь 69 машины уралдаан их зохиогдоно. Тийм болохоор байнга орж чадахгүй. Харин хааяа уралдахаар миний хүү түрүүлчихдэг юм. Уг нь уралдаад байвал түрүүлээд байх шинжтэй (инээв).

-Аав нь залуудаа бас л сайн мотоцикльч байсан даа...

-Үнэхээр сайн байсан. Тухайн үед Монголдоо №1 гэгддэг л байлаа. Халиука шиг тойрогддог байсан гэж мотынхон ярьдаг юм.

-Та өөрөө машин, техникт хэр вэ?

-Ёстой тийм юм байхгүй ш дээ. Би өөрөө хэл, уран зохиолын багш мэргэжилтэй хүн.

-Ийш тийшээ тэмцээнд яваад ирэхдээ ээждээ ямар бэлэг авчирдаг вэ?

-Би сувенирт их дуртай. Жижиг бэлэг дурсгалын юм цуглуулах дуртай. Надад тиймэрхүү бэлэг их авчирч өгнө.

-Тамирчин хүний ахуй амьдрал орхигдчих гээд байдаг гэмтэй. Харин Халиунболдод тусалж дэмждэг компани байдаг байх аа?

-“Алтай констракшн” компани байна. 2011 оноос хойш энэ компанийн нэр дээр тэмцээн уралдаанд орж байна. Цагдаагийн ДАШТ-ээс хошой алтан медаль авсны дараа миний хүүд байр өгсөн юм. Одоо тэр байрандаа амьдардаг. Плтикагүй ганц айл гэвэл манай Халиукагийнх байх аа (инээв).

-Халиунболд гэдэг нэрийг хэн өгсөн бэ?

-Би өгсөн. Аав нь эхлээд Эрхэмбаяр гэдэг нэр өгөх гэж байсан юм. Эмнэлгийн картан дээрээ хүртэл тэгж бичсэн байдаг. Харин надад ерөөсөө таалагдаагүй. Тэгээд хүүхэддээ Халиунболд гэдэг нэр өгье гэсэн юм. Тухайн үед ийм нэр их содон байлаа. Өөрөө өгсөн болоод ч тэр үү сайхан санагддаг юм. Харин одоо мотын залуучууд хүүхэддээ Халиунболд гэдэг нэр өгдөг болчихсон байна лээ. Тэгэхээр нь би “Хотоор нэг Халиунболд болох нь дээ” гээд инээж байсан. Содон нэр шүү.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.

-Баярлалаа.