m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.24 06:29
76
Барилгын хөдөлмөр хамгааллын зардлыг танаснаас болоод осол гарч байгаа гэв

МҮЭХолбоо Барилгын ҮЭХолбоо хамтран өнөөдөр  хэвлэлийн бага хурал хийлээ. Манай орны эрчимтэй хөгжиж байгаа салбар болох барилгын салбар олон асуудал дагуулан, олон амь авч одсоор байна. Хамгийн сүүлд нэг сарын дотор гурван удаагийн осолд нийт зургаан  хүн амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг гарсан. Ийнхүү хохирогчдын гэр бүл, улс оронд  томоохон гарз хохирол учруулсаар байгаа юм.

Тодруулбал Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны наад захын  хяналт, журам зааврыг мөрдөөгүй, зохих зөвшөөрөлгүй байгаа бөгөөд нэг үгээр хэлбэл санаатайгаар хүний амь насыг эрсдэлд учруулсан гэж үзэж болохоор байгаа аж.

Санаатайгаар хүний амь насыг эрсдэлд учруулсан гэж үзэж болохоор байна.

Энэхүү хүний амь нас эндэхээс гадна хүний эрүүл мэнд бие махбодид гэмтэл бэртэл учруулах, мэргэжлийн өвчин тусах, тахир дутуу болох зэрэг осол аваар гарч байна.

Монголын Барилгын ҮЭХ-ийн мэргэжилтнүүд "Барилгын төсөвт өртөгийн 13 хувь нь ажилчдын хөдөлмөр хамгаалалд зарцуулагдах ёстой байдаг. Гэтэл барилгын компаниуд зардлаа хэмнэхдээ хөдөлмөр хамгааллын зардлаас танаад байгаа. Үүнээс болоод ажилчид хохирсоор байна” хэмээн онцоллоо.

Иймээс МҮЭХолбоо Барилгын ҮЭХолбоо хамтран УИХ, Засгийн газар, нийт ажил олгогч, ажилтнуудад хандан дараах шаардлага уриалгыг хүргүүлж байна.

"Барилгын төсөвт өртөгийн 13 хувь нь ажилчдын хөдөлмөр хамгаалалд зарцуулагдах ёстой байдаг. Гэтэл барилгын компаниуд зардлаа хэмнэхдээ хөдөлмөр хамгааллын зардлаас танаад байгаа. Үүнээс болоод ажилчид хохирсоор байна”

УИХ болон Засгийн газарт:

  1. 2013 оны ХАБЭА талаар гаргасан 20 тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, хариуцлага тооцох
  2. ХАБЭА тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын намрын чуулганаар оруулах
  3. Засгийн газарт ХАБЭА тухай хуульд заасны дагуу бараа бүтээгдэхүүн үйлчилгээний зардалд ХАБЭА зарцуулах хөрөнгийг улсын төсөвт тусгах
  4. Барилгын төсөвт өртөгт эзлэх нийт төсвийн 13,6 хувийг ХАБЭА зохих журмын дагуу зарцуулж буй эсэхэд хяналт тавих
  5. Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн Үндэсний хөтөлбөрийг санхүүгийн тодорхой эх үүсвэртэйгээр батлах

Ажил олгогч нарт:

  1. Хуулийн дагуу нийт үйл ажиллагааны зардлын нэгээс дээш хувийг ажилтнуудынхаа ХАБЭА асуудалд төсөвлөн зарцуулж хэвших
  2. Барилгын туслан гүйцэтгэгч гэрээгээр ажиллагсдыг ХАБЭА стандарт шаардлагыг хангасан эсэхэд хатуу хяналт тавьж ажиллуулах, Хөдөлмөр хамгааллын зардлыг гэрээнд нарийн тусгаж хэрэгжилтийг ханган ажиллах
  3. ХАБЭА сургалт, зөвлөгөөн хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хийж хэвших, зан үйлд сургах
  4. Нийт компаниуд ялангуяа Барилгын салбарын ажил олгогч нарыг аюулгүй Ажлын байрны төлөө манлайлж ЗГ, ҮЭ-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх

Ажилтнуудад:

  1. ХАБЭА талаарх мэдлэг боловсролоо дээшлүүлэх, наад захын аюулгүй байдлаа хангаж хэвших
  2. Аюултай, эрсдэл өндөртэй ажлын байранд ажиллахгүй байх, ажил олгогч болон асуудал хариуцсан ажилтнуудад шаардлага тавих
  3. Осол аваар гарах нөхцөл бүрдсэн тохиолдолд холбогдох төрийн байгууллагуудад мэдээлэх
  4. Цаг ямагт осол аваараас урьдчилан сэргийлэх