m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 02:23
38
Руань-төлбөр, тооцооны шинэ нэгж

Оросын Батлан хамгаалахын сайд, генерал Сергей Шойгу (Тувагийн уугуул, түрэг гаралтай), Хятадын Батлан хамгаалахын сайд, хурандаа-генерал Чан Ванцюань нар дөрөвдүгээр сарын эхээр Тажикистаны Хужанд хотод хоёр талын уулзалт хийсэн билээ. С.Шойгу Крым, Украины асуудал дээр дэмжлэг үзүүлсэн Хятадын талд талархал илэрхийлсэн юм.

Хятадын цэргийн яамны тэргүүн хариу талархал илэрхийлээд, дэлхийн зарим хэсэгт “Өнгөт хувьсгал”-ын чимээ тархаж буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Орос, Хятад хоёр ойрын жилүүдэд цэргийн салбар дахь хоёр талын стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, мөн улс төр, эдийн засгийн харилцаагаа тэлэхийг хүсч байна. 2020 онд Орос-Хятадын худалдааны хэмжээ 200 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Үүнээс гадна, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын аюул, эрсдэлтэй холбогдуулж Хятад улс нэгдсэн шинэ валют гаргах саналыг Оросын Засгийн газарт тавьжээ.

Сүүлийн хэдэн жилийн турш үргэлжил­сээр байгаа дэлхий дахины улс төр, эдийн засаг, нийгмийн хямрал Оросын эрдэмтдийг олон улсын худалдаанд доллар, еврогоос өөр гадаад валютыг ашиглах тал дээр судалгаа, шинжилгээ хийхэд хүргэсэн юм. АНУ-ын эдийн засгийн доройтол, өр, зээлнийхээ араас өндийж чадахгүй байгаа хэд хэдэн улс орон, орчин үеийн санхүүгийн зах зээл дээрх долларт дулдуйдсан тэнцвэргүй байдал зэргийн улмаас олон улсын төлбөр, тооцооны шинэ валютыг бий болгох шаардлага гарч иржээ. Украины хямрал, Оросын эсрэг хориг арга хэмжээ авах гэсэн өрнөдийн оролдлого зэрэг нь энэхүү Америкийн мөнгөн дэвсгэртээс зугтах шаардлага, эрч хүчийг улам түргэсгэж байна.

Санал болгож буй төлбөр, тооцооны нэгжийг “Эрчим хүчийг хангах валют” хэмээн одоогоор нэрлэж байна. Түүний үнэ өртөг нь үйлдвэрлэсэн, нэрлэсэн үнэ биш. Харин зарцуулсан, хэрэглэсэн эрчим хүчээр үнэлэгдэх ажээ. Зарцуулсан эрчим хүчний үнэ өртөгтэй тэнцэх төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлснээр эдийн засгийн үйл явцад гол заагч, чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж, ердийн нөхцөл дэх тогтвортой хөгжлийг дэмжиж өгнө хэмээн үзэж байгаа аж. Эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээ, эзлэхүүнийг харж энэхүү шинэ валютыг хэвлэн гаргах бөгөөд ингэснээр эдийн засгийн системд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах юм байна.

Зарим хэвлэлээр руань (рубль+юань) хэмээн нэрлэх болсон төлбөр, тооцооны шинэ нэгжийг гаргаснаар Оросын эрчим хүчний эх үүсвэр болон Хятадын ажиллах хүч батжиж бэхжих ажээ. Орос, Хятад хоёр эрчим хүчний тэнцүү чанар дээр үндэслэсэн шинэ валют гаргахаар идэвхтэй ярилцаж байна. Москва, Бээжингийн эрх баригчид энэхүү төслийг хэрэгжүүлбэл дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах ажээ.