m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 02:29
77
Усан онгоцны 20 ажилтанг баривчилжээ

Энэ сарын 16-нд Өмнөд Солонгосын Севол хөлөг онгоц Чежү арал руу явах замдаа осолдсон билээ. Онгоцонд нийт 476 хүн байснаас 174 хүн аврагдсан. Одоогоор нас барсан хүмүүсийн тоо 159 болсон байна. Харин 143 хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд тэднийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Усан онгоцноос хүмүүсийн цогцсыг шумбагчид гаргаж байгаа бөгөөд хүмүүсийн ихэнхи нь дөрвөн давхарт хашигдаад гарч чадаагүй амьсгал хураасан байгаа хэмээн үзэж байна. Шумбагчдад туслах зорилгоор робот ашиглаж эхэлсэн.

Усан онгоцны ажилчдыг хүмүүст туслаагүй өөрсдөө амьд гарахыг илүүд үзсэн, хариуцлага алдсан хэмээн буруутгаж, ахмадын хамт хэд хэдэн хүнийг баривчлаад байсан. Нийтдээ 29 онгоцны багийн ажилтан байснаас зарим нь сураггүй байгаа хүмүүсийн тоонд ороод байгаа. Өнөөдөр ахмадтай нийлээд 20 хүнийг баривчилсан байна. Онгоцны багийнхнаас гадна усан онгоцны эзэмшигчдийг эх орноосоо гарахыг нь хориглон шалгаж байгаа юм.

Онгоц огцом эргэсний улмаас ачаа нь нэг тийшээ хазайж, улмаар живсэн бөгөөд дааш хэтрүүлэн ачсан байсан нь тогтоогдсон. Мөн онгоцны ахмад тэр үеэр 20 настай туршлагагүй жолоочид удирдлагыг өгч өөрөө унтлагын өрөө рүү орсон байсан гэдэг нь ч батлагдсан юм.

Өнөөдөр далайн цаг агаар тогтуун байгаа гэнэ. Давалгаа хагас метр орчим байгаа бол салхины хурд 4-9 м/с байгаа аж.

Г.Төгөлдөр