m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.26 04:11
45
Үндэсний баялагаа бид өөрсдөө бүтээнэ

Хэнтий аймгийн Батширээт сумын Шуудан давааны адаг, Эг, Цэцэн голын урд эрэгт "Атрын гуравдугаар аян" болон "Тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд 2009 онд анх Агропаркийг үүсгэн байгуулжээ.

“Баялаг бүтээгч” булангийн энэ удаагийн зочноор Хэнтий аймгийн Батширээт сумын агропаркийг түшиглэсэн “Эвийн хүч” эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч Р.Цэрэнмаа оролцлоо.

-Та газар тариалантай амьдралаа холбоод хэчнээн жил болж байна?

-Би сургуулиа төгсөөд 1981 оноос  1990 оныг дуустал сумын агротехникчээр ажиллаж байгаад нэгдэл тарсны дараа хувьчлалаар малчин болж гарсан. Ингээд 12 жил мал маллахын зэрэгцээ гэр бүлийн хэрэгцээний ногоогоо тариалдаг байсан. 2000 он гарсаар газар тариалан дахин сэргэж эхэлсэн тул сумынхаа агропаркийн эрхлэгчээр сонгогдож ажилласан. Тэрнээс хойш ногоо тарих амьдралд минь маш их ашиг тусаа өгч, өнөөдрийг хүртэл газар тариалантай амьдралаа холбож явна даа.  

-Хэчнээн төрлийн хүнсний ногоо тариалдаг вэ, ургацын гарц хэр байдаг вэ?

-Хоёр га орчим талбайд зургаан төрлийн хүнсний ногоо тариалж байна. Сумынхаа хүнсний хэрэгцээний 50 хувийг хангаж, бүх дэлгүүр, цэцэрлэг, хоолны газруудад хямд үнээр нийлүүлж байна. Цаашдаа таван га газраа бүрэн ашиглаж чадвал сумынхаа хэрэгцээг 100 хувь хангахын зэрэгцээ бусад аймаг сумд руу бүтээгдэхүүнээ гаргах бүрэн боломжтой болно. Ургацын гарц бол маш сайн.  Луууван гэхэд л 30 сот газраас 2-3 тонныг авах жишээтэй.

-“Эвийн хүч” бүлгэм  хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна?

-Анх найман хүн хамтарч ногоо тариалж байсан. Тэгвэл одоо 17 хүнийг үндсэн ажилтнаар ажиллуулж байна. Мөн тэрнээс гадна намрын ургац хураалт, хаврын тариалалтын үеэр сумын төвийн олон иргэдийг түр ажлын байраар хангадаг. Өмнө нь гараараа бүхнийг хийдэг байсан бол одоо хэд хэдэн техниктэй болсны хүчээр илүү их том талбайд тариалан эрхлэх боломжтой болсон.

Одоо бол дандаа өрх толгойлсон эмэгтэйчүүд энд ажиллаж, хураасан ногоогоо зарж борлуулаад хүүхдийн сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа хангаад байж байна.

-Зөвхөн ногоо тариалахаас гадна өрх толгойлсон эмэгтэйчүүдээ цаашид юм хийх боломжийг олгох тал дээр ямар ажил хийдэг вэ?

-Бид ногоо тарих, хураах, хадгалах, даршлах бэлтгэх боловсруулах гээд олон төрлийн сургалтыг давхар явуулдаг. Ингэснээр энд ирж ажилласан хүмүүс маань хүнсний ногоог яаж даршлах, тарихдаа юуг анхаарах, химийн хор хэрэглэхгүйгээр хорхой яаж устгах, хүйтнээс хэрхэн хамгаалах зэргийг суралцаж, цаашлаад өөрөө бие даагаад хэрэглээнийхээ ногоог тариалах чадварыг давхар олгож байна. Мөн бид өөрсдийн зоориндоо хувь хүмүүс болон байгууллагуудын ногоог хадгалж өгдөг.

Цаашдаа бэлтгэл ажлаа сайн хангаж байгаад жимсний мод тариалах, залуусыг энэ ажилдаа өргөнөөр хамруулах, газар тариалангийн ажилд сургаж түүний үр шимийг хүртдэг болоход тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа.