m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 03:38
130
Гэмт хэргийн цуврал-7 Нутгийн зон олон нь гэмт хэрэгтэн биш гэдгийг хэлсэн ч тус болсонгүй


Жар, далаад оны үед үйлдэгдсэн  онц ноцтой хэргүүдээс Увсын Володягийн хэрэг олны анхаарал ихээхэн татдаг юм.
1968 оны хаврын тэр нэгэн өдөр Увс аймгийн Тэс суманд нэг айлын гурван хүнийг  адуу мал, үхэртэй нь шатаасан онц ноцтой хэрэг гарчээ. Хэргийг илрүүлэх ажилд цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажилласнаар Гаанжуур нарын хоёр хүнийг сэжиглэн баривчилж, хөдөлшгүй нотлох баримтаар үйлдлийг тогтоон,хуулийн дээд хэмжээ оноон ялласан байна. Гэтэл нэгэн гэрч Х.Володя гэдэг хүн уг хэрэгт хамтран үйлдэгч байсныг мэдээлснээр түүнийг эрэн сурвалжлах ажил эхэлсэн түүхтэй.
Онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон түүнийг сум, аймаг нийслэлийн цагдаагийн газраас томилсон  ажлын хэсэг эрэн хайж,удаа дараа Тэсэд очсон ч  ололгүй буцсаар бүтэн жилийн нүүр үзжээ. Сүүлдээ Намын төв хорооноос тушаал гаргахад хүрсэн гэдэг. Ингээд  Нийслэлийн цагдан сэргийлэх газрын хэлтсийн дарга “Алаг гарт” хэмээх Шагдар хурандаа “Володяг заавал барьж ир” гэсэн Ю.Цэдэнбал даргын гарын үсэгтэй  тушаал гарджээ. Туршлагатай, мэдлэгтэй, чадвартай олон байцаагч Тэсийг зориод амжилт олоогүй учир хурандаа эхлээд баахан сандарсан гэдэг. Нэг өдөр хэлтсийнхнээ жагсаагаад “Би Увсын Тэс явж алдартай Володяг барих үүрэг авлаа. Амьд ирэх эсэхээ мэдэхгүй байна. Энэ ажилд Сэрээнэн, Алтанхуяг хоёрыг авч явна. Намайг иртэл хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаарай” гэж захиж хэлээд явжээ.
Увсын Тэс суманд төдийгүй нийслэлд Володягийн тухай домог мэт яриа  хөвөрсөөр. “Хүн хүрэх боломжгүй газар амьдардаг гэсэн. Дагалддаг хүмүүстэй, нутгийнхан нь нуучихдаг, хэнд ч олддоггүй” гэх мэт яриа энэ хэрэг хэр дуулиан,шуугиан тарьж байсныг гэрчилнэ.


 Хурандаа баруун хязгаарыг зорихын  өмнө  Володягийн араас хөөцөлдөөд амжилт олоогүй хүмүүсийн үйл ажиллагаа, олны ам дамжсан элдэв яриа яриаг чамгүй судалжээ. Гэмт хэрэгтнийг барих ажлын хэсэг Тэсэд очоод сураг ажиг тавихад мэдээлэл өгөх хүн олдох шинжгүй. Хурандаа Шагдар нутаг усны айлуудаар хэсэж, өөрийгөө  хотоос ирсэн төлөөлөгч гэдгээ танилцуулж, Володяг аль болох сайн сайхнаар магтсаар явж. Сар орчим болоход Володягийн сураг гарсангүй.  Аргаа барсан хурандаа яадаг юм билээ хэмээн тархиа гашилгаж суутал нэг өдөр нутгийн бололтой залуу ирээд “Маргааш  өглөө Тэс голын гармын ойролцоо уулзъя гэж хэлүүллээ” гэчихээд давхиад явчихаж.
Шагдар хурандаа хоёр цэрэгтээ буу, сум өгч бэлэн байдалд оруулаад Володяг хүлээлээ. Төд удалгүй жороо морь унасан, торгон дээлтэй нэг хүн голын цаад эрэгт ирж. Мориноосоо буунгуутаа үүрч явсан буугаа цэнэглэж “Хурандаа хувцсаа тайл” гэжээ. Хурандаа ч түүний хэлснийг биелүүлж. Тэс гол явган байтугай морьтой хүн гатлахын аргагүй үертэй байсан ч Володя “Гармаар гар” гэж үүрэгдлээ. Ард нь үлдсэн хоёр Володяг эвгүй хөдөлгөөн хийх л юм бол шууд буудна шүү хэмээн тохиролцоод хүлээгээд байж. Тэдэнд Намын Төв Хороонос Володяг таарсан газар нь буудах эрх олгосон гэдэг.
Хурандаа  үертэй голыг  гатлаад эрэг дээр гарангуутаа Володяг тэврээд авчээ. Ингэнэ чинээ санаагүй бололтой Володя  буугаа гараасаа алдаад алмайрчихсан гэдэг. Хэсэг хугацааны дараа тэд мөр мөрөө алгадалцан хамт яваад өгч гэнэ. Тушаал биелүүлэх ёстой  хоёр ажилтан нь яах учраа мэдэхгүй хоцорч, дэмий баахан хүлээжээ. Гэтэл үд хэвийх алдад морьтой хүн ирээд “Дарга чинь дуудаж байна” гэжээ. Юмыг яаж мэдэхэв гээд буу сумаа бэлэн авч, хэдэн гэрийн гадаа иртэл хонь гаргачихсан, дуу хуур болсон хүмүүсийн дунд дарга нь сууж байна гэнэ. Ингээд Володягийн хамт өдөржин наргиад шөнө нь тэд явах болжээ. Алаг гарт дарга “За, Володя би чиний амийг аварна. Чи бидэнтэй хот явах учиртай. Маргааш 14.00 цагт онгоцны буудал дээр ирээрэй” гэжээ.
Аймгийн төвд ирэхэд нь “Бал даргын тушаалыг зөрчсөн чиний намтай чинь ярина.. Гэмт хэрэгтнийг  газар дээр нь буудах ёстой байтал тавьж явууллаа” гэх мэтээр аймгийн намын хорооны дарга сүр дуулиан болгон, Алаг гарт даргыг  угтсан гэдэг. Хоёр цэрэг нь “Дарга аа, Володя ирэх үү” гэхэд “Тэр ирэх ёстой” гэжээ.
Онгоц нисэхэд хоёр цаг дутуу байхад ирэх ёстой Володя алга.  Цаг яваад л байдаг…
Намын дарга хурандааг сүүлдээ бүр баривчлах, буудах юм яриад л. Беломор их татдаг Шагдар хурандаа хүлээсээр цагийн зүү 14 цагийг заах дөхөх тусам ойр ойрхон тамхиа асааж, унтраасаар байхыг хоёр цэрэг нь анзаарч, сандарсаар. Онгоц нисэхэд 30 минут дутуу үлдлээ. Ирэх нь өнгөрлөө гэсээр тэд зочид буудал руу буцах гэж байтал  жороо морио унасан Володя хэсэг залуу дагуулсаар иржээ.


Онгоцны буудалд ирэхэд нутгийн ах дүү нар нь хоёр талаар нь эгнэн зогсож, мөнгө, хадаг өгч ”Үнэн учраа хэлээрэй, чи тэднийг хөнөөгөөгүй шүү” хэмээн захин, уйлж, сүү өргөсөөр үлдсэн гэдэг.
Хотод ирсэн даруй Намын төв хороо хуралдан, “Алаг гарт” Шагдар хурандаа ажил байдлаа танилцуулжээ. Дээд тал нь гурван цаг зарцуулдаг танилцуулах хурал бүтэн өдөр болж, орой 21.00 цагт дууслаа. Хурандаа хурлаас харц доогуур гарч ирээд “Би чадсангүй, уучлаарай” гэж Володяд хэлсэн гэдэг. Намын төв хорооныхон уучлах ёсгүй гэж үзсэн учир тэрээр  ялын дээд хэмжээ сонсжээ. Володя Ю.Цэдэнбал агсныг нутгийн хүн юм чинь арай ч надад цаазын ял өгчихгүй байх гэж  горьдлого тавьж байсан  юм гэнэ лээ.