m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.26 09:29
94
Хүнд нударга

Боксын “Алдрын танхим”-д мөнхөрсөн шилдэг тулаанчдын нэг бол Жеймс Уолтер Брэддок билээ. Ирландын цагаач гэр бүлээс гаралтай тэрбээр 1905 оны зургадугаар сарын 7-нд Нью-Йоркт мэндэлжээ. Багаасаа бейсбол тоглож өссөн, гал сөнөөгч болохыг мөрөөддөг байсан хүү Нью-Жерсид нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байхдаа бокс хэмээх гайхамшигт спорттой танилцсанаар амьдралд эргэлт гарсан юм.

Сонирхогчийн төвшинд хэд хэдэн тоглолт хийчихээд байсан Жеймс 21 настайдаа авьяаслаг промоутер Жо Гоулдтой танилцан мэргэжлийн тамирчин болжээ. Мэргэжлийн рингэнд эхний гурван жил ялагдал гээчийг амссангүй, 44 хожиж (үүнээс 21-ийг нь хүнд цохилтоор), хоёр тэнцээд байлаа. Харин 1929 оны долдугаар сарын 18-нд анхны ялагдлаа хүлээсэн юм. Тэрбээр төдийлэн нэрд гарааг үй Томми Логранд шүүгчдийн саналаар хожигдон аваргын бүсээ булаалгав. Төдөлгүй Америк даяар нүүрлэсэн Их хямралын шуурганд Гоулд тэр хоёр хувьцаагаа бараг үнэгүй шахам алдсан юм.

Ийнхүү мөнгө ч үгүй, нэр хүнд ч үгүй Жеймс хэнд ч хэрэггүй нэгэн болж гудамжинд гарах нь тэр. Брэддок эхнэр, гурван хүүхдээ тэжээхийн тулд усан онгоцны боомт дээр ачигч хийх болов. Хүнд хүчир ажлын хажуугаар хааяа нэг тоглолт хийж байсан ч байнгын бэлтгэл сургуулилтгүйн улмаас 22 тоглоход ердөө зургаахан ялалт байгуулсан аж. Дайны хажуугаар дажин гэгчээр хүнд жингийн нэгэн нөхөртэй тулалдаж байгаад баруун гартаа ноцтой гэмтэл авчээ. Зовлон бэрхшээл удаан үргэлжилсэнгүй. Католик сүмийн шугамаар олон нийтийн ажил эрхэлдэг байсан нэлээдгүй сэргэлэн эхнэрийнхээ хүчээр Брэддок ахин хөл дээрээ зогсож чаджээ.

Ингээд 1935 оны зургадугаар сарын 13-нд Америкийн аварга цолын төлөө Макс Бэртэй тоглох эрхийг олж авав. Шинэ эр тодрон гарч ирж буй Бэр асар их нэр хүндийг олсон нэгэн байлаа. Тэрбээр нэг ч тоглолтод хожигдоогүйн зэрэгцээ сүүлчийн хоёр өрсөлдөгчөө рингэн дээр ухаан алдан унатал балбасан аж. Тэдний нэг болох Эрни Шааф ухаан оролгүй байсаар эмнэлэгт хүргэгдэж, төдөлгүй нас барсан гэдэг. “Мэдисон Сквэйр Гарден” ордонд болсон “Зууны” хэмээх тодотголтой эл тулаанд Брэддок догшин Бэрийг 15 раундын турш давамгайлсаар оноогоор буулган авсан юм. Энэ тоглолтоос хойш бокс сонирхогчид Жеймсийг “Үнсгэлжин” хэмээн нэрийдэх болжээ.

                          

Тэр нэлээд хэдэн жилийн турш аварга цолыг эзэмшсэн. Үнэндээ бол түүнтэй бүсийг нь булаацалдах зоригтон гарч ирсэнгүй. Энэ хооронд тэрбээр хуучин гэмтлээ эмчлүүлж, биеэ тэнхрүүлж байв. Хоёр жилийн дараа герман үндэстэн Макс Шмелинг хэмээх “зоригтон” тодорсон боловч Жеймсийн хүнд нударгыг даасангүй. 1937 оны зургадугаар сарын 22-нд шинэ од Жо Луисаас түүнд урилга ирлээ. Тэд 250 мянган ногооны төлөө тулалдсан нь Шмелингтэй халз үзэлцэх үеийнхээс даруй арав дахин их бооцоо бөлгөө. Их аварга ялсан ч ялагдсан ч нийт мөнгөний 90 хувийг авна гэсэн гэрээ байгуулж байснаас үзэхэд тэр үеийн Америкт Жеймс Брэддок ямархуу нэр хүндтэй байсны нотолгоо буюу. Нью-Йоркт болсон тулааны нэгдүгээр раундад Жеймс өрсөлдөгчөө нокдаунд оруулсан ч наймдугаар үед өөрөө хүнд цохилтод өртөн хожигдсон юм. Брэддок бокс тоглож эхэлснээс хойш анх удаа нокаутанд орсон нь энэ байлаа. Энэ “зодоон”-ы дараа ахин нэг тоглолт хийгээд 1942 онд Жеймс боксоо орхисон юм.

                       

Зодог тайлсан ч гэсэн боксоосоо хөндийрсөнгүй, армид гардан тулааны хичээл зааж байв. Дэлхийн II дайны дараа цэргээс халагдан ирээд тэрбээр бизнесийн салбарт хөл тавьж амжилт олж байв. 1974 оны арваннэгдүгээр сарын 29-нд Жеймс Уолтер Брэддок 69 насандаа таалал төгсчээ. Амьдралын хүнд хэцүүг сөрөн амжилт олж болдгийг өөрийн биеэр үлгэрлэсэн түүнийг “Ринг” сэтгүүл Америкийн бүх үеийн шилдэг 10 боксчны нэгээр нэрлэж, 2001 онд “Алдрын танхим”-д нэрийг мөнхөлсөн юм.