m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 04:39
44
Мумбайд сонгуулиа өгөөд үнэгүй пицца иджээ

Энэтхэг улсад энэ сарын 7-оос ирэх сарын 12 хүртэл Ерөнхий сонгууль явагдаж байгаа бөгөөд түүхэн дэх хамгийн том сонгуульд тооцогдлоо. Учир нь тус улсад сонгууль өгөх боломжтой 814 сая хүн байгаа гэнэ. Мөн энэхүү сонгууль нь хамгийн удаан үргэлжилж байгаа, хамгийн их зардал гаргасан сонгууль болж байна. Сонгуулий үеэр нийт 500 гаруй сая ам.доллар зарцуулж байгаа бөгөөд сар гаран үргэлжилж байгаа юм.

Өчигдөр Мумбай хотын иргэд саналаа өгсөн байна. Тэд сонгуульдаа маш идэвхитэй оролцжээ. Учир нь  сонгууль өгч гартаа цэнхэр тэмдэг тавиулсан иргэдэд зарим үйлчилгээний байгууллагууд үнэгүй болоод хөнгөлөлттэй үнээр үйлчилсэн аж. Тухайлбал, Валино хэмээх паб сонгуулиа өгөөд ирсэн хүнд үнэгүй уух юмаар үйлчилсэн бол Сахара Стар, Бомбэй Блю зэрэг дөрвөн ресторан 15 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Олон салбартай зайрмагны үйлчилгээ бүтээгдэхүүнээ 50 хувь хямдруулсан бол Вүүдсайд Инн пицца нэгийг авбал нэгийг үнэгүй өгч байжээ. Харин сонгуулийн үеэр архи согтууруулах ундаа зараагүй бөгөөд сонгуулийн дараа хэвийн зарж эхэлсэн байна.

Өнөөдөр 180 сая хүн сонгууль өгч буй бөгөөд Тамил Наду, Махараштра мужуудад Лок Сабха танхимын 117  нэр дэвшигчийг сонгох гэнэ. Сонгуулийн аюулгүй байдлын хувьд 190 гаруй мянган сонгуулийн байруудад цагдаа болоод аюулгүйг байдлыг сахиулагчдыг байршуулжээ.

Г.Төгөлдөр